Сүрэнгийн Галсанжав
Сүрэнгийн Галсанжав (Увс аймгийн Хяргас суманд 1927 онд төрсөн-) - Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, театрын найруулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1945-1947 онд уран сайхны дунд сургууль төгсөөд урлагийн гараагаа Улсын хөгжимт драматик театрт жүжигчин, туслах найруулагчаар эхлүүлээд 1955 он хүртэл ажиллажээ. 1956-1961 онд ЗХУ-ын Москвагийн театр урлагийн дээд сургуульд сурч төгссөн мэргэжлийн найруулагч.
ЗХУ-ын Москва хотод сургууль төгсч ирсэнийхээ дараа Чойбалсан аймгийн Хөгжимт Драмын театрын уран сайхны удирдагч, Говь-Алтай аймаг, Дархан хотын Соёлын Ордны найруулагчаар ажиллаж байгаад 1970 оноос Улсын Драмын театрт найруулагчаар иржээ. Улмаар ерөнхий найруулагчаар томилогдон ажилласан байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Улсын Драмын Театрын тайзнаа Сергей Михалковын “Бардам туулай”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, Чадраабалын Лодойдамбын “Итгэж болно”, Сономын Удвалын “Цэрэн хаачив”, Н.Анкиловын “Цэргийн бэлэвсэн гэргий”, Чойжилын Чимидийн “Яндангийн дуу”, “Арын албаныхан”, Бертольд Брехтийн “Эхийн сэтгэл”, Донровын Намдагийн “Оролмаа эх”, Уильям Шекспирийн “Гамлет”, Д.Мягмарын “Нэгэн няравын паян”, Д.Нацагдорж, Д.Намдаг нарын “Их авхай”, С.Удвал, Эрдэнэбатын Оюун нарын “Бумбат эрдэнэ”, “Би яагаад” зэрэг жүжгийг найруулан тавьсан.
Найруулагчаас гадна С.Галсанжав авьяаслаг жүжигчин байсан. Д.Ванганы “Тожоо жолооч” жүжгийн гол дүрийг тайзнаа амилуулж байснаас гадна Ч.Чимидийн “Босгон дээр”, Ч.Ойдовын “Далан худалч” В.Катаевын “Хорооны хүү” зэрэг 20 гаруй жүжигт тогложээ.
1981 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртсэн.