Ниссан

Ниссан Мотор Ко., Лтд.
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат Компани
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Үүсгэн байгуулагдсан1933 оны 12-р сарын 26 (1933-12-26)
Үүсгэн байгуулагчХашимото Масүжиро
Дэн Кэнжиро
Аоям Рокүроа
Такэүчи Мэйтаро
Айкава Ёшисүкэ
Уильям Горхам (инженер)
Төв байрЁкохама, Япон
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсКарлос Гон, (ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал)[1]
Шига Тошиюки
(ТУЗ-ийн дэд ерөнхийлөгч)[1][2]
БүтээгдэхүүнАвтомашин
Үйлдвэрлэлийн хэмжээ5,097,772 автомашин үйлдвэрлэсэн (2014)[3]
Орлого9,41 Их наяд иен, (2011/12)[4]
Эзэмшигч(ид)Рено (43.4%)
Ажилчид248,530 (2014)[5]
Салбар компани
Цахим хуудасnissan-global.com

Ниссан (япон 日産自動車株式会社, Nissan Jidōsha Kabushiki kaisha, монг. Ниссан Автомашин ХК) нь Японы автомашин үйлдвэрлэгч компани бөгөөд Датсун болон Принце компаниуд нэгдсэнээр үүсчээ.

Ниссан нь Никкей 225-ын жагсаалтад бүртгэлтэй ба биржийн үнэ цэнээр нь хэмжвэл дэлхийд гуравт ордог автомашин үйлдвэрлэгч юм.

1999 онд Ниссан францын автомашин үйлдвэрлэгч Рено компанитай Рено-Ниссаны холбоог үүсгэсэн ба энэ холбооны нийт хөрөнгийн 43,5 хувийг Ниссан эзэмшдэг байна. 2010 онд Даймлер ХК нь Рено-Ниссантай стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэн Ниссаны 3,1 хувийг эзэмших болсон. Үлдсэн хувийг нь өөр бусад компаниуд хуваан эзэмшдэг байна.[6]

Түүx[засварлах | кодоор засварлах]

1911-1934: Ниссан Мотор компанийн үүсэл[засварлах | кодоор засварлах]

Анхны компанийн ерөнхийлөгч Айкава Ёшисүкэ

Ниссан компанийн түүх нь 1911 оноос эхлэх ба Токиогийн техникч Хашимото Масүжиро нь Кайшинша Моторкар Воркс гэх нэртэй компани байгуулаад 1914 онд анхныхаа суудлын автомашиныг үйлдвэрлэжээ. Энэ автомашинаа «ДАТ» хэмээн нэрлэсэн нь түүнд автомашин үйлдвэрлэх боломжийг гарган, хөрөнгө оруулсан хүмүүсийн овгийн эхний үсгүүдээс бүтсэн юм (Дэн Кэнжиро, Аояма Рокүро, Такэүчи Акэтаро). Гэвч түүний үйлдвэрлэсэн автомашин нь тухайн үедээ нэг их борлуулалт байхгүй байсны учир нь энэ төрлийн тансаг хэрэглээний зах зээл байхгүй мөн түүнчлэн автомашиныг ашиглах дэд бүтэц хөгжөөгүй зэрэг шалтгаан байв. Ингээд удалгүй Японы засгийн газрын шийдвэрийн дагуу 1918 оноос эхлэн армид зориулсан ачааны автомашин үйлдвэрлэж эхлэв.

1920-иод онд борлуулалт багассаны улмаас 1926 онд ачааны автомашин үйлдвэрлэгч Жицүё Моторстой нэгджээ. Энэ нэгдлийн үр дүн нь ДАТ Автомобиль Мануфактуринг Ко., Лтд гэх аж ахуйн нэгж үүссэн байна. 1930 онд Датсон 10 гэх нэртэй 495 см эзэлхүүнтэй нэгэн жижигхэн суудлын автомашиныг зах зээлд гаргав. Датсон гэх нэр нь англи хэлний "ДАТ-ын хүү" гэсэн утгаар хэрэглэсэн ба учир нь ДАТ нь тэр хүртэл зөвхөн тансаг зэрэглэлийн том оврын суудлын автомашин үйлдвэрлэж байж. Азгүй нь сон гэх япон үг нь «ашиггүй» эсвэл «алдагдал» гэх утгыг илэрхийлэх учир хүмүүс муу ёрын зүйл болно доо хэмээн эмээрхдэг байв. Энэ нь ч биеллээ олж байгаа юм шиг 1931 онд Датсон 10-ийг угсарч байсан үйлдвэр нь хар шуурганд өртөн сүйджээ.

Үйлдвэрээ шинэчилсэний дараа нэрээ өөрчлөхөөр шийдэн "Датсун" болгосон ба сун (мн: нар) нь англи хэлнээс гаралтай үг бөгөөд бас ургах нарны улс буюу наран япон улс гэсэн утгыг давхар илэрхийлдэг аж. Датсун 11 загвар нь энэ компанийн нэрийг зүүсэн анхны бүтээгдхүүн боллоо. 1931 онд Тобата Кастинг гэх автомашины эд анги нийлүүлэгч үйлдвэр нь ДАТ Автомобиль Мануфактуринг Ко., Лтд компанийг худалдан авав.

Үүнтэй зэрэгцээ 1928 онд Нихон Сангё (япон: 日本産業) гэх нэртэй концерн (япон: コンツェルン) үүссэн ба түүний хувьцаа нь Японы хөрөнгийн бирж дээр Ниссан гэсэн товчлолоор хэрэглэдэг байж. Энэ компанийн эзэмшигч нь Айкава Ёшисүкэ байсан ба Тобата Кастинг компани ч түүний эзэмшлийн компани юм. 1933 онд Тобата Кастинг Ёкохамад автомашины үйлдвэр барих зорилгоор томоохон газар худалдан авчээ. 1933 онд эхлээд Тобата Кастинг болон Нихон Сангё, дараа нь 12 сарын 26-нд Жидоша Сэйзо Ко., Лтд. (мн: автомашин үйлдвэрлэгч гэж орчуулж болно) зэрэг нь 10 сая иений үндсэн хөрөнгөтэйгээр нэгдэн шинэ компани үүсгэн байгуулжээ. Шинэ үүсэн компани нь өөрийн гэсэн нэртэй болж үнэтэй автомашин үйлдвэрлэх зорилготой байсан бол Датсун нь хямд загварын автомашинаар нийтийн хэрэгцээг хангах ёстой байлаа.

Шинэ барих үйлдвэртээ ажиллах инженерүүдийг АНУ-д сурган бэлтгэх болон тэндээс үйлдвэрийн төхөөрөмж, багаж хэрэгсэлийг авах шаардлагатай байлаа. Энэ үүрэг даалгаварыг тухайн үед Японд амьдран, 1921 оноос хойш Айкава концернд ажиллаж байсан америк инженер Уильям Р. Горхам хүлээн авсан байна. Тэрээр Америк аялалаар очиж Америкийн автомашин үйлдвэрлэгч Грахам-Пайгегийн бараг шинээр шахуу татан буугдсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Ингээд 1934 оны тавдугаар сард Ёкохамагийн үйлдвэр нь ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Ниссаны үйлдвэр нь энэ газартаа байгаа юм. Гэвч угсралтын дамжлагын шугамуудыг бэлэн болгон урсгал дамжлагын үйлдвэрлэлийг эхлүүлэх хүртэл ажил хийгдсээр яваад 1935 оны дөрөвдүгээр сарыг хүргэсэн байна. Тухайн үедээ Ниссан нь Японы хамгийн том болон орчин үеийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй компани байсан байна. Хамгийн анхны япончуудын бүгдийг нь өөрсдөө үйлдвэрлэсэн автомашин нь энд үйлдвэрлэгдсэн бөгөөд энэ нь Датсун 14 байв.

1934 оны зургаадугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар толгой компани болох Нихон Сангё нь ихэнх хувьцааг эзэмших болсноор тус компани нэрээ өнөөдрийн бидний мэдэх нэр Ниссан Мотор Ко., Лтд. болгон өөрчилсөн бөгөөд Айкава компанийн ерөнхийлөгч болсон байна.

1936-1945: Дайны үеийн үйлдвэрлэл[засварлах | кодоор засварлах]

Японы эдийн засаг нь улам ихээр дайны байдалд шилжив. 1936 оны тавдугаар сард Японы засгийн газар дотоодын эдийн засгийг хамгаалах хууль гаргав. Энэ хуулийн дагуу жилдээ 3000-аас дээш ширхэг автомашин үйлдвэрлэж байгаа бүх автомашины үйлдвэрүүд нь Японы засгийн газраас зөвшөөрлийн лиценз авахыг шаардсан байна. Гэтэл үүнд зөвхөн Форд болон Женерал Моторс хамаарч байсан ба тухайн үедээ энэ хоёр компани нь Японы зах зээлийн тэргүүлэгчид нь байлаа. Цаашлаад дараа жил нь импортын барааны татварыг маш өндөр болгон нэмснээр өөрийн улсад байгаа Америкийн өрсөлдөгчдийг үндсэндээ элгээр нь хэвтүүлж авчээ. 1937 онд гарсан Япон-Хятадын 2-р дайнаас шалтгаалан автомашины хэрэгцээ өссөн учир Ниссан үндсэн үйлдвэрлэл болох ачааны автомашин болон автобуснаас гадна иргэний суудлын автомашиныг үйлдвэрлэх болов.

1938 онд компанийг үндэслэгч нь Манж-го дахь, хагас нь улсын мэдэлд байсан Маншю Жюүкогёо Кайхацүгийн ерөнхийлөгч болжээ. Энэ корпорацид 1934 оноос хойш Гросслеигээс Исүзүд өгсөн ашиглалтын лицензээр танк үйлдвэрлэж байсан Доова Жидооша Коогёо К.К. бас хамрагдаж байв. Дэлхийн 2-р дайны үед нисэх онгоц болон завины хөдөлгүүрийг Японы армид[7] зориулан үйлдвэрлэхийн тулд автомашины үйлдвэрлэлээ бүрэн зогсоожээ. Компанийн төв байр нь жилийн дараа Токио руу шилжсэн ба Айкава эх газраас хөрөнгө оруулагчдын хувийг салгасан байна. Ингэж салсны дараа нэрээ өөрчлөн Ниссан Хэви Индастриз, Лтд. гэх нэртэй болсон ба энэ нь 1949 он хүртэл байсан аж.

1946-1949: Дайны дараах үе[засварлах | кодоор засварлах]

Дайны дараах Японд Ниссан нэлээд олон хүнд асуудалтай тулгарчээ. Суудлын автомашины үйлдвэрлэлд шаардлагатай Ёкоxамагийн үндсэн үйлдвэр нь дайнд нэрвэгдэн сүйрснээс гадна эзэлсэн орны мэдэлд байлаа. Түүнээс гадны дайны өмнө болон дайны үед Ниссанд харьяалалтай байсан Япон Мотор Вехикл Дистрибюшн Ко. Лтд. нь задран, түүний өрсөлдөгч компани Тоёотад оржээ. Хэдийгээр иймэрхүү асуудалтай байсан ч 1945 оны сүүлээр эхний автомашинаа дамжлагаас гаргасан нь сэргээн босголтод маш хэрэгтэй байсан бөгөөд удаан хугацаанд Ниссаны үйлдвэрлэсэн автомашин шинээр үйлдвэрлэгдэж буй автомашины ихээхэн хэсгийг эзэлж байв. 1947 оноос эхлэн эзэлсэн орны суудлын автомашин үйлдвэрлэх хориг тавигдсан нь цөөн тоогоор үйлдвэрлэж байсан суудлын автомашины тоог нэмэгдүүлэх үндэс болов. Хоёр жилийн дараа дайны үед өөрчилсөн байсан нэрээ буцаан Ниссан Мотор Ко. Лтд. болгов. Мөн түүнээс өмнө буюу дайн дууссаны дараа жил нь компанийн төвийг буцаан Ёкохама руу шилжүүлсэн байна.

1950-1979: Лицензийн үйлдвэрлэл болон гадаадад тэлсэн нь[засварлах | кодоор засварлах]

Датсун 112 загвар, 1956 он

1950 онд гарсан Солонгосын дайны улмаас Ниссан Америкийн армийг өөрийн хэрэглэгчээр авч чадсан бөгөөд маш том гэрээ хийн олон мянган ачааны автомашиныг Америкийн лицензээр үйлдвэрлэжээ. Энэ гэрээнээс олсон орлого нь үйлдвэрлэлийн тоноглол төхөөрөмжид сайнаар нөлөөлсний дотор хуучин болон засаж сайжруулсан үйлдвэрлэлийн машинуудаа орчин үеийн хувилбараар солих бололцоог олгосон байна. Суудлын автомашины үйлдвэрлэл ч бас үүнээс тодорхой хэмжээгээр үр ашгаа өгч байгаа бүтээгдхүүний чанар дээшилснээр мэдэгдэж байлаа. Мөн тэр жилдээ Ниссан Минсэй Дизель Мотор Ко., Лтд. компанийг өөрийн болгож авсан бөгөөд түүнээс хойш арван жилийн дараа Ниссан Дизель Мотор Ко., Лтд. болон нэрээ өөрчилжээ.

Японы олон олон компанийн нэгэн адил Ниссан ч бас дайнаас шалтгаалан хоцрогдсон технологийн хөгжлийг гүйцэхийн тулд лицензийн хамтрагчийг хайж байв. Их Британийн Аустин Мотор Компанийг хамтрагчаар авч чадсан бөгөөд тэдний үйлдвэрлэсэн автомашин нь Японы муу замд нэлээд эдэлгээ сайтай болох нь батлагдсан компани байжээ. 1950-иад онд Аустин Мотор Компанитай албан ёсоор хамтран ажиллах гэрээ хийсэн бол үүний дараа БМК-тай гэрээ хийж чадлаа.

1980-1999: Олон улсад үйлдвэрлэсэн үе болон дампуурлын ирмэгт тулсан нь[засварлах | кодоор засварлах]

1980-аад онд Японы автомашины аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөн нь гадны маркийг улам хүчтэй шахаж байв. Үүний улмаас тэнд байгаа автомашины үйлдвэрлэгчид нь гаднаас орж ирж байгаа автомашины импортын эсрэг ажиллаж эхэлсэн бөгөөд засгийн газар ч мөн импортыг хязгаарлах бодлого барих төлөвтэй боллоо. Үүнээс шалтгаалан Ниссан тухайн бүс нутагт нь өөрийн гэсэн үйлдвэрийг шинээр нээн тухайн бүс нутгийн үйлдвэрлэгч болохоор бодлого баримтлав. 1976 онд Мексик болон Австралид, 1980 онд америкийн Смирнад нэмэлт үйлдвэрүүд барих үндэс сууриа тавьсан ба Испанийн Мотор Иберика, С.А.-ийн байсан үйлдвэрийг худалдаж авав. Энэ худалдан авалтаар Европт анхныхаа салбарыг нээх боломжтой болсон бол, 1984 онд Английн Сандерландад шинэ үйлдвэр нэмж барьсан байна. Америк болон Испани дахь үйлдвэрлэл нь 1983 онд Пик-Ап болон Патролоор, харин Англид 1986 оноос эхлэн Блюбирдийг үйлдвэрлэснээр эхэлжээ.

Компанийг шинээр гэрэлтүүлэх үүднээс 1981 онд автомашины маркийн нэр болох Датсунийг Ниссан нэрийн төлөө байхгүй болгох мэдэгдэл хийсэн аж. Датсун гэх нэр нь дэлхийн 2-р дайнаас хойш ерөнхийдөө экспортын бүтээгдхүүний нэрээр ашиглажээ. Япон дахь компанийн удирдлага нь тухайн үед Ниссан гэсэн нэр нь америкийн армийг хуяглагч концерноор гадныхны санаанд үлдсэн байх магадлалтай бөгөөд үүнээс шалтгаалан автомашинууд нь зарагдахгүй байх аюултай хэмээн эмээж байв. Харин одоо гучаад жил өнгөрсөн учир маркийн нэрээ өөрчлөн Ниссан болгох нь ямар нэг асуудал үүсгэхгүй гэж үзээд дэлхий даяар өөрийн салбар үйлдвэрүүдийн нэрийг өөрчилсөн ажээ.

Тоёотагийн тансаг загварын марк Лексус болон Хондагийн Акурад хариу болгон Ниссан 1989 онд хойд Америкт өөрийн шинэ марк Инфинитиг гаргаж ирлээ.

1990-ээд оны эхээр Ниссан өөрийн олон салбар үйлдвэрүүдээ санхүүжүүлэх үүднээс ихээхэн хэмжээний зээл авсан байсан нь хямралд ороход хүргэжээ. Үүний шалтгаан нь Японы эдийн засгийн хямрал байсан ба энэ хямрал нь нийт хөрөнгийн заx зээлийг уналтад оруулсанаас үүдэлтэй.

1999 оноос хойш: Рено-Ниссан холбоо[засварлах | кодоор засварлах]

1999 оны гуравдугаар сарын 27-нд Рено болон Ниссан хамтын ажиллагааны гэрээ хийснээр Рено-Ниссан холбоо үүслээ. Хувьцааны арилжаагаар холбогдсон аж ахуйн нэгж нь цаашдаа өөрийн бие даасан бүтэцтэй байсан ба ингэсэнээр өөрийн гэсэн менежментийн бодлогоо баримтлах бололцоотой байсан нь өөрийн гэсэн ашгийг ч олж чаджээ. Гурван жилийн дараа Реногийн удирдах зөвлөлийн дарга нь компанийг сайжруулах нэгэн төлөвлөгөө гаргаснаа мэдэгдэв. Энэ төлөвлөгөөний дагуу гурван жилийн дотор компанийн өрийг хагаслан, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай байв. Үүний тулд концерний ашиглаж байгаа автомашины платформыг цөөлөх, Японд байгаа хэд хэдэн үйлдвэрийг хаах шаардлагатай гэж үзжээ. Гэхдээ зөвхөн хэмнэлт хийх бус, харин хөрөнгө оруулагчдын туслалцаатайгаар шинээр загварууд гаргаснаар орлого олох ёстой гэжээ. Энэ бодлого нь үр дүнгээ өгснөөр барахгүй маш богино хугацаанд буюу 2001 он гэхэд л ашиг олж эхэлснээр гурван жилийн төлөвлөгөө нь хугацаанаасаа нэг жилийн өмнө дууссан байна.[8]

Компанийн удирдлага[засварлах | кодоор засварлах]

  • 1933–1939 Айкава Ёшисүкэ
  • 1939–1942 Мураками Масасүкэ
  • 1942–1944 Асахара Гэншичи
  • 1944–1945 Күдо Харүто
  • 1945 Мураяма Такэши
  • 1945–1947 Ямамото Соожи
  • 1947–1951 Миноүра Тайчи
  • 1951–1957 Асахара Гэншичи
  • 1957–1973 Кавамата Кацүжи
  • 1973–1977 Ивакоши Тадахиро
  • 1977–1985 Ишихара Такаши
  • 1985–1992 Күмэ Ютака
  • 1992–1996 Цүжи Ёшифүми
  • 1996–2001 Ханава Ёшиказү
  • 2001 оноос хойш Карлос Гон

Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)[засварлах | кодоор засварлах]

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ниссан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Executive Bios Nissan 2013-07-09
  2. Nissan announces management makeover, COO Shiga to become vice chairman Reuters, 2013-11-01
  3. Nissan Production, Sales and Export Results for December 2014 and Calendar Year 2014 Nissan, 2015-01-28
  4. Ниссаны санхүүгийн тайлан, 2011 он, nissan-global.com 2012.05.11, хандсан 2012.07.25
  5. Outline of company 2013-01-28
  6. FAZ.net: Überkreuzbeteiligung: Allianz von Daimler, Renault und Nissan steht, 7. April 2010
  7. durch Manshū Koku Hikōki Seizō (gegr. 1938. 満州飛行機製造; Manshū Aircraft Company)
  8. Nissan schließt Nissan Revival-Plan ein Jahr früher als geplant ab, abgerufen am 17. August 2010