Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Очирбатын Цогтгэрэл нь 1967 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Монгол улсын гавьяат тамирчин. Бөхийн самбо барилдааны тамирчин, дасгалжуулагч. 1986 онд Улаанбаатарт Хөнгөн, хүнсний ТМС, 1994 онд БТДС-ийг төгссөн. Улсын шигшээ багт тамирчин, самбо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг хийж байсан. 1983 оноос самбо бөхөөр хичээллэж 1993 оны ДАШТ-ээс алт, 1988, 1990, 1994 оны ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс алт, мөнгө, 1988 оны залуучуудын ДАШТ-ээс алт, дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, МБАТ-ий спартакиадын хошой мөнгөн медаль хүртсэн, улсын 6 удаагийн аварга ажээ. 1996 оноос дасгалжуулагчаар ажиллаж, анхны жилдээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэсэн өсвөрийн тамирчид нь багаараа нэгдүгээр байр эзэлж, 4 алт, 3 мөнгөн медаль, дараах жилүүдэд дасгалжуулсан баг тамирчид нь 1997, 1998, 1999 онд дэлхийн цомын тэмцээнээс багаараа 2 алт, 3 хүрэл медаль, 1998, 1999 оны ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль тус тус хүртсэн байна.