Расулидийн зургаан хэлний толь
Расулидийн зургаан хэлний толь бол 1360-1370 аад онд Йемений Расулидийн угсааны султан Аль-Афдал аль-Аббасын (1363-1377) зарлигаар зохиогдсон толь бичиг юм. Энэ толь нь Аль-Афдал аль-Аббас султаны үед зохиогдсон "Fusul majmua fi'l-anwa' wa 'l-zuru' wa 'l-hisad" гэх олон төрлийн сэдвийг багтаасан бүтээлийн нэг хэсэг ба тухайн үеийн араб, перс, түрэг, грек, армен, монгол хэлний 1200 гаруй үгийг багтаасан соёлын үнэт дурсгал юм.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Толь бичиг нь үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг 186-197-р хуудаст Араб, Перс, Түрэг, Грек, Армен таван хэлний үгс байж, нэг нүүрийг хоёроос гурван бүлэг болгож, нэг бүлэгт 29-31 үгсийг 5 багана хуваажээ. Эхний хэсгийн нүүр бүрийн 1, 2-р бүлэгт таван хэлний үгийг, 3-р бүлэгт араб-монгол, араб-түрэг, араб-перс хэлний 20 гаруй үгсийг 2 баганад хуваан нэмэлтээр оруулжээ.
Хоёр дахь хэсэг: 197-206-р хуудаст араб, перс, түрэг, монгол хэлний үгийг нэг хуудсанд 3 багана болгон, нэг баганад 29-31 үг багтаажээ.[1] Уг тольд монгол хэлний үгс давхардсан тоогоор 910 гаруй байна.
Судлагаа
[засварлах | кодоор засварлах]Расулидийн толийг Тибор Халаси Күнь (Tibor Halasi-Kun), Лайош Лигети (Louis Ligeti), Эдмунд Шүц (Edmund Schütz) нар араб хэлнээс англи, герман хэлрүү орчуулсныг, 2000 онд Петр Бенжамин Голден (Peter B. Golden) тайлбар, эшлэл бичиж, засварлан "THE KING'S DICTIONARY: The Rasulid Hexaglot-Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian and Mongol"[2] нэртэйгээр Лейден, Бостон, Кёльн хотод хэвлүүлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ B. Golden, Peter (2000). THE KING'S DICTIONARY: The Rasulid Hexaglot-Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian and Mongol. Leiden, Boston, KOLN: Brill. p. 50.
- ↑ The King's Dictionary: The Rasūlid Hexaglot. 2000.