Jump to content

Кокандын хант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кокандын хант улс (1860 он)

Кокандын хант улс (цагаад. خوقند خانليغى‎) —1709-1876 онд өнөөгийн Узбекистан, Тажикистан, Киргиз, өмнөд Казахстаны нутагт үзбекийн Минг (монгол "мянга" үгнээс гаралтай) угсааныхны удирдлага дор оршиж байсан улс.

Кокандын хант улс нь Бухарын хант улс (Бухарын эмират) болон Хорезмын хамт Төв Азийн узбек гурван улсын нэг байсан юм.

18-р зууны эхэн үед Төв Азийн ихэнх хэсгийг хамарсан Бухарын хант улс уналтанд орсон. Энэ улс задралд орж хуваагдаад Балх, Бадахшан болон Кокандын хант улс бий болжээ.

Узбекийн Минг угсааны анхны захирагч нь Шахрух-Би юм. Эхэндээ тэрээр Бухарын хаан Абулфейз хаанаас түүнд олгосон удирдагч цолыг эзэмших болжээ. Мингуудын бусад Узбек овог аймгуудаас тооны хувьд давуу байдал нь бүс нутгийн дээд эрх мэдэлд хүрэх боломжийг олгосон. Шахрух-Би удирдагчаар сонгогдсон нь санамсаргүй хэрэг биш юм. Тэрээр цэргийн авьяастай, бие бялдрын хувьд ер бусын хүчтэй байсан. Тепакурган-ыг шинэ улсын нийслэлээр түр сонгосон байна. Энд цайз, зах, шинэ хорооллууд баригдсан юм.

Абдурахим-Би бол эцгийгээ нас барсны дараа хаан ширээнд суусан Шахрух-Би-гийн ууган хүү байв. Түүний хаанчлалын үед Хожент, Андижан хотууд Кокандын хант улсын нэг хэсэг болжээ. Абдурахим-Би Самаркандыг эрхшээлдээ оруулахыг оролдсон бөгөөд Узбекийн Кенагас овгийн Шахрисабзийн захирагчидтай холбоотон болжээ. 1732 онд Абдурахим-Би Самаркандыг эзэлж Кокандын хант улсын нийслэл болсон байна. Шинэ хотод цайз барьж, тохижилтын ажил хийсэн байна.

Худояр ханы ордон

Абдукарим-Би 1734 онд нас барсны дараа Кокандын хант улсын эрх мэдлийг түүний отгон дүү Абдурахим-Би өвлөн авчээ. 1740 онд тэрээр Кокандыг тойруулан шинэ хэрэм бариулсан бөгөөд хожим нь Зүүнгарын хант улсын довтолгооноос хотыг хамгаалахад хэрэг болжээ.

1740 онд Казахын Толе-Би Зүүнгараас мултрахын тулд хамаатан садныхаа хамт Абдукарим-Би рүү зугтав. Зүүнгарын удирдагч Галдан-Цэрэн хан түүнийг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч Абдукарим-Би Зүүнгарын элч нарыг хөөн гаргажээ.

1745-1747 онд Кокандын хант улс Зүүнгарын түрэмгийлэлд өртөж, Ош, Андижан, Маргилан хотоо алдаж Коканд хот бүслэлтэнд орсон байна. Эгзэгтэй мөчид Абдурахим-Би цэргийн зохион байгуулагчийн авьяас чадвараа харуулж дайснаа нийслэлээс хөөж гаргаж чаджээ. Зүүнгарын хант улсын түрэмгийлэл нь улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулжээ.