Jump to content

Монголын Үндэсний Олимпын Хороо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(МҮОХ-с чиглүүлэгдэв)
Монголын Үндэсний Олимпын Хорооны лого

Монголын Үндэсний Олимпын Хороо ("Монголын Үндэсний Олимпийн Хороо" гэх, дүрмийн алдаатай нэрийг албан ёсоор хэрэглэдэг) нь Монгол улсад олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

Монголын Үндэсний Олимпын Хороо нь анх МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 2-р сарын 6-ны өдрийн хамтарсан 43/37 тоот тогтоолоор МҮОХ-г байгуулагдсан байна. Монголын Үндэсний Олимпын хороо нь олимпын хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр, залуу үеийг олимпын үзэл санаагаар хүмүүжүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын хорооны гишүүнээр элсэх хүсэлтээ 1960 онд илэрхийлж, Москва хотноо 1962 онд хуралдсан Олон Улсын Олимпын Хорооны 60-р чуулганаар МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээр элсүүлэн авчээ. МҮОХ нь Азийн Олимпын зөвлөл /ОCA/, Үндэсний Олимпын Хорооны холбоо /ANOC/, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Ази номхон далайн орнуудын чуулган /APOSA/-ы бүрэн эрхт гишүүн юм.

МҮОХ нь Олон Улсын Олимпын Хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм. МҮОХ нь Олимпын наадам, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг. 1964 оноос эхлэн Олимпын наадамд тамирчдаа илгээжээ.

МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг.

2022 оны 3-р сарын 28-ны өдөр болсон Монголын олимпын чуулганаас МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Батболдын Баттүшиг сонгогдсон. Жил бүрийн 6-р сарын 23-нд ОУОХ-той хамтран "Олимпын өдөр"-ийг уламжлал болгон тэмдэглэдэг.

Биеийн тамир спортыг хөгжүүлэх, Олимпын хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүсийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн заригаар МҮОХ-ны дээд шагнал "Олимпын Алтан-Од" одон, "Алтан очир" одон, "Олимпын алдар", "Дурсгалын алтан медаль"-иар шагнадаг.

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчид

[засварлах | кодоор засварлах]
  • ДОВЧИНГИЙН ЯДАМСҮРЭН (1956-1966)
  • НАМЖИЛЫН НОРОЛХОО (1966-1975)
  • ШАГДАРЖАВЫН МАГВАН (1975-1981)
  • ГОМБЫН ДАМДИН (1981-1984)
  • ДАВААГИЙН ДАШДОВДОН (1984-1988)
  • ГАЛСАНГИЙН ДАШЗЭВЭГ (1988-1990)
  • СОСОРБАРАМЫН БОЛД (1991)
  • САМДАНДОРЖИЙН ЖАМЦ (1991-1996)
  • ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ (1996-2001)
  • ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН (2001-2019)

Албан ёсны цахим хуудас