Тогоончулууны Цэнд-Аюуш
Тогоончулууны Цэнд-Аюуш | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | уран нугараач |
Тогоончулууны Цэнд-Аюуш (1927 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн -2004 оны 7-р сарын 23-нд нас барсан) - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин уран нугараач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1941 онд циркийн сургууль төгссөнөөс хойш Улсын циркэд жүжигчин, уран сайхны удирдаач, найруулагч, зөвлөх багшаар олон жил ажиллажээ. Анх уран нугаралтын үзүүлбэрийг бие дааж хийснээс хойш “Тэмээн дээрх акробат”, “Агаарын гимнастик”, “Тулах тэнцвэр”, “Акробат үсрэлт”, “Шидэх тэнцвэр”, “Анчин ба бүргэд” зэрэг олон шилдэг үзүүлбэрийг уран бүтээлч нөхдийнхөө хамт туурвиж, циркийн аль ч төрөл жанрыг чадамгай эзэмшсэн жүжигчин мөнөө харуулж дотоод, гадаадын үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Дэлхийн Залуучууд Оюутны гурван удаагийн Их наадам, социалист орнууд, дэлхий, олон улсын циркийн жүжигчдийн наадам, уралдаан, тэмцээнд мэргэжил нэгт жүжигчин нугарагч нарынхаа хамт удаа дараа оролцож нэр хүндтэй олон арван шагнал, цомуудыг авсан хүүхэд байхаасаа эхлэн 60 гаруй жил циркийн урлагт жирийн жүжигчнээс уран сайхны удирдагч болж ажиллахдаа циркийн урын сангийн бодлогыг боловсруулан эх орондоо төдийгүй дэлхийн циркийн хөгжилд Монголын нэртэй шилдэг үзүүлбэр, жанрыг гаргасан циркийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.
Монголын сонгодог уран нугаралтын түүхийг эхлүүлсэн энэ эрхэм 1958 онд анхны гарын шавиа бэлтгэж эхэлсэн нь Б.Норовсамбуу. Завхан аймгийн Сонгино сумаас ирсэн, уян биетэй ч уран сайхны зөвлөлд гологдсон охиныг өөрөө даан авч, загасны тос уулган, “тахир гарыг” нь Т.Цэнд-Аюуш багш засаж өгсөн гэдэг.
1972-1982 онд түүнийг Улсын циркийн Уран сайхны удирдагчаар ажиллаж байх үед Монголын цирк дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж алдаршсан болохоор гаднын уран бүтээлчид “Мадам Цэнд-Аюуш” хэмээн түүнийг хүндлэн авгайлдаг болсон юм.
Монголын циркийн урлагт цахилгаан хөдөлгүүрт үзүүлбэр бүтээсэн анхны жүжигчин, уран нугарагчдын хэдэн үеийг сургаж боловсруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ.
Монголын уран нугараачид эдүгээ 100 шахуу бие даасан үзүүлбэр тоглож, олон улсын 40 гаруй тэмцээнээс шагнал хүртэн, дэлхийн өнцөг булан бүрт уран биеийн гайхамшгийг алдаршуулж буй нь түүний л гавьяа. Циркийн анхдагчдын нэг, уран нугаралтыг үндэслэгч, Монголын циркийн урлагийн “Өндөр ээж”, авьяаслаг найруулагч гэж Т.Цэнд-Аюуш гуайг тодорхойлж байжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1958-12-10.№192/,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1971/ - Дэлхийн циркийн урлагт Монголын уран нугаралт гэсэн өөрийн дэг, өнгө төрхтэй урлагийг бий болгож найруулсан учир хоёр шавь Б.Норовсамбуу, Д.Мажигсүрэн нарын хамт.
- БНМАУ-ын Ардын Жүжигчин /1978-01-05. №02/,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.