Jump to content

Дөрвөлжин сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дөрвөлжин сум
ᠳᠥᠷᠪᠡᠯᠵᠢᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Газар нутаг
  Нийт7,260 км2 (2,800 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,256
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалBWk

Дөрвөлжин нь Завхан аймгийн сум юм.

Дөрвөлжин сум нь 1931 онд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран Завхан аймагт харьяалагдан байгуулагджээ. Дөрвөлжин сумын уг үүтгэл болох Сарт гол Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан бөгөөд 1931 оны засаг захиргааны их өөрчлөлтөөр Сэцэн Сарт-Уулын хошууны Дөрвөлжин, Буурал сумдыг нэгтгэн Таван толгойд 8-н баг, 265 км нутагтай, анхны хоршооны салбар нэгтэйгээр байгуулан сумын даргаар Жавзанжав (эмэгтэй) нарийн бичгийн даргад Б.Довчин, бичээчээр Г.Довчинжамц нарыг сонгожээ. Энэ үед сум нь 8-н баг, 500 шахам өрх, 1500 орчим хүн ам, 60-аад мянган малтай байв.

Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дунджаар 35-40 хэм хүйтэн, зуны улиралд дунджаар 30-35 хэм дулаан, ихэвчлэн хуурай уур амьсгалтай, жилд унах хур тунадасын хэмжээ дунджаар 38,1 мм. Тус сумын нутагт Дааган дэл, Шүүт, Аргалын ар, Бүрчигтий, Их бага Буурал, Талын хар, Хангай уул, Баян айраг, Баян улаан, Зүр, Буга зэрэг уул толгод, Хом, Сарын тал гэсэн өргөн хөндий, Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шанд, суль, түнгэ, шаваг, хөмүүл, таана, баглуур, бударгана, цагаан өвс, хамхуул, цахилдаг, харгана, агь, гогод, гонид, дэгд, чихэр өвс, гоёохой, тарваган шийр, тэмээн хөх, суль, сульхир, хармаг чацаргана, барагшин зэрэг өвс ургамал, үнэг, туулай, мануул, өмхий хүрэн, янгир, цагаан зээр, хар сүүлт, зэгсний гахай, аргаль, ондатор, суусар, ёл, хойлог, тоодог, тогоруу, тас, үрэвтас, хун, хотон зэрэг ан амьтадтай. Байгалийн үзэсгэлэнт Зүрийн сэнжит хад, Дөш овоо, Тайх хангай уул, Нумтын ганц буйлаас, Сар хайрхан уул, Чандмана толгой, Буурлын цагаан овоо, Могойн хэвтэр чулуу, Дөрвөлжингийн Шар хадны хонгил, Мөнгөт хясаа, Алтан манх, Дуут манх зэрэг газар түүхийн дурсгалт Дашдондовын овооны цогцолбор дурсгал, Сар хайрхан уулын дурсгал, Дааган дэл уулын буган хөшөө, Эмээлтийн хадны зураг, Их мааньтын хадны зураг, Их буурлын худгийн амны хадны зураг, Олон индэртийн хадны зураг, Сультын хиригсүүрүүд, Буга хайрханы цогцолбор дурсгал, Туулайтын улаан хадны зураг, Зүрийн хадны зураг, Улаан овооны дор орших буган хөшөө, Цагаан замын буган хөшөө, Олон овооны буган хөшөө, Баян айраг уулын хадны зураг, Шар хадны энгэрийн хүн чулуун хөшөө, Бага буурлын түшмэлийн өвөлжөөний хадны зураг, Буурал уулын зүүн талд орших эртний хотын туурь, Цагаан оломын манж цэргийн суурингийн туурь, Зүрийн бичигт хөшөө, Олон овооны арын хүн чулуун хөшөө, Бүдүүн цагааны хадны зураг зэрэг дурсгалуудыг өгүүлэхгүй байхын аргагүй. Байгалийн энэхүү бүс нутагт анхнаасаа МАА үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн байна.

1932-1950-иад оны дунд үе хүртэл тус сумын хүн ард гол төлөв МАА эрхэлэн ардын аж ахуйтны байдлаар оршин амьдарч байсан бөгөөд энэ үед мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн мянга гарган тоолуулж БНМАУ-ын сайн малчны болзол хангаж байсан Б.Дорлиг, Д.Дарам, Г.Дагваа, Г.Дагва, А.Чилхаажав, Э.Буринаа, Д.Магсаржав, М.Ишжамц, Х.Хүүхэн, О.Цэндсүрэн нарын малчид төрөн гарчээ.

1950-иад оны дунд үед өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөн Дөрвөлжин сумыг тойрон өнгөрсөнгүй, 1955 оны IV сарын 24-нд тэр үед сумын төв байсан Таван толгойд III, V, VI багийн У.Санжмямтав, Д.Магсар, Юнрэн, С.Зунруй, До.Даваасүрэн, Н.Сэрээтэр, Ч.Содномдаржаа, Гя.Шагдар, Ц.Буньшар, Т.Сумъяа, Ч.Аюур, Ц.Баяртогтох, Ч.Бямбажав нарын 24-н өрхийн 67-н хүн хуралдан 2258 толгой мал, 9-н тэмээний хом, 465 төгрөгний үндсэн хөрөнгө бүхий “II таван жил” хэмээх нэгдлийг байгуулан даргаар Д.Магсарыг сонгосон байна. Мөн 1956 оны IV сард II, VI, VII багийн Б.Довчин, Д.Вандан-Очир, Ж.Рааханжав, Б.Нацаг, Д.Норзон, Г.Шагдар, Х.Шархүү, Д.Шүрхүү, О.Нацаг, Д.Ойдов, Ц.Нямжав, Д.Донров, Д.Цэрэнбат нарын 28-н өрхийн 62 хүн хуралдан “Давшилт” хэмээх нэгдлийг байгуулан даргаар Б.Довчинг сонгосон байна. Улмаар 1958 оны эцэст энэхүү 2 нэгдэл нэгдэн ууган нэгдэл “II таван жил” нэгдэлийн нэрээр нэрлэгдэн төлөвшин тогтжээ.

1965 онд сумын төв Таван толгойгоос одоогийн байгаа Хандын эрэгт төвлөрөн мөн онд Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлийн Цогт бригадын 107-н өрх, 552 хүн ам, 23558 толгой мал шилжин ирсэн байна. 1990-ээд оны эхэн үе гэхэд тус нэгдэл нь МАА-н 4, туслах үйлдвэрийн 1 бригадтай 900 гаран гишүүн, 20 гаруй сая төгрөгний үндсэн хөрөнгө, 7-н сая төгрөгний мөнгөн орлого бүхий, 340-н өрхийн 1538-н хүн ам, 91688 толгой малтай, тэмээ, ямааныхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг, мөн хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 15 га талбайд төмс хүнсний ногоо тариулж байсны дээр тахиа, гахайны ферм, чихэр, ундаа, талх, мужаан, хээ будгийн цех, халуун ус, уурын нэгдсэн халаалт, цахилгаан хангамж ажилуулсан тохилог суурин болон тохижсон байв. Мөнхүү нэгдэл 1972 онд ажилаараа аймагтаа шалгарч байсан бол, 1987, 1988 онуудад хамгийн олон төл бойжууласан нэгдлээр улсад шалгаран төлийн баяр хийж байв. Энэ хугацаанд “II таван жил” нэгдлийн даргаар Д. Ядамжав, Г.Шагдар, Т.Доохүү, Л.Юнгэрэн, Б.Дэчин, Б.Доржсамбуу нар ажиллаж байжээ. 1990-ээд оны үеийн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд “II таван жил” нэгдэлийн 90 гаруй мянган толгой мал, 16652,2 мянган төгрөгний хувьчлал олгон төрийн өмчид 3156,2 мянган төгрөгний өмч хөрөнгийг шилжүүлэн өгч, мөнхүү нэгдэл “Таван-Эрдэнэ”, “Чандмань-Эрдэнэ” БХК, “Цогт-Өндөр”, “Алтан элс”, “Тайх” ББХХК болон хуваагдаж үйл ажиллагаа явуулж байгаад цагийн эрхээр дөрөв нь татан буугдаж, гишүүдийн зарим хэсэг нь “Таван-Эрдэнэ” ХХК-д нэгджээ. Сум-нэгдлийн дарга асан, хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуугийн тэргүүлсэн “Таван-Эрдэнэ” ХХК нь тухайн үеийн нөхцөл байдлын улмаас 1998 оны XII сард татан буугдаж бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжин хоршооны зохион байгуулалтаар ажиллах болж хоршоогоо “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо хэмээн нэрийдсэн байна. “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо эдүгээ 414-н өрх, 1620-н хүн ам, 1156-н гишүүнтэй, 181 сая төгрөгний үндсэн, 106,9 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй, хуучин ханшаар төрийн мэдлийн 28-н сая төгрөгний 14-н өрөмдмөл худгийг гэрээгээр эзэмшдэг, жилд 1200 тонн ноос угаах, 25000 кв.м эсгийн хийх хүчин чадалтай, ноос угаах, эсгий хийх үйлдвэр, түүхий эдийг ангилан ялгаж анхан шатны боловсруулалт хийх, хадгалах зориулалттай, 1500 тоннын багтаамж бүхий найман агуулах, хүнс, өргөн хэрэглээний барааны 2 дэлгүүр, албан конторын 2 давхар барилга, зочид буудал зэрэг материаллаг баазтай ажээ. Тус хоршоо нь 1999, 2005 онуудад улсын тэргүүний хоршоогоор шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагнал, 2000 онд Монгол улсын ҮХАҮТ-ийн оны шилдэг аж ахуй нэгжээр, 2003 онд хамгийн их борлуулалттай хоршоогоор улсад шалгарсан, 2004 онд Монгол улсын гаалийн ерөнхий газраас итгэл хүлээсэн аж ахуй нэгжээр шалгаран “ногоон гэрлээр үйлчлүүлэх” эрх авсан хоршоогоор тус тус шалгарч байв. Дөрвөлжин суманд байсан “II таван жил” нэгдлийн суурин дээр үүсгэн байгуулагдсан улсын тэргүүний “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо нь Завхан аймаг төдийгүй Монгол орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд өөрийн гэсэн жинтэй хувь нэмэрийг оруулан оршин буй цөөн хэдэн хоршооны нэгэн юм.

Эдүгээ Дөрвөлжин сум нь Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөх морьт, Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Увс аймгийн Завхан сумуудтай хил залган Завхан аймгийн баруун хэсэгт говийн бүсэд оршино. Нийт 72602 га нутагтай, сумын төв нь Буга, аймгийн төвөөс 148 км-р зайтай. Буга, Буурал, Цогт, Таван толгой, Онц гэсэн таван баг 639 өрх, 2563 хүн ам, 115,9 мянган толгой малтай. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Б.Батмэндлэх, засаг даргаар Ч.Батдөл нар ажиллаж байна.

Дөрвөлжин сумын алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Дөрвөлжин сумын ХАА-н салбараас БНМАУ-ын сайн малчин Б.Дорлиг, Д.Дарам, Г.Дагваа, Г.Дагва, А.Чилхаажав, Э.Буринаа, Д.Магсаржав, М.Ишжамц, Х.Хүүхэн, О.Цэндсүрэн, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуу, Т.Жамц, БНМАУ-ын хошой аварга малчин Х.Жадамба М.Рэгзэн, БНМАУ-ын аварга малчин Б.Вандандагва, М.Даваасүрэн, Г.Дансранжамц, Д.Дорж, Г.Дүйнхэржав, С.Дэмбэрэл, С.Жүрмэд, Б.Надмид, Д.Пүрэвцэрэн, С.Саандар, Ш.Сахъяа, Ц.Хайдав, С.Цагаан, БНМАУ-ын аварга тариаланч Ж.Догсом, М.Тэрбиш, БНМАУ-ын залуу аварга малчин Х.Алтангэрэл, Д.Баянбат, Ж.Рина, Д.Тэрбиш, Монгол улсын сайн малчин Д.Цэдэв, С.Ганболд, Мянгат малчин Ч.Амарбаяр, Д.Батаа, Ц.Батзаяа, Д.Баянмөнх, И.Баярсайхан, Х.Буянжаргал, С.Ганболд, П.Дамбасүрэн, Т.Зүрбаатар, Ш.Мөнх-Очир, Н.Цэвэгдорж, Р.Очирбат, Г.Чулуунбаатар, Г.Уламбаяр, Ж.Пүрэвжав, Н.Чулуунбаатар, В.Энхбат, В.Энхболд болон МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Нямын Мишигдорж нар төрөн гарчээ.