Jump to content

Жорж Шульц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жорж Шульц

Жорж Прэтт Шульц (англи. George Pratt Shultz, 1920 оны 12-р сарын 13-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн- 2021 оны 2-р сарын 6-нд АНУ-ын Калифорни мужийн Стэнфордод нас барсан)- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан америкийн Төрийн болон улс төрийн зүтгэлтэн.

Тэрээр 1920 онд Нью-Йорк хотод төрөөд 1938 онд Коннетикутад "Loomis Chaffee School" дунд сургууль төгссөн. Үүний дараа Принстоны Их сургуульд сурч 1942 онд төгссөн.

Их сургуулийн дараа 1945 он хүртэл АНУ-ын усан цэргийн ангид алба хааж ахмад цол хүртсэн байна.

1949 онд Массачусетсын технологийн хүрээлэнд /дээд сургууль/ Доктор буюу PhD эрдмийн цол хамгаалсан.

Хавайд алба хааж байхдаа эхнэр Елена Мария О’Брайен (Helena Maria "Obie" O’Brien, 1915—1995) -тай танилцсан. Тэд 5 хүүхэдтэй болсон.

Тэрээр 1969-1970 онд Ричард Никсоны засаг захиргаанд хөдөлмөрийн сайдаар ажиллаж, улмаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Удирдлага, төсвийн албаны дарга болжээ. Мөн 1972 оны 5 сараас 1974 оны 5-р сар хүртэл Сангийн сайдаар ажилласан.

1974 онд төрийн албыг орхиж "Bechtel" корпорацын захирал болсон.

1982 оны 7-р сарын 16-нд Ерөнхийлөгч Роналд Рейган түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ. Зарим хүмүүс түүнийг гадаад бодлогод “харанхуй” гэж үздэг байсан. Нөгөөтэйгүүр, Шульц АНУ-ын Никарагуа руу довтлохыг тууштай дэмжиж байсан бөгөөд Даниел Ортегагийн засгийн газартай хэлэлцээр хийхийг эрс эсэргүүцэж байсан.

Тэрээр 1982 оны 11-р сарын 15-нд ЗХУ-ын Москва хотод болсон Л.И.Брежневийг оршуулгын ёслолын ажиллагаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жорж Буштай хамт оролцсон. Хамгийн урт насалсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга гэгддэг.