Jump to content

Тугатөмөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тугатөмөр (заримдаа Тугайтөмөр, Тугтөмөр, Тукатөмөр) бол Чингис хааны ууган хөвүүн Зүчи ханы арван гуравдугаар хөвүүн бөгөөд Алтан Ордны Улсын сүүл үе болон тус улсын залгамж болсон Крым, Казань, Астрахань, Ногай, Их Орд, Касымын Орд, Казах, Хива зэрэг улсын хаадын дээд өвөг болсон.

Түүхэнд Зүчи хааны арван дөрвөн хөвүүний нэр мэдэгдэж байгаагийн арван гурав дахь нь Тугатөмөр ноён юм. Тэрээр ахмад хөвүүдийн аян дайнд оролцсон ч, нэр алдар нь товойж гарсангүй. Дайн дууссаны дараа Бат хаанаас эзэмшил нутаг авсан. Гүюг, Мөнх нарыг их хаанд өргөмжлөх хуралдайд Зүчийн ургийг төлөөлөн оролцож байсан. Хэзээ нас барсан нь тодорхойгүй.

Тугатөмөр нь дөрвөн хөвүүнтэй байсан.

  1. Байтөмөрийн ургаас Хар Нохой, Туглугтөмөр, Кутлуг хожа, Мубарак хожа гэх дөрвөн хүн Цагаан Ордыг 1360-1369 оны хооронд хаанчилсан.
  2. Баянгийн ургаас зөвхөн Ордумелиг гэгчээс өөр хүн хаан болоогүй.
  3. Урунтөмөрийн ургаас Урус, Тохтамыш, Хажжи Гирэй нар Алтан Ордын сүүл үеийн хаад болж, тэдний удмаас Казань, Крым, Касим, Казахын Хант Улсыг байгуулсан.
  4. Кинтөмөрийн удмын салбараас Алтан Ордын сүүлчийн хаад тодорч, мөн Их Орд, Астрахань, Бухар зэрэг улсыг байгуулан хаанчилж байсан.