Звиад Гамсахурдиа
Звиад Константинес Гамсахурдиа (гүрж. ზვიად კონსტანტინეს ძე გამსახურდია, Звиа́д Константи́нес дзе Гамсаху́рдиа; 1939 оны 3-р сарын 31-нд ЗХУ-ын Зөвлөлт Гүржийн Тбилиси хотод төрсөн— 1993 оны 12-р сарын 31-нд Гүрж улсын Хобис мужийн Дзвели Хибула тосгонд нас барсан)- Гүржийн нийгэм, улс төр, төрийн зүтгэлтэн, зохиолч, эрдэмтэн, утга зохиол судлаач, тэрс үзэлтэн, үндсэрхэг үзэлтэн, филологийн шинжлэх ухааны доктор. Гүржийн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга (1990-1991), Бүгд Найрамдах Гүрж Улсын анхны Ерөнхийлөгч (1991-1992).
Тэрээр Зөвлөлт засгийн тэрс үзэлтэн байсан бөгөөд төрийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан. 1990 онд Гүржийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийг тэргүүлж, дараа жил нь Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ үеийн Гамсахурдиагийн нэр нь Гүрж улсын тусгаар тогтнол тунхаглахтай салшгүй холбоотой. Мөн энэ үеэр Гүрж-Абхаз, Гүрж-Өмнөд Осетийн мөргөлдөөн эхэлж улсад улс төрийн дотоод тогтворгүй байдал үүссэн юм. 1992 оны 1-р сард төрийн эргэлт болж Гамсахурдиа Гүржээс зугтаж, цөллөгт байсан. 1993 оны намар баруун Гүржид цөллөгт байсан Засгийн газрыг тэргүүлж, төв засгийн газар болон түүний дэмжигчдийн хооронд иргэний дайн дэгдэж тэд ялагдсан байна. Засгийн газрын цэргүүдээс нуугдаж байсан Гамсахурдиа 1993 оны сүүлээр Дзвели Хибула тосгонд тодорхойгүй нөхцөл байдалд нас барсан бөгөөд түүний үхлийн мөрдөн байцаалт өнөөг хүртэл үргэлжилж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Звиад Гамсахурдиа 1939 оны 3-р сарын 31-нд Тбилиси хотод Гүржийн зохиолч Константин Симонович Гамсахурдиа (1891-1975), Миранда (Матико) Палавандишвили нарын гэр бүлд төржээ. Түүний эцэг Гамсахурдиа овогт язгууртан, эх Палавандишвили хэмээх хунтайжийн удмын хүн байжээ.
Тэрээр Тбилисийн 47-р сургуульд суралцаж, 1954 онд Звиад Гамсахурдиа, Мераб Костава нар “Горгасляни” нууц залуучуудын байгууллагыг байгуулжээ. Звиад Гамсахурдиа 11-р ангийн сурагч байхдаа 17 настайдаа Мераб Костава болон тус залуучуудын байгууллагын бусад гишүүдийн хамт 1956 оны 3-р сарын 5-9-нд Тбилиси хотод болсон үйл явдалд (И.Сталин нас барсаны дараа Н.Хрущёв түүнийг буруутгаж харлуулла хэмээн гүржийн ард түмэн бослого гаргасан үйл явдал) оролцож байжээ. Үүнээс хойш тэрээр ЗХУ-ын КГБ-ын хяналтад орж, 1956 оны 12-р сарын 14-нд байгууллагынхаа зургаан гишүүний хамт баривчлагдан эрүүгийн хэрэгт татагдаад тэнсэн ял авсан байна. 1958 онд Звиад коммунизмын эсрэг уран зохиол тараасан хэргээр баривчилж 6 сар сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлжээ.
Гамсахурдиа 1961 онд Тбилисийн Улсын Их Сургуулийн Баруун Европын хэлний анги төгсч хэлзүйч мэргэжилтэй болсон.
Тэрээр 1970-аад оны эхэн үеэс Гүржийн зохиолчдын эвлэлийн гишүүн болоод 1977 онд Гүржийн Зохиолчдын эвлэлийн гишүүнчлэлээс хасагдсан байна.
1974 оноос хойш тэрээр Москвагийн хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй холбоо тогтоож, Гамсахурдиагийн ачаар "Одоогийн үйл явдлуудын он тоолол" хүний эрхийн эмхэтгэлд Гүржид болсон үйл явдлын талаарх мэдээллийг тогтмол нийтэлж эхэлсэн байна. Тэрээр мөн 1974 онд Гүржид байгуулагдсан Гүржийн Хүний эрхийг хамгаалах санаачилгын бүлгийг үүсгэн байгуулагч, олон тооны "өөрөө хэвлэл" буюу самидатад бүтээлээ хэвэлжээ. "Эмнести Интернэшнл" олон улсын төрийн бус байгууллагын Зөвлөлтийн бүлгийн гишүүн байсан.
1975 онд Гамсахурдиа Гүржийн урьдчилан хорих ангиудад эдийн засгийн хэргээр мөрдөн байцаагдаж буй хүмүүсийг эрүүдэн шүүж байсан тухай тайлангаа самиздатад нийтэлж байжээ.
1977 оны 4-р сарын 7-нд түүнийг Мераб Костава-гийн хамт баривчилсан байна. Мөн онд Звиад Гамсахурдиа гэмшсэн тухай мэдэгдэл телевизээр хийжээ. Гэм буруугаа олны өмнө хүлээсэний төлөө хөнгөн ял авсан юм. 1978 оны зун Гамсахурдиаг Дагестаны Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс руу хоёр жил (бусад эх сурвалжийн мэдээллээр - гурван жил) цөллөгт явуулжээ.
1978 онд түүнийг Америкийн хэсэг конгрессменүүд Мераб Коставатай хамт Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн ч тэр жил Израилийн Ерөнхий сайд Менахем Бегин, Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат нар Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна.
ЗХУ-д "Өөрчлөн байгуулалт" эхэлсний дараа Гамсахурдиа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, "Дугуй ширээний чөлөөт Гүрж" блокийн удирдагч болжээ.
Тэрээр 1989 оны 4-р сарын 9-ний шөнө Абхаз, Осетийн болон Зөвлөлтийн эсрэг олон өдрийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг байсан (18 хүн үймээн самуунд өртөж нас барсан). Тбилисийн үйл явдлын дараа Гүржийн ЗСБНХУ-ын дарга Зураб Чхеидзе тэргүүтэй засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрч, Гүржийн ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жумбер Патиашвили мөн огцорч, Гүржийн прокурорын газар Звиад Гамсахурдиа, Мераб Костава, Георгий Чантуриа нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 1990 оны 2-р сарын 5-нд "нөхцөл байдлын өөрчлөлтийн улмаас" хэргийг хаажээ.
1990 оны 10-р сарын 28-нд Гүржийн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн анхны ээлжит сонгууль болж, Звиад Гамсахурдиагийн үндсэрхэг үзэлтнүүд ялалт байгуулсан байна.
Тэрээр 1990 оны 11-р сарын 14-нд Гүржийн Дээд Зөвлөлийн даргаар сонгогдов. Энэ чуулганы шийдвэрээр Гүрж тусгаар тогтнолоо сэргээх хүртэл шилжилтийн үеийг зарлаж Бүгд найрамдах улс нэрээ "Бүгд Найрамдах Гүрж" болгон өөрчилсөн. Бүгд Найрамдах Ардчилсан Гүрж улсын шинэ төрийн далбаа сүлдийг баталсан.
Бүгд Найрамдах Гүрж Улсын "Ард нийтийн санал асуулгын тухай" хуулийн дагуу 1991 оны 3-р сарын 31-нд Гүрж улсын тусгаар тогтнолыг сэргээх тухай бүх нийтийн санал асуулга явагдсан бөгөөд үүний үр дүнд 98.93 хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгсөн (90 % ирцтэй). 1991 оны 4 -р сарын 9-ний 12:30 цагт Гүржийн дээд зөвлөл Гүржийн төрийн тусгаар тогтнолыг сэргээх тухай хуулийг баталсан байна.
1991 оны 4-р сарын 14-нд Дээд Зөвлөлийн анхдугаар чуулганы шуурхай хуралдаанаар Звиад Гамсахурдиаг тусгаар тогтносон Гүрж улсын анхны ерөнхийлөгчөөр сонгов. Мөн оны 5-р сарын 26-нд Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль болж, 6 нэр дэвшигч дундаас 87 % хувийн санал авч Звиад Гамсахурдиа ялалт байгуулжээ.