Jump to content

Даргач

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Даргач (Монгол бичиг:ᠳᠠᠷᠤᠭᠠᠴᠢ, галиг: darughachi) нь Монголын эзэнт гүрний үед эзлэгдсэн газар нутгийн хот суурин, бүс нутгийг захирагч төлөөний түшмэлийг хэлнэ. Үгийн гарал дарах, дарангуйлах гэсэн үгээс гаралтай. Даргачийг хятадаар 達魯花赤 (da lu hua chi), түрэг угсаатнууд баскак гэдэг байжээ. Түүхэнд тэмдэглэгдснээр анхны даргач нарыг 1211 оноос эхлэн Алтан улсын эзлэгдсэн болон дагаар орсон хот сууринд томилж байснаа, Монголын байлдан дагуулалт өргөжих тусам Хорезм, Хар Кидан, Тангуд, Курё зэрэг газарт тавих болжээ. Даргач нар нь Монголд эзлэгдсэн болон хараат болсон улс орны иргэдийг захиран засаглах, хаад ноёдыг нь хянах, хүн амын тооллого явуулах, алба татвар оногдуулах, цэрэг татах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байв.

Чингис хааны үеэс эхлэн шинээр элсэн дагасан улсуудаас “Зургаан зүйл (六事)” гэгчийг шаарддаг байсны нэг нь даргач талбих явдал байжээ. Энэхүү “Зургаан зүйл” нь

  1. Данж барих (納質)
  2. Цэргээр туслах (助軍)
  3. Амуу нийлүүлэх (輸糧)
  4. Өртөө байгуулах (設驛)
  5. Өрхийн цэсийг өргөх (供戶數籍)
  6. Даргач талбих (置達魯花赤) гэсэн 6 зүйлийн шаардлагыг хэлэх боловч, зарим үед өртөө байгуулахын оронд “эзэн ван нь [Монгол] гүрэнд биеэр бараалхах (君王親朝)” гэсэн зүйл орох нь ч буй. Дээрх шаардлагуудыг хэрэгжүүлэх гол субъект нь даргач байсан бололтой.[1]

Их Монгол Улсын эхэн үеийн даргачийг зөвхөн эзлэгдсэн газар орны болон хараат улсын нийслэл хот, томоохон хот суурин, нөлөө бүхий хаад ноёдын дэргэд суулгадаг байснаа, Юань улс болон бусад Монголын хаант улсуудад дунд болон доот шатны гар урчууд, тариачны хот тосгонд даргач томилох болжээ.

Юань Улсын даргач

[засварлах | кодоор засварлах]

Юань Улсад Төвлөн засах яам (中書省) зэрэг дээд шатны байгууллагад даргачийг тавихгүй, харин түүний харьяа байгууллага болох газар, хэлтэс зэрэгт даргач тавьдаг байв. Орон нутгийн засаг захиргааны хувьд чөлгө (路)-гөөс эхлээд фу (府), чжоу сянь (州縣) гэсэн хамгийн бага нэгжид хүртэл даргачийг тавьж байжээ. Ингэж томилохдоо заавал монгол хүн байх буюу заримдаа монголчуудын итгэлийг олж, монгол нэртэй болсон өнгөт нүдтэн, курё, хятад хүн байх явдал түгээмэл байсан. Хааны ургийн ван, хүргэн, гавьяат сайд түшмэлд хуваан олгосон соёрхолын газар (投下) хэмээх эзэмшилд мөн адил даргач тавин захируулж байв. Тус газрын эзэн нь эзэмшил бүртээ өөрийн төлөөний хүн болох даргачийг нэр дэвшүүлэн, төв засгийн газар түүнийг нь батламжлдаг байв. Тэдгээр нь төв засгийн газраас томилсон орон нутгийн захирагчийн хамт “хоёр толгойт тогтолцоо” бүхий орон нутгийн байгууллагыг байгуулж, хамтдаа суудаг байжээ.[2]

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]
  1. https://mongoltoli.mn/history/h/362
  2. https://mongoltoli.mn/history/h/362