Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал | |
---|---|
Танхимын тоо | Нэг танхим |
Дарга удирдлага | |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга | Амарбаясгалангийн Баяр, МАН |
Бүтэц бүрэлдэхүүн | |
Гишүүний тоо | 45 төлөөлөгч |
Эрх баригч олонх (40) Монгол Ардын Нам (40) Сөрөг хүчин (5) Ардчилсан Нам (5) | |
Сонгууль | |
Өнгөрсөн сонгууль | 2024 оны 10-р сарын 11-нд явагдсан. |
Ирэх сонгууль | 2028 он. |
Хуралдааны танхим | |
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор | |
Цахим хуудас | |
www.khural.ulaanbaatar.mn |
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Нийслэл Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага мөн. Монгол Улсын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг танхимтай, дөчин таван гишүүнтэй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /Монгол Улсын Үндсэн хуульийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын түүхэн товчоо
[засварлах | кодоор засварлах]1924-1992
[засварлах | кодоор засварлах]1924 онд Монгол орны нийслэл Улаанбаатар хот нь 1639 оноос шарын шашин, соёлын төв болон байгуулагдсанаас хойш 380 гаруй жилийн түүхэн замналыг туулж 28 удаа нүүдэллэсээр дөрвөн уулын дунд Тунгалаг Туул, Сэрүүн Сэлбийн хөвөөнд суурьшсаар өдийг хүрчээ. 1924 онд хуралдсан БНМАУ-ын анхдугаар их хурлаас баталсан Үндсэн хуульд Улаанбаатар хотын удирдлага, түүнийг тогтолцоог тодорхойлсноос хойш таван удаагийн Үндсэн хуульд улам баталгаажиж Хөдөлмөрчдийн Депутатуудын хурал /ХДХ/, Ардын Депутатуудын хурал /АДХ/, Ардын Депутатуудын Хурал болон Гүйцэтгэх захиргааны бүтцээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга гэсэн хоёр субъект бүхий тогтолцоог бий болгосон байна. Энэ нь нийслэл Улаанбаатар хотод орон нутгийн төрийн эрх барих чиг үүрэгтэй “хурал”-аас иргэдээсээ сонгогдож, иргэддээ ажлаа тайлагнадаг, иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг илэрхийлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага болох “Хурал” нөгөө талаас хурлаас нэр дэвшин, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргаар батламжлагдсан “хурал” төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлдэг “Засаг дарга” /төрийн удирдлага/ гэсэн хоёр субъект Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийслэл хотын удирдлагын асуудал нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиар баталгаажиж, Хурал, Захиргаа гэсэн тогтолцоо бий болжээ. Улс төр, нийгэм, эдийн засаг, аж ахуйн соёлын төв болж өөрийн гэсэн байр суурьтай, өнгө төрхтэй, бүтэц тогтолцоотой, удирдлага зохион байгуулалтын өөрийн гэсэн шинж чанар бүхий улсын нийслэл болж, хөгжсөөр иржээ.
1992-1996
[засварлах | кодоор засварлах]1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, УИХ-аас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот тогтоол гаргаж, Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг 1992 оны 9 дүгээр сард багтаан зохион байгуулахаар заажээ. Орон нутгийн хурлын сонгууль явуулах тухай тусгайлсан хууль гаргаагүй бөгөөд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага гэсэн нэг бүлэг /II бүлэг/, удирдлагын тогтолцоо /II бүлгийн 7-р зүйл/ хурал, түүнийг байгуулах /II бүлгийн 9-р зүйл/ гэсэн зүйлийг шинээр нэмж оруулжээ. Нийслэлд Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг нэр дэвшүүлэх ажил 9 дүгээр сарын 10-аас 20-ны өдрийн дотор явагдаж дууссан бөгөөд сонгуулийн кампанит ажил явагдаж, сурталчилгаа хийгдээгүй байна. Нийслэлийн 12 дүүрэг, 119 хороонд Иргэдийн нийтийн хурлууд болж, хороо бүр хурлаараа дүүрэгтээ тав, таван төлөөлөгч сонгож дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлд дүүрэг бүрээс хүн амынхаа тооноос хамаарч тус бүр 2-8 төлөөлөгч, тухайлбал Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргээс тус бүр 8, Багахангай, Гацуурт, Жаргалант, Туул дүүргээс тус бүр 2 төлөөлөгч сонгогдсон байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 137 хүн нэр дэвшиж 72 хүн сонгогдсоноос 58 төлөөлөгч буюу 80 хувь нь МАН, 3 төлөөлөгч буюу 6 хувь нь МҮДН, 1 төлөөлөгч МСДН, 10 төлөөлөгч буюу 14 хувь нь нам бус байв.
1996-2000
[засварлах | кодоор засварлах]Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль 1996 оны VIII сард батлагдсанаар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болсон юм. Энэ хууль нь урьд өмнөх АДХ-ыг сонгох сонгуулийн хуулиас эрс өөрчлөгдсөн олон намын тогтолцоо бүхий олон мандаттай, ардчилсан сонгуулийн тухай асуудлыг хуульчилж өгснөөрөө онцлог байв. Орон нутгийн хурлуудын сонгуулийн хуульд нам, эвсэл нэр дэвшигчдээ жагсаалтаар нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчдийн тоо, тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тооноос илүүгүй байна. Харин сум, дүүрэг, баг, хороо бүрд нэг нэг хүний нэрийг дээд шатны хуралд тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нэр дэвшүүлнэ гэж заасан байна. Сонгуулийн хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд улс төрийн 3 нам, нэг эвсэл оролцохоо алба ёсоор мэдэгдсэний дагуу Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэж, 40 суудлын төлөө дээрх нам, эвслээс 129 хүн, бие дааж 4 хүн нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчдээс нийслэл, дүүргийн хуралд 37 хүний нэр давхарлан дэвшигдсэний дотор 70 нь МАН, 7 нь МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл” /АХЭ/, 23 нь МУНН-ын гишүүд байв. Нийслэлд сонгогчдын нэрийн жагсаалтад 294,557 сонгогч бүртгэгдсэнээс 182,643 хүн буюу 62.6 хувь нь санал хураалтад оролцсон байна. Нийслэлийн ИТХ-д сонгуулийн хуулиар тогтоосон 40 төлөөлөгчийг сонгохоос нам, эвслийн жагсаалтаар 31, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох 9 дүүрэг тус бүрээс нэг нэг хүн, бүгд 9 хүн сонгогджээ. МАН нийслэлийн 40 суудлын 23-ыг авснаас намын жагсаалтаар 15, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болох дүүргийн төлөөллөөр 8, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл жагсаалтаар 16, /МҮАН-9, МСДН-6, МНН-1/ дүүргийн төлөөллөөр нам бус 1 хүн авчээ.
2000-2004
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотод орон нутгийн сонгууль 2000 оны 10 дугаар сарын 8-ны өдөр явагджээ. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн 8 нам, нэг эвсэл оролцох тухайгаа нийслэлийн сонгуулийн хороонд мэдэгдэн Нийслэлийн ИТХ-ын 40 тойрогт нам, эвслээс 157 хүн нэр дэвшигдсэнээс МАН-ын 40, “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 40, Эх орон-МАШСН-аас 38, ИЗН-аас 14, МБНН-аас 7, МИАШЛН-аас 1 хүн тус тус дэвшсэн бөгөөд 1 хүн биеэ даан нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчдээс 65 хүн нийслэл болон дүүргийн хуралд давхар дэвшигдсэний 10 нь МАН-ын, 18 нь “Ардчилсан холбоо эвсэл”-ийн, 7 нь МБНН-ын, 18 нь Эх орон-МАШСН-ын, 7 нь ИЗН-ын гишүүд байжээ.
2004-2008
[засварлах | кодоор засварлах]2004 оны 10 дугаар сарын 17-нд явагджээ. Нийслэлийн хэмжээнд сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах сонгуулийн 126 хэсгийн хороо байгуулагдсан 1516 хүн ажиллав. Улс төрийн 4 нам, 1 эвсэл, нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох тухайгаа “Нийслэлийн сонгуулийн хороо”-нд мэдэгдэн Нийслэлийн ИТХ-ын 40 тойрогт нам, эвслээс нийт 141 хүн дэвшигдсэнээс МАН-аас 40, “Эх-орон Ардчилсан хүчний эвсэл”-ээс 40, МНН-аас 2, МУНН-аас 36, БНН-аас 17 хүн тус тус дэвшсэн бөгөөд 6 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчээс 64 хүн нийслэл, дүүргийн хуралд давхар дэвшигдсэний 16 нь МАН, 16 нь “Эх-орон Ардчилсан хүчний эвсэл”, 11 нь МУНН, 17 нь БНН, 4 нь бие даан нэр дэвшигч байв.
2008-2012
[засварлах | кодоор засварлах]2008 оны 10 дугаар сарын 12-нд явагдаж Орон нутгийн сонгуульд нийт 7 нам оролцжээ. Нийслэлийн ИТХ-ын 15 тойрогт 45 мандатын төлөө 165 хүн нэр дэвшсэнээс 45 нь МАН-аас, 45 нь АН-аас, 11 хүн МУНН-аас, 3 хүн Эх орон намаас, 3 хүн ИЗН-аас, 18 хүн нь МНН-аас, 1 хүн нь Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас тус тус дэвшсэн бөгөөд 42 хүн бие дааж нэрээ дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийслэлийн сонгогчдын ирц хүрээгүйгээс НИТХ-ыг сонгох сонгууль , Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль хүчингүй болжээ. Дахин сонгуульд нийслэлийн хэмжээнд нэрийн жагсаалтад нийт 436964 сонгогч бүртгэгдсэнээс 286644 сонгогч буюу 65.6 хувь нь саналаа өгч Нийслэлийн ИТХ-ын сонгууль хуульд зааснаар хүчинтэй болж өнгөрсөн байна. Нийслэлийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгээр нийслэлийн 15 тойргийн 45 мандатын 36 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 9 мандатыг АН-аас нэр дэвшигчид авч Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон байна.
2012-2016
[засварлах | кодоор засварлах]УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналыг нэгэн зэрэг авах ажлыг зохион байгуулжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 2 эвсэл, нийт 11 субъект оролцох тухайгаа мэдэгдэж, нийслэлийн сонгуулийн 30 тойрогт 30 мандатын төлөө 224 хүн, намын жагсаалтаар 15 мандатын төлөө 87 хүн, нийт 331 хүн нэр дэвшсэнээс МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тус бүр 45, бие даан 3 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 805580 сонгогч бүртгэгдсэнээс 517006 сонгогч буюу 64,18 хувь нь саналаа өгч, сонгууль хүчинтэй болжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр нийслэлийн 30 тойргийн 30 мандатын 20 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон санал авч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
Жагсаалтын 15 мандатыг нам, эвслийн авсан саналаар хуваарилахад АН-аас нэр дэвшигчид 6, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчид тус бүр 4 мандатыг, ИЗНН-аас 1 мандатыг авч жагсаалтаар нэр дэвшигчдийг дарааллын дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 26 нь АН, 14 нь МАН, 4 нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, 1 нь ИЗНН-аас нэр дэвшигчид болжээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Баттулгыг сонгов
2016-2020
[засварлах | кодоор засварлах]2016 оны Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам нийслэлчүүдийн үнэмлэхүй олонхын саналыг авч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын 34-ийг бүрдүүлэв. Ардчилсан нам 11 суудлыг авч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Цэндийн Сандуйг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгосон бол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Сундуйн Батболдыг дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжиллаа.
2019 онд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханыг томилсон бол, Нийслэлийн ИТХ-ын даргаар Төлөөлөгч Рэнцэндагвын Дагвыг сонголоо.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]НИТХ-ын үе, үеийн дарга нар[1]
[засварлах | кодоор засварлах]Д/д | Нэр | Ажилласан хугацаа | Нам, эвсэл |
---|---|---|---|
1 | Жигжидсүрэнгийн Ядамсүрэн | 1992 - 1996 | МАХН |
2 | Цэрэндэмбэрэлийн Баасанжав | 1996 - 2000 | МАХН |
3 | Түдэвийн Билэгт | 2000 - 2004 | МАХН |
4 | Нордовын Болормаа | 2004 - 2007 | МАХН |
5 | Гомбосүрэнгийн Мөнхбаяр | 2007 - 2008 | МАХН |
6 | Түдэвийн Билэгт | 2008 - 2012 | МАХН (2011 оноос МАН) |
7 | Дашжамцын Баттулга | 2012 - 2016 | АН |
8 | Цэндийн Сандуй | 2016 - 2017 | МАН |
9 | Сайнбуянгийн Амарсайхан | 2017 - 2019 | МАН |
10 | Рэнцэндагвын Дагва | 2019 - 2020 | МАН |
11 | Жанцангийн Батбаясгалан | 2020 - 2024 | МАН |
12 | Амарбаясгалангийн Баяр | 2024 оноос | МАН |
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчид 2020-2024
- ВИДЕО: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын танилцуулгыг эндээс үзнэ үү.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Түүхэн товчоо". khural.ulaanbaatar.mn. Татаж авсан: 2024-11-03.