Сантмаргац сум
Сантмаргац сум
ᠰᠠᠩᠲᠤᠮᠠᠷᠭᠠᠴᠠ ᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Сумын төв | Холбоо |
Газар нутаг | |
• Нийт | 2,400 км2 (900 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 1,573 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | BSk |
Сантмаргац нь Завхан аймгийн сум юм. Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан 239183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км Улаанбаатараас 1047 км зайд оршино. 2010 оны байдлаар Баяннуур,Баяндавс, Баян-Улаан, Холбоо гэсэн 4 багтай, 444 өрх 1664 хүн ам,98839 толгой малтай сум юм. суманд Дэвтээрийн давсны ил ордыг ашиглаж байна. Энэ давсны чанар онцгой сайн болно. Эдийн засгийн гол чиглэл нь ямаа, хонь зонхилсон мал аж ахуй юм. Мянгат малчдын тоогоороо аймагтаа тэргүүлдэг Баян нуур нь загас агнуурын нөөцтэй, мөн Монгол элс, Баяннуур, Мухар, Хүнгийн голын байгалийн үзэсгэлэнт газруудын цогцолборыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сантмаргаз сум нь эрт цагийн Засагт хан аймгийн (1923 оноос Хантайшир аймаг ) Сартуул сэцэн вангийн (1923 Сэцэн Сартуулын) хошууны анхы сумдын нэг бөлгөө. Ийнхүү манай сумыг бүрэлдэхүүндээ багтааж асан хошуу анх 1756 онд “Халхын өрнө замын зүүн гарын Зүүн этгээдийн хошуу” хэмээх нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны ноён нь Чингис хааны удамын Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнгийн угсааны Намжилдоржийн хүү –тэргүүн зэрэг тайж Норов хэмээгч байжээ. Тэр цагаас хойш норов тайжийн хөвгүүн, ач, гуч, жич нар угсаа залгамжлан хошууг захирч байв. Үүнд: 1756 оноос Норов, 1768 оноос Дондовдорж, 1809 оноос Цэсэнжав, 1819 оноос Цэвээнжав, 1853 оноос Бэгзбазаржав, 1865 оноос Насанбуяанжаргал, 1903 оноос 1924 он хүртэл Жалцангомбоцэдэн угсаа залгамжлан хошуу захирсан ажгуу. Ардын хувьсгалын дараа 1924 онд орон нутгийн засаг захиргааг ардчилан өөрчлөхөд 1924 оны 6н сарын эхээр хошуу нутгийн төв болох Цэцэн уулын орчимд хошууны их хурал болж Жамбалгомбоцэдэн ноёныг огцруулан оронд хариу ард гаралтай түшмэл Өлзийтогтохыг (Нутгийнхан нь хүүхэн мэйрэн гэдэг) хошууны даргаар сонгосон байна. Хошууны их хурлаас аймгийн их хуралд түшмэл Долгорын Ламжав (Манай улсын соёл урлагийн нэрт зүтгэлтэн Нацаг, зохиолч Ванган нарын эцэг), Дорлиг үүзэн (Дуучин Чулуунхүүгийн нагац), тайж Бүрнээбадар (Доктор Бирваагийн эцэг) нарыг сонгон илгээснээс Долгорын Ламзав Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож улмаар Улсын бага хурлын нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Тэр цагт манай хошуу дөрвөн мянга илүү өрхтэй, 17 мянга орчим хүн амтай, бодод шилжүүлсэнээр 60 мянга шахам малтай байжээ. Сэцэн сартуулын хошуу хэзээнээс нутаг уудам, хүн зон олонтой, мянган тайжтай, түмэн сартуул хэмээх алдартай байсан агаад түүх, хууч ярианд өгүүлсэнээр зэргэлдээх Эжгин ноён адуу түм хүрлээ, газар таслан өгсүү хэмээн баярхан дайрахад “Өчүүхэн ноён миний албат мянган тайж, түмэн сартуул тус бүр чөдрийн хоёр унаатай бүлгээ. Илүүчлэх газар шороо алга” хариу барин номхотгосон домог буй.
Хошууны нутаг нь одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмарац, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан болон Увсын Завхан, Ходын Чандмань сумын нутаг хүн амын зарим хэсгийг хамарч байлаа. Тус сум нь 1921 оны хувьсгал ялсаны дараахнаар Бадрах, Холбоо, Ширээ, Тэгш хэмээх жижиг сумдуудад хуваагдан байснаа 1924 оны 12 сард сумын баруун захын “Талигар” хэмээх өвөлжөөнд сумуудын төлөөлөгчдийн хурал болж, 4 сумыг нэгтгэж Сантмаргаз болсон түүхтэй.
Анх байгуулагдахдаа 3385 өрх 16925 хүн ам, 99,0 мянган мал 1200 ам дөрвөлжин км нутагт 4 багаар зохион байгуулагдсан ажээ. Анхны даргаар Цэдэнжав бойдоо (Баргын Жанцансамбуугийн эцэг), нарийн бичгийн дарга, туслах, зарлагын орон тоотойгоор сонгож, Цэдэнжав бойдоогийн санаачлагаар Сант толгой, Маргац уулын нэрийг хавсаргаж, Сантмаргац хэмээн нэрийдэж, хошууны хурлаар нэрээ батлуулж авчээ. 1931 онд нутаг дэвсгэр, захиргааны өөрчлөлт орход дарга нь эмэгтэй Бадамцоо, нарийн бичгийн дарга Барсбаатар болгосон байна. 1940 онд 10 багаа дотор нь жижиглэж 12 болгосон байна. Ингээд 12 баг, 2 хамтрал, хоршооны хоршооны салбар нэртэй болжээ. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөний байдалд зохицуулаж, багуудыг татан буулгаж тус сумаас Цэцэн-Уул тасарч сум бригадын зохион байгуулалтад оржээ. Энэ үед тус сум 550 өрх, 2,6 мянган хүн ам 89,5 мянган малтай 242,1 мянган га нутагтай, Их нууруудын хотгорын говийн бүсэд багтдаг. Аймгийн төвөөс 360км, нийслэлээс 1150 км зайд оршино.