Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад, товчоор ОУСБШУО, (англ. International junior science olympiad, IJSO) нь 16 нас хүрээгүй сурагчидын дунд жил бүр зохиогддог байгалийн шинжлэх ухааны тэмцээн юм. Орон бүрээс оролцох баг нь үндэсний хэмжээнд шалгарсан зургаан сурагч (оролцогч) болон багийн гурван удирдагчаас бүрдэнэ. Мөн ажиглагч дагалдан явах боломжтой. Энэ нь Олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэгд ордог. Хамгийн анхны ОУСБШУО нь 2004 онд Индонез улсын Жакарта хотод зохиогдож байсан.

Шалгалт[засварлах | edit source]

Тэмцээн нь гурван өдөр үргэлжлэнэ. Эхний өдөр тестийн шалгалт, дараагийн өдөр онолын бодлого, сүүлийн өдөр нь туршилтын ажил хийдэг ба оролцогчдын физик, хими, биологийн мэдлэгийг шалгадаг. Нийт 100 оноо авах боломжтой.

Тестийн шалгалт[засварлах | edit source]

Нийт 30 тест ирдэг ба эдгээрийн 10 нь физик, 10 нь хими, 10 нь биологийн агуулагатай байдаг. Тест бүрд дөрвөн өөр сонголт байх бөгөөд зөвхөн нэг зөв хариуг олох ёстой. Зөв хариулсан тест бүр 1 оноо, хариулаагүй бол 0 оноо, буруу хариулвал -0,25 оноо авах ба нийт 30 оноо авах боломжтой.

Онолын шалгалт[засварлах | edit source]

10 онооны 3 бодлого ирэх ба эдгээрийн 1 нь физик, 1 нь хими, 1 нь биологийн агуулагатай байдаг. Бодлого бүр хэд хэдэн асуултаас бүрдэнэ. Нийт 30 оноо авах боломжтой.

Tуршилтын шат[засварлах | edit source]

Туршилтын ажлыг нэг орны 3 хүүхэд 1 баг болж хамтарч хийдэг. Байгалийн шинжлэх ухааныг нийтэд нь хамарсан эсвэл аль нэг шинжлэх ухааныг хамарсан хэд хэдэн ажил ирдэг. Нийт 40 оноо авах боломжтой.

Шагнал урамшуулал[засварлах | edit source]

Нийт оролцогчдыг нийлбэр оноогоор нь жагсаан байр эзлүүлэх ба алтан медалийг нийт оролцогчдын хамгийн өндөр оноо авсан 10%-д мөнгөн медалийг дараагийн 20%-д хүрэл медалийг дараагийн 30%-д олгодог. Бусад оролцогчид оролцсон тухай сертификат хүртдэг.

Түүнчлэн хамгийн өндөр оноо авсан оролцогч (Үнэмлэхүй аварга), онол, тестийн нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан оролцогч (Онолын үнэмлэхүй аварга), туршилтын ажлаар хамгийн өндөр оноо авсан баг (Туршилтын шилдэг баг), Хамгийн сайн амжилттай баг (Шилдэг баг)-ууд тусгай шагнал хүртдэг.

Монголын багийн үзүүлсэн амжилт[засварлах | edit source]

Монгол улс тус олимпиадад 2005 оноос хойш тасралтгүй 5 жил орж байгаа ба энэ хугацаанд нийт 4 мөнгө, 11 хүрэл медаль авчээ.

Зохион байгуулагч орнууд[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]