Шагдарын Отгонбилэг

Шагдарын Отгонбилэг
Төрсөн 1952.02.01
Завхан аймгийн Дөрвөлжин сум
Нас барсан 2001.01.14
Увс аймгийн Малчин сум
Үхлийн шалтгаан нисдэг тэргийн осол
Яс үндэс Халх
Үндэстэн Flag of Mongolia.svg Монгол Улс
Боловсрол Дээд
Төгссөн сургууль Эрхүү хотын Политехникийн их сургууль
Ажил Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал
Байгууллага Эрдэнэт үйлдвэр, УИX-ын гишүүн
Хэргэм Шинжлэх ухааны доктор
Эхнэр (нөхөр) Данзандаржаагийн Туяа
Хүүхэд Отгонбилэгийн Содбилэг
Шагнал Монгол улсын хөдөлмөрийн баатар (1996)

Шагдарын Отгонбилэг (* 1952.02.01 Завхан аймгийн Дөрвөлжин сум; † 2001.01.14 Увс аймгийн Малчин сум) нь монголын инженер, улс төрч бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Шагдарын Отгонбилэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 1952 оны луу жил төржээ. Ш.Отгонбилэгийн аав нь ардын хувьсгалын анхны партизануудын нэг бөгөөд хожмоо намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж  явсан Гэцэгжавын Шагдар хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байлаа.

Ш.Отгонбилэгийн ээж нь Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын саальчин бүсгүй байв.

Тэр Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн, аавтайгаа Улаанбаатар хотод ирж, 21 дүгээр сургуульд орж, сурлага урлаг спортоор онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай төгссөн байна.

1970 онд Эрхүү хотод суралцахаар явжээ. 1976 онд сургуулиа онц дүнтэй төгсжээ.

1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр дүүргэсэн Дорноговь аймгийн  харьяат Данзандаржаагийн Туяа бүсгүйтэй хуримаа хийв.

Ш.Отгонбилэгийнх ууган хүү О.Содбилэг, удаах нь О.Одмаа охин байлаа.

1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн засаг зах зээлд  шилжин хямралд орсон  үе байлаа.

Эрдэнэтийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан юм.

Ш.Отгонбилэг 1996 оны 11 сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн дурдсан байдаг. Тус сургуулийг 2001 онд  “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль” болгосон.

2001 онд зудад нэрвэгдсэн малчдад туслахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар осолдон нас баржээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол
  • Сүхбаатарын одон
  • “Алтан соёмбо” тэмдэг