Монгол хоол
Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж нүүдлийн соёлоор амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг жимс ногоо болон сүүлд таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.
Монгол хоолны зүйлийг үндсэндээ махан хоол, цагаан хоол, ногоон хоол гэж гурав ангилж болно.
Уламжлалт ангилал
[засварлах | кодоор засварлах]Монгол идээ зоогийг ерөнхийлөн тав ангилдаг. Үүнд:
- Цагаан идээ
- Махан идээ
- Гурилан идээ
- Амтат идээ
Монголын ард түмэн таван хошуу малын сүү шимийг боловсруулж цагаан идээг бэлтгэнэ. Цагаан идээнд ааруул, бяслаг, өрөм, тараг,аарц, ээзгий, цагаан тос, шар тос, айраг, ээдэм зэрэг багтана. Эдгээрийг боловсруулах арга ухаан маш нарийн, өвөрмөц юм. Үхэр, ямаа, хонины сүүг саагаад, хөөрүүлснийг болсон сүү гэнэ. Болсон сүүг бүлээсгээд, хөрөнгө хийж, модон болон паалантай саванд хийж хучаад 3-4 цаг болгож тараг бүрнэ. Гүүний сүүг дор хаяж 4000-5000 удаа бүлж исгээд, хөхүүрийн шинэ айраг ууна. Хонь, ямаа, үхрийн аль нэгний болсон юм уу түүхий сүүг хөрөнгөөр ээдүүлж, шар ус шүүрэх даавуунд ороож боогоод, хоер хавтгай модны завсар хавчиж шахаад 3 цаг орчим болсны дараа бяслаг бэлэн болно. Цагаан идээний нэр төрөл нэн олон.
Улаан идээ
[засварлах | кодоор засварлах]Монголчууд таван хошуу мал, амьтаны махыг чанах зэргээр болгож хийсэн хоолыг хачрын хамтаар улаан идээ гэнэ. Махан хоол дотроо бүхэл мах, толгой шийр, хар шөл, хярамцаг, бууз, хуушуур, банш г.м олон нэр төрөлтэй. хамгийн хүндтэй зоогт ууц орно. Ууц гэдэг нь сүвээний хоер хавиргыг оролцуулан, нуруу, ууцны хэсэг, өөхөн сүүл бүхэлдээ багтаж, нямбайлан огтолж бэлтгэснийг хэлдэг.
Гурилан идээ
[засварлах | кодоор засварлах]Хэвийн боов, боорцог, нарийн боов, гамбир, бин, шарвин, хуймаг, түргэн цагаан зэрэг орно. Хот суурин газарт жигнэсэн боов, харин малчид боорцог гол төлөв хэрэглэнэ. Цагаан сар, хурим найр, баяр ёслолын үед хэвийн боовыг хүндэтгэлийн ширээнд 9-21 ул боовоор 3-9 үе өрсөн идээ засна.
Амтат идээ
[засварлах | кодоор засварлах]Амтат идээнд хатуу чихэр, зөөлөн чихэр, сармай дээлт, жигнэмэг, шагшуур, бялуу зэрэг орно.
Махан хоол
[засварлах | кодоор засварлах]Махан хоол гэдэг бол давс, сонгино, саримс зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай.
Тураг мах
[засварлах | кодоор засварлах]Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно.
Дотор мах
[засварлах | кодоор засварлах]Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор зэрэг орно.
Хатаасан мах буюу Борц
[засварлах | кодоор засварлах]Үхрийн махыг намрын адаг сард хүнс бэлдэх үеэр хөлдүүгээр хадаглаад хавар хатааж борцолдог. Халуунд хадгалахад хялбар бөгөөд аян замд муудахгүй удаан хадгалж, чанараа алдадгүй онцлогтой.
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]Махан хоолны төрлөөс шалтгаалж хийх арга дор бүрдээ өвөрмөц байдаг.
- Тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давс, сонгино, саримс, халуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно.
- Битүү хоолонд: бууз, хуушуур зэрэг
- Шөлтэй хоолонд: борцтой шөл, гурилтай шөл зэрэг
Монголчуудын дунд дээр дурдсан махан хоолууд нь түгээмэл байдаг.
Цагаан хоол
[засварлах | кодоор засварлах]Цагаан хоол гэж цагаан идээ буюу ааруул, хурууд, ээзгий, айраг цэгээ, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн орно.
Ногоон хоол
[засварлах | кодоор засварлах]Ногоон хоол гэж зөвхөн жимс жимсгэнэ, нарийн ногоо, сонгино, мангир, таана, гоньд, будаа, буурцаг, шош зэрэг ногоон ургамлаас бүрдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлнэ.