Никита Михалков
Никита Михалков | |
---|---|
Төрсөн | 1945 оны 10 сарын 21 |
Ажил | Найруулагч, Жүжигчин |
Никита Сергеевич Михалков (1945 оны 10-р сарын 21-нд төрсөн) Оросын кино найруулагч, жүжигчин, Оросын Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийн тэргүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Михалков Москва хотноо урлагийн гэр бүлд төрсөн. Өвөг эцэг нь Ярославлын захирагч байсан бол түүний ээж Галицины гүнж байжээ. Никитагийн эцэг Сергей Михалков хүүхдийн уран зохиолч, яруу найрагч гэдгээрээ олонд алдаршсан хүн бөгөөд улсынхаа төрийн дууллын шүлгийг 60 жилийн хугацаанд гурвантаа өөрчлөн зохиосон байдаг. Эхний хоёр шүлгийг Зөвлөлт засгийн үед, сүүлийн шүлгийг одоогийн Оросын төрийн дуулалд зориулан бичжээ. Никитагийн эх Наталя Кончаловская яруу найрагч, авангард зураач Пётр Кончаловскийн охин, мөн алдартай зураач Василий Суриковын ач охин аж. Никитагийн том ах, кино найруулагч Андрей Кончаловский нь Андрей Тарковскийтэй хамтарсан болон Холливуудад бүтээсэн Runaway Train, Tango & Cash бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн.
Ажил мэргэжил
[засварлах | кодоор засварлах]Жүжигчний гараа
[засварлах | кодоор засварлах]Михалков багаасаа Вахтанговын Театрын дэргэдэх Щукины сургууль болон Москвагийн Урлагийн Театрийн хүүхдийн студидэд жүжиглэх урлагт суралцаж байв. Оюутан ахуйдаа найруулагч Георгий Данелиягийн Я шагаю по Москве (1964), өөрийн ах Андрей Кончаловскийн Home of the Gentry (1969) кинонуудад тогложээ. Удалгүй тэрээр Зөвлөлтийн тайз болон кино урлагийн од болох гараагаа эхэлсэн юм.
Найруулагчийн гараа
[засварлах | кодоор засварлах]Жүжигчний мэргэжлээр суралцахын зэрэгцээ тэрээр Москвагийн кино урлагийн сургууль ВГИК-д өөрийн ах болон Андрей Тарковский нарын багш байсан Михаил Роммын удирдлага доор кино найруулагч мэргэжил эзэмшжээ. 1968 онд А я уезжаю домой анхны богино хэмжээний киногоо, 1970 онд дипломын ажил Спокойный день в конце войны киногоо бүтээжээ. Михалков 20 гаруй кинонд тоглосны дотор түүний ахын Ваня ах (1972), зохиолыг нь хамтран бичиж, найруулж, өөрөө гол дүрийг нь бүтээсэн анхны бүрэн хэмжээний бүтээл нь болох Свой среди чужих, чужой среди своих (1974) зэрэг багтана.
Олон улсад алдаршиж эхэлсэн нь
[засварлах | кодоор засварлах]Михалковыг олон улсад нэрд гаргасан бүтээл нь түүний хоёр дахь бүрэн хэмжээний кино болох Раба любви (1975) юм. Уг кино 1917 оны хувьсгалын үеэрх далайн эргийн хотын амьдралыг харуулжээ. Энэ киног Вера Холоднаяагийн амьдралын сүүлийн өдрүүд дээр тулгуурлан бүтээсэн бөгөөд АНУ-д гарсан дариудаа өндөр үнэлгээ авчээ.
Михалковын удаах бүтээл, А.П.Чеховийн Платонов-оос сэдэвлэсэн Неоконченная пьеса для механичевкого пианино (1977) Сан Сэбастиан Кино Наадмаас түүнд анхны шагналыг нь авчирсан. 1978 онд ахынхаа туульсын бүтээл Сибириада-д тоглохын зэрэгцээ Дэлхийн II дайны үеэр хагацаж 18 жилийн дараа эргэн учирсан хосын хайрын түүхийг өгүүлсэн Пять вечеров киногоо бүтээжээ. Дараа нь Иван Гончаровын орноосоо босох дургүй залхуу эрийн талаар өгүүлсэн сонгодог зохиолоос сэдэвлэсэн Несколько дней из жизни И.И Обломова (1980), хамаатнуудтайгаа таагүй харилцаатай хөдөөний бүсгүйн тухай өгүүлсэн Родня (1981), нэгэн бүсгүй хуучин нөхөртэйгөө санаандгүй нэг өрөөнд цоожлуулснаас болж хүүрнэн ярилцаж буйг харуулсан Без свидетелей (1983) кинонуудаа найруулсан.
1980-аад оны эхээр Михалков жүжигчний ажлаа эргэн сэргээв. Алдарт найруулагч Эльдар Рязановын Вокзал для двоих (1982), Жестокий романс (1984) хэмээх алдартай хоёр кинонд тогложээ. Мөн энэ үеэрээ Баскервилийн удмын нохой зохиолын Зөвлөлтөд бүтээсэн хувилбарт Хэнри Баскервилийн дүрийг бүтээв. Михалков найруулсан кинонууддаа тоглодог бөгөөд тэднээс дурдвал, Свой среди чужих, чужой среди своих, Раба любви, Неоконченная пьеса для механичевкого пианино зэрэг болно.
Олон улсад нэрд гарсан нь
[засварлах | кодоор засварлах]Михалков 1987 онд Чеховын хэд хэдэн өгүүллэгийн санааг нэгтгэн Очи чёрные киногоо бүтээв. Кинонд насан туршдаа мартаж чадаагүй хайртай бүсгүйгээ дурсаж буй эрийн дүрийг Марчелло Мастроянни бүтээжээ. Энэхүү кино амжилтанд хүрч гол дүрийг бүтээсэн Мастроянни тухайн ондоо Каннын кино наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал болоод Оскарын шагналд нэр дэвшсэн юм. Михалковын удаах бүтээл Урга-территория любви (1991) Өвөрмонголчуудын талаар өгүүлсэн бөгөөд Венецийн кино наадмын Алтан Арслан шагналыг хүртэж, АНУ-ын Оскарын шагналд Гадаад хэл дээрх Шилдэг Киноны төрөлд нэр дэвшжээ. Найруулагчийн Анна: от 6 до 18 (1993) баримтат кинонд өөрийнх нь охин Аннагийн бага наснаас өсвөр нас хүртэлх үеийг харуулдаг. Михалковын хамгийн алдартай бүтээл болох Утомлённые солнцем (1994) нь Иосиф Сталины Их Хядлагыг харуулсан юм. Энэ кино Каннын кино наадмаас Гран При, Оскарын Гадаад хэл дээрх Шилдэг Кино зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэн. 1996 онд Михалков Берлиний Олон Улсын 46 дахь Кино Наадмын шүүгчдийн ахлагчаар ажиллажээ.
Сүүлийн үеийн бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Михалков Утомлённые солнцем киногоороо 25 сая ам.долларын ашиг олсон бөгөөд 1998 онд Сибирский цирюльник киногоо бүтээсэн билээ. 1999 оны Каннын кино наадамд өрсөлдсөн эл киногоо эх оронч үзлийг төрүүлэх, сурталчлах зорилгоор бүтээжээ. Гол дүрийг Жулиа Ормонд, Михалковын нэлээд хэдэн киноны гол дүрд тоглосон Олег Меньшиков нар бүтээсэн бол найруулагч өөрөө III Александр хаанд тоглосон.
Энэхүү кино Орос Улсын Шагналыг хүртсэн бөгөөд үүнээс болж Михалковыг ерөнхийлөгч болох зорилготой гэх цуу яриа тархжээ. Харин найруулагч Оросын Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 1998 онд сонгогдож ажиллахаар болсон юм. Тэрээр 2000 оноос хойш Москвагийн Кино Наадмыг зохион байгуулж байна. Мөн Ника Шагналтай өрсөлдөхүйц Оросын кино академийн Алтан Бүргэд Шагналыг санаачлан олгох болсон.
2005 онд Михалков жүжигчний ажлаа сэргээж гурван кинонд тоглосон. Эдгээр нь Статский советник, Оросын бокс-оффисыг тухайн үедээ эвдсэн Жмурки, Оросын мафийн тухай өгүүлэх Персона нон грата юм.
Сидней Люмэтийн Арван хоёр ууртай эр киноноос сэдэвлэсэн 12 бүтээл нь 2007 оны есдүгээр сарын 8-нд Венецийн Кино Наадмаас өндөр үнэлгээ авсан билээ. 2008 оны нэгдүгээр сарын 22-нд 12 кино Оскарын шагналд нэр дэвшжээ. Энэ талаараа Михалков “Америкчуудын анхааралд энэ кино өртсөн нь баярлууштай. Үүнээс ч илүүтэйгээр нэр дэвшиж буй таван киноны нэг болсонд бүр их баярлаж байна. Миний хувьд энэ бол тэмдэглүүштэй үйл явдал” гэж ярьжээ.
2010 оны Каннын Кино Наадамд найруулагч Утомлённые солнцем 2 киногоороо оролцсон ч шагнал хүртээгүй. Харин Оскарын 84 дэх удаагийн наадамд Оросыг төлөөлөн оролцох Гадаад хэл дээрх Шилдэг Киногоор энэ бүтээл нь сонгогдсон юм.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Михалков анхны эхнэр Анастасия Вертинскаятай 1967 оны гуравдугаар сарын 6-нд гэрлэсэн бөгөөд тэдний хүү Степан Михалков 1966 онд төрсөн.
Хоёр дахь эхнэр нь загвар өмсөгч байсан Татъяна бөгөөд тэд Анна (1974 онд төрсөн), Артем (1975.12.8-нд төрсөн), Надя (1986.9.27-нд төрсөн) хэмээх гурван хүүхэдтэй.
Улс төрийн үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Михалков Оросын улс төрд идэвхитэй оролцдог нэгэн. Тэрээр эх оронч үзлээрээ алдартай.
2006 оны аравдугаар сард Михалков Сербид очиж, Косовогийн талаар баримталж буй Сербийн бодлогод дэмжлэг үзүүлж байсан. 2008 онд Сербийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Томислав Николичийг дэмжихээр дахин Сербид очжээ. 1992-99 оны Югославын дайны үеэр Сербүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийг эрс няцаадаг залуусын “Номоканон” байгууллагын уулзалтанд тэрээр оролцож байжээ. Тэр үед хэлсэн үгэндээ Михалков “Үнэн алдартны шашны эсрэг дайн”-ы тухай ярьж, Үнэн алдартны шашныг “МакДоналдсын эсрэг соёлын болоод оюун ухааны үүднээс тэмцэх гол хүчин” хэмээн ишлэж байв. Түүний мэдэгдэлд хариу болгож сэтгүүлчийн “МакДоналдс, Сталинизм хоёрын аль нь дээр вэ?” гэсэн асуултанд Михалков “Тухайн хүнээсээ шалтгаална” гэж хариулжээ. Михалков өөрийгөө хаант засгийг дэмжигч гэдэг.
Тэрээр ерөнхийлөгч Владимир Путиний идэвхитэй дэмжигч. 2007 оны аравдугаар сард Путиний 55 насны төрсөн өдөрт зориулсан телевизийн хөтөлбөрөөр “Ажиллах хугацаа чинь дуусч албан тушаалаасаа буусан ч битгий бууж өгөөрэй” хэмээн Путинд хандан хэлж байжээ.
Михалковын удирддаг Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийг Оросын киноныхон нэлээд шүүмжилдэг бөгөөд 2010 оны дөрөвдүгээр сард нийгэмлэгийн олон гишүүн гарч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр нийгэмлэгт элссэн явдал болж байв.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Оросын кино найруулагч
- Оросын кино жүжигчин
- Киноны продюсер
- Оросын кино зохиолч
- Ардын Жүжигчин (ЗСБНХОУ)
- Төрийн шагналтан (ОХУ)
- Оросын аугаа эх орны гавьяаны одон шагналтан
- ОХУ-ын Хөдөлмөрийн баатар
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Хүндэт легионы гишүүн (командлагч)
- Белградын хүндэт иргэн
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1945 онд төрсөн
- Москвагийн хүн