Jump to content

Жотойн Гэлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жотойн Гэлэг (1921 -1996) нь Монгол улсын начин цолтой бөх юм.

Тэрээр Увс аймгийн Ховд сумын Ачит багийн Хар ус гэдэг газар 1921 онд төрсөн

1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дөрвийн даваанд улсын заан Балбарыг, 5-ын даваанд дархан аварга Ш.Батсуурийг 2 түрүүлээд 1 үзүүрлэсэн ид байхад барьцгүй тойгдох мэхээр даван “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртжээ. Энэ наадмын дөрвийн даваанд Балбар зааныг зөвхөн сэнжигний барьцнаас дүүгүүрдэн эргүүлж сунган шидсэнд ид байсан Батсуурь аварга харж зогссоноо “Унасан ч урамтай унамаар юм байх чинь, Увсын Гэлэгийг над дээр тавьчих” гэж хэлсэн гэдэг. Уг наадмын 7-гийн даваанд улсын арслан Самданжигмэдтэй барилдаж байгаад нүдээ гэмтээж, эмчийн магадлагаагаар барилдаагүй аж. Түүнээс хойш улсын наадамд дахиж ирж оролцоогүй юм.

Хүүхэд насандаа МАА эрхлэж байгаад цэрэгт татагдаж Дорнод аймгийн Тамсагийн дивизэд алба хааж байхдаа Дорнод аймгийн бүх ард түмний спартакиадын тойргийн барилдаанаас аймгийн заан цолтой болсон. Цэргээс ирээд сумандаа урлаг соёл хариуцсан ажилтан, багийн дарга, ХБА-ийн дарга зэрэг алба хашиж байсан. 1945 онд АХ-ын 24 жилийн ойгоор Увс аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. 1946 онд улсад барилдаж дөрвийн даваанд Б.Түвдэндорж аваргад өвдөг шорооджээ. 1947 онд улсын начин Цэдэнбалжирыг давж 2 дахь удаагаа Увсад түрүүлж, мөн 1948, 1949 онд дараалан түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн.

Ж.Гэлэг начинг улсын цолтнууд “ Увсын суйлдаг нарийн хөх” гэж нэрлэдэг байв. Тэрээр Увс аймагт 4 түрүүлж, 2 үзүүрлэсэн, Ховд аймагт нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн, Баян-Өлгий аймагт нэг үзүүрлэсэн алдарт бөх. Энэ үед нь Тэс сумаас машин эрчүүд ирж Дөрвөдийн ганц Гэлэгээ үлдлээ гээд буцдаг байсан гэх яриа бий. Аймгийн наадмуудад барилдсан эдгээр жилүүддээ (9 жил) түүнийг улсад барилдсан болоосой гэж харуусах хүн олон бий.

Түүний хоёр хүү нь мөн улсын цолтой бөхчүүд болно (улсын начин, дэд доктор Г.Даваасамбуу, улсын харцага Г.Намсрайжав). Мөн хүү нь аймгийн заан Г.Дансран, ач нь Монгол үндэсний бөхийн Улсын дархан аварга, Жүдо бөхийн Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ, сумо бөхийн дэлхийн аварга Н.Батсуурь, зээ нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай юм.