Тосонцэнгэл сум (Завхан)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улсын гурван зуун гучин сумын нэг
Тосонцэнгэл сум
Улс орон Монгол Монгол (МУ)
Аймаг Zavchan.gif Завхан
Ямар нэгж сум
Сумын төв Шумуултай
Нутгийн хуваарь Долоон багт хуваагдана:
1. Дархан-Уул
2. Хайрхан
3. Улаантолгой
4. Рашаант
5. Баян-Улаан
6. Идэр
7. Оргих
Газар нутаг 5,300 км²
Хүн ам (2010) 7,881 хүн
Нягт сийрэг 1.49 хүн/км²
Тосонцэнгэл
сумынхан
Завханы Тосонцэнгэлийнхэн:
үндсэндээ Монгол үндэстэн
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
Тосонцэнгэл сумын төв

Тосонцэнгэл нь Завхан аймгийн сум юм. Аймагтаа аймгийн төв Улиастайн дараа 2-т орох том сум, суурин газар болно. 9000 орчим оршин суугчтай, дунд сургууль, сум дундын эмнэлэгтэй.

Түүх[засварлах]

Анх одоогийн үндсэн засаг захиргааны нэгжүүд байгуулагдах үед /1931/ Идэрийн голын хойд хэсэг буюу хуучнаар Сайн ноён хан аймгийн Бирваарагчаа бэйсийн хошуу, Далайчойнхор вангийн хошууны зарим нутгийг нийлүүлэн Архангай аймгийн Тосонцэнгэл сумыг байгуулжээ. Тус нутагт орших Тосон, Цэнгэл уулуудын нэрээр ийн нэрлэх саналыг нутгийн иргэн гаргасан нь дэмжигдэж Тосонцэнгэл сум гэгдэх болсон. 1941 оны өөрчлөлтөөр аймгийн төвөөс хэт алслагдсан тул тус сумыг Завхан аймагт нэгтгэхээр болсон. Хожим тус сумыг Булнай сум гэгдэх болсон үед модны нөөцийг нь түшиглэн байгуулсан мод боловсруулах үйлдвэрийг тойрон томоохон суурин бий болсон байна. Тус сууринг орон нутгийн Тосонцэнгэл хот гэж нэрлэн харин хойд хэсэг буюу хуучин сум нь Булнай нэрээрээ үлджээ. Улс орон маань ардчилалд шилжиж байсан 90-ээд оны үед нутгийн иргэдийн саналаар сум нь Тосонцэнгэл гэдэг хуучин нэрээ сэргээж харин хот гэдэг статус нь модны үйлдвэрийн хамт үгүй болжээ.

Газарзүй[засварлах]

Тосонцэнгэл сум Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршино. Баруун талаараа Завхан аймгийн Идэр, Тэлмэн сумд, хойд талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, зүүн талаараа Завхан аймгийн Их-Уул сум, урд талаараа Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир сумдтай хиллэдэг. Идэрийн гол сумын нутгийг 2 хэсэгт хуваадаг. Голын хойд талын хэсэг нь Хөвсгөл, Завхан аймгийг заагласан Булнайн нурууны бэл болно.

Сумын өмнөд хэсэг нь Хангайн нурууны салбар болох Тарвагатайн нурууны бэлд оршино. Сумын хамгийн өндөр цэг нь Марз уул (3205 м) юм. Хангай, ойт хээрийн бүсэд хамаардаг. Уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу тундрын бүсэд багтдаг. Өвөл нь -53 хэм, зун нь +38 хэм хүртэл температурын зөрүү бүртгэгдэж байсан. Монголын хангайн нурууны голлох хэсэг буюу Тарвагатайн нуруу энэ сумын ихэнх нутгийг эзэлдэг. Завханы хангайн сумдын гол төлөөлөгч болох Тосонцэнгэл нь модны асар их нөөцтэй. Гэвч социализмын үед байгуулагдсан, Монгол орны баруун аймгуудыг бүтэн ба хагас боловсруулсан модон бүтээгдэхүүнээр хангах зорилготой модны үйлдвэр нь уг нөөцийг маш үрэлгэн байдлаар ашиглаж газар нутгийг нь дахиж сэргээгдэшгүйгээр зэрэмдэглэжээ. Байгалийн баялгийн хувьд хөрсөн доорхи баялаг нь сайтар судлагдаагүй, харин хөрсөн дээрх баялаг нь сумын иргэдийн гол амжиргааны эх үүсвэр болдог. Үүнд мод, төрөл бүрийн жимс жимсгэнэ, ан амьтан, барилгын зарим түүхий эд зэрэг орно.

Энэ нутаг нь эртнээс сувиллын халуун рашаан усаараа алдартай. Сумын өмнөд хэсэгт Марз уулын бэлд орших Хожуулын халуун рашаан нь хүний биед эмчилгээний өндөр ашиг тустай.

Эдийн засаг[засварлах]

Социализмын үед Монгол улсад томоохонд тооцогдох мод боловсруулах үйлдвэр ажиллаж байсан. Идэрийн гол дээр бага оврын усан цахилгаан станц бий. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан түүхий эд бэлтгэн нийлүүлэх төв, улс дамнасан томоохон компаниудын салбар, Банкны сүлжээ, баруун аймгуудын нисэх онгоцны сумалгааны цэг, нефть бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалах нөөц бүхий шатахуун түгээх станц, хүн эмнэлэгийн нэгдсэн төв, бүрэн дунд боловролын сургууль, цэцэрлэгүүдтэй. 2012 онд сумын төвд хатуу хучилттай 2 км зам ашиглалтад орсон. Мөн Тэлмэн суманд баригдах цахилгаан станцын генератороос тэжээгдэх цахилгаан дамжуулах шугам сүлжээ ашиглалтанд ороод байна.

Зам харилцаа[засварлах]

Тосонцэнгэл сум нь харьцангуй зам харилцаа сайтай. Улиастай (181 км), Мөрөн (213 км), Цэцэрлэг (361 км), Улаангом (573 км) хотуудтай холбогдсон. Мөн Оросын хилээс 307 км зайтай.

Тосонцэнгэлийн нисэх онгоцны буудал сумын төвөөс 3,5 км зайд, Идэрийн голын урд эрэг дээр бий.

Эшлэл[засварлах]