Эрдэнэхайрхан сум

Эрдэнэхайрхан сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Газар нутаг
  Нийт4,200 км2 (1,600 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,729
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалBSk

Эрдэнэхайрхан нь Завхан аймгийн сум юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрдэнэхайрхан сум нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үед Сартуул Сэцэн вангийн хошуу, 1924 оноос Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошууны нутгийн төв хэсэг болох Хангай нурууны салбар уулсаас Их нууруудын хотгорын бүс нутгийг хамарсан 409.9 мянган га талбай эзлэн оршдог.

Сумын төв Алтан нь 48º 07 ' өргөрөг, 95º 43' уртраг далайн төвшнөөс дээш 1850 метрт өргөгдсөн Хайрхан худаг, Улаанбаатараас 1100 км, аймгийн төвөөс 115 км алслагдсан, 1924 онд Хантайшир уулын аймгийг байгуулж засаг захиргааны нэгжүүдийг шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн Сарт-Уул, Шинэ хошууны харъяанд байсан нутгуудад Бугат, Цогт-Уул, Эрдэнэ-Уул, Айраг сумдыг байгуулжээ.

1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмань-Өлзийт(одоогийн Эрдэнэхайрхан Яруу) сумыг 13 багтайгаар байгуулж , төвийш нь Усан зүйлд суурьшуулжээ. 1952 онд Эрдэнэхайрхан сумыг Чандмана-Өлзийт сумаас 6 баг, Завханмандал сумаас 1 баг авч байгуулан Эрдэнэхайрхан гэдэг том айлын тулгын чулууг тулан, гал голомтыг асаааж, шинэ хөрс суурин дээр, сум, баг, байгууллагуудынхаа шинэхэн удирдлагуудтайгаа хөгжил дэвшил, амьдрал тэмцлийн харгуй замд орсон түүхэн замналтай бөлгөө.

Хожим 1956 онд Түдэвтэй сумаас Бэрхийн 5-р баг нийлжээ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Эрдэнэхайрхан сум баруун талаараа Цэцэн-Уул сумтай 76.5 км, хойд талаараа Түдэвтэй сумтай 20 км , зүүн хойд талаараа Яруу сумтай 122 км, зүүн өмнө талаараа Алдархаан сумтай 10 км, урд талаараа Дөрвөлжин сумтай 38 км хиллэдэг.

Нутгийн хойд хэсгээр Багануурын Бэрх, Түдэвтэй уул, Тосон, Уужимын хяр, Их билчир, Налуу, Мөсөн, Харганын салаа, Сэнжитийн хярууд, дунд хэсгээр Товхош, Бор хирийн элсэн манхан, Цагаан хайрхан, Алтан, Ар баян айраг, Хүйтэн нуруу, Залаа Хуугаа, өмнөд хэсгээрээ Улаансээр, баруун зүүн Зос, Өвөр баян айраг, Цогт хайрхан зэрэг уул хяр цармууд, Улаагчны хар нуур, Бага нуур, Жаахан нуур, Урт булаг, Салаа, Баянзүрх, Өвөр улаагчин, Тээл, Мөсөн, Бургаст, Шаварт, Мухарт, Нарийн голууд бүхий говь хангай хосолсон уудам, үзэсгэлэн төгөлдөр нутагтай билээ.

Тээлийн Жаахан нуурын рашаан, Баянзүрхийн голын эхний зүүн булгийн рашаанууд хүний ходоод гэдэс дотор, шараар хөллөсөн өвчнийг илааршуулахдаа онцгой.

Сумын нутагт алт, оюу, зэс, номин, усан ба утаат болор зэрэг үнэт эрдэнэс, төмрийн хүдэр занар, гантиг, цахиур, жонш, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг зэрэг эрдэс баялагтай. Манай нутгийнхны шүтээн болсон Алтанманзушир гэж нэрлэдэг их говийн сүрлэг уулс Цогт хайрхан, Цагаан хайрхан, Сэнжит цохио, Харганын мандаа, Товхош, Бэрх, Алтан зэрэг уул цармууд, Товхошийн ар, Багануурын гацаа, Их бага авгаш, Хөшөөт, Хөлийн ам, Тосон, Тээлийн хүн чулуун хөшөөнүүд, Урт булаг, Дааган дэл, Бага хөлийн сүг зураг, Асгат, Агуйт, Сэнжитийн гүнжийн зам, Цогт хайрханы агуйнуууд, Их, бага, Хар нуур, Мухарт, Нарийн голын эх зэрэг түүх дурсгалт болон үзэсгэлэнт газрууд байдаг.

Ургамал ба амьтан[засварлах | кодоор засварлах]

Сумын нутгийн уулархаг хэсгээр хар модон ой, бургас, харгаас, мягмансанж, ванжингарав, сэврээ, алтан гагнуур, таван салаа дэгд, манчин зэмбэ, өвдөл, гомбо, жаргомбо зэрэг эмийн ургамлууд, үхрийн нүд, улаалзгана, тошлой, гүүн саам, мөөг, нохойн хошуу зэрэг цэцэг жимс ургадаг. Мөн дээр үеэс уламжлан хэрэглэж, чанар чансаа нь танигдаж судар номонд тэмдэглэгдсэн Багануурын шунхан, Замбалын модны зодог, Нуурмагийн гиван, Мөсөнгийн булгийн жуган, Мухарт, Нарийн голын гоньд, Олон түрүүний дэгд хужир Их хайрханы сэндэр, барагшуун, Шаварт, Нарийн голын хаяагийн хунчир зэрэг ховор нандин эмийн ургамлууд энэ нутагт ургадаг.

Энэ нутагт аргаль, угалз, буга согоо үнэг, чоно бор гөрөөс, цагаан зээр, янгир, нохой зээх, дорго, тарвага зурам болон дэлхийд ховор, улаан номд орсон ирвэс, шилүүс зэрэг ан амьтан Хун галуу, тогоруу тоодог, Ёс, хойлог , тас, бүргэд, ятуу, хөтүү, хөхөө, шонхор, уйл, шар шувуу зэрэг жигүүртэн элбэг тохиолдоно.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн гол үндэс нь таван хошуу мал юм. Эрдэнэхайрхан сум нь 400 гаруй өрх, 2000 шахам хүн амтай, 140 гаруй мянган толгой малтай, 40-өөд мянгат малчинтай нийт сүргийн 70 хувь нь хонин сүрэг юм. Арвин их, сайн, чанарын ноос Сартуул үүлдрийн хонины гол цөм нь энэ сумд байдаг. Зах зээлийн эдийн засаг түргэн шуурхай хөгжиж байгаа өнөө үед энэ нутгийн байгалийн хосгүй гоо үзэсгэлэнг ашиглан аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх боломжтой юм.

Төр нийгмийн зүтгэлтэн[засварлах | кодоор засварлах]

Сартуул цэцэн вангийн хошуундаа Ачит лам, Билэгт лам гэсэн хоёр худагт Х.Вандандорж, Б.Дашдорж, Галуутайн хүрээний хамба лам аграмба Д.Нарантунгалаг, Жиглий, С.Төмөр-Очир, Түмэнжий, С.Ядмаа, С.Гүрсэд зэрэг бурхан шашны гүн ухаантан мэргэдүүд, төр нийгмийн зүтгэлтэн Ц.Дүгэрсүрэн, Г.Нямдоо , эх оронч Ё.Төрхүү, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Гоожав, Д.Сэдбазар, Улс ардын аж ахуй, соёл, эрүүлийг хамгаалах байгууллагуудын салбараас төрөн гарсан гавъяатууд Д.Шоовой , Н.Даш-Өлзий, Л.Юра, Р.Шагдарсүрэн, Р.Сундуйжав, О.Бадамцэрэн, улсын начин Г.Данигай М.Сэдхүү, М.Дармаабазар, эрдэмтэн Д.Готов Д.Бадамдорж Р.Нансал , Д.Жамъянсүрэн, Г.Сүрэнжаргал Н.Сарантуяа, Г.Баасанжав Р.Сундуйжав, Р.Шагдаржав, Б.Гомбосүрэн, О. Бадамцэрэн, Т.Лодой, С.Бүрэнжаргал , Х.Отгонбилэг, Я.Вролоож, Ж.Цийрэгзэн нарын алдартнууд төрөн гаржээ.