Jump to content

Феликс Мендельсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Якоб Лудвиг Феликс Менделсон Бартолди[1] (Герман: Jakob Ludwig Felix Mendelssohn Bartholdy, 1809 оны хоёрдугаар сарын 3-нд Хамбургт төрсөн; 1847 оны арваннэгдүгээр сарын 4-нд Лайпцигт насан эцэслэсэн) нь Германы хөгжмийн зохиолч байв.

Феликс Менделсоныг “XIX зууны Моцарт” хэмээн арай хэтрүүлэн үнэлсэн байдаг. Гэвч үүнд үнэтэй тал бий нь юу гэвэл, түүний авьяас ер бусын эрт тодорсон бөгөөд аялгуу тансаг сайхан аялгуу, гэрэл гэгээтэй тодорхой дуурьслын шинж чанараараа Моцарттай нэн ойр юм. Ийм ч болохоор нь түүнийг бас романтикуудын дунд төрсөн сонгодог зохиолч нэж нэрлэх нь бий. Амьдрал уран бүтээлийнхээ туршид Хендел, Бах, Моцарт, Бетховений бүтээсэн урлагийг биширдэг байв. Менделсон урьд эдүгээгийн урлах аргын алийг ч хосолж чаддаг өвөрмөц талтай. Тэрээр үндэснийхээ ардын болон шинэ яруу найраг, дэлхийн утга зохиолын сэдэв, эрт цагаас ард түмний дунд дэлгэрсэн хөгжмийн хэлбэр зэргийг бүтээлдээ өргөн ашигладаг байлаа. Тэр, баатарлаг юм уу сэтгэхүйн гүн гүнзгий эрс тэс хөдөлгөөн зөрчилтэй зохиол бичдэггүй, харин тов тодорхой хэлбэр барилыг ашиглаж цэлмүүн сайхан уянга бүтээдэг байв.

Суут хүмүүсийн амьдралд нэн ховор тохиолдох амьдралын таатай сайхан нөхцөл Менделсонд олдсон байдаг юм. Тэр амьжиргааны талаар санаа зовсонгүй, түүнчлэн алдар хүндэтгэлийн титэм аяндаа хүрч ирж байлаа. Хөгжмийн ертөнц рүү алхсан даруйд нь алдар гавьяа тосон авч байлаа.

Менделсон 1809 онд Хамбург хотноо сэхээлний гэр бүлд төржээ. Түүний өвөг эцэг нэрд гарсан гүн ухаантан байв. Банкны эзэн эцэг нь хөгжмийн зохиолч хүүгийнхээ багш зөвлөгч байх буурьтай боловсролтой хүн байжээ. Феликсийг мэндэлсний дараахан тэд гэр бүлээрээ Берлинд шилжин суув. Менделсоны хурц авьяас нь маш эрт тодорсон бөгөөд 9 настайгаасаа концертод хөгжимдөж эхэлжээ. Зохиох, туурвих авьяас нь ч үүнтэй бараг зэрэг тодорч 11 настайгаасаа театр тайзны бяцхан зохиолууд, найрал болон цөөхүүл хөгжмийн аязууд бичжээ.

Менделсоны гэрт тэр үеийн шилдэг сэхээтхүүд цуглардаг байсан нь Менделсоны ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны таашаал сонирхол, уран сайхны үзэл чиглэл эрт бүрэлдэн цогцлоход тусалсан.

Түүний багш Целтер нь шавиа бахархаж их яруу найрагч Гётетэй танилцуулсан нь сонгодог урлагт түүнийг улам ойртуулж өгсөн билээ. Менделсонд ойр дотно танилцсан Веберийн хөгжим, түүний романтик уран зөгнөлт сэтгэлэг, үндэсний өвөрмөц хөг аяс онцгой нөлөөлсөн байдаг. Ийнхүү Менделсон идэр залуудаа урлах чадвараа олж 17 хүрээгүй шахам байхдаа ШекспирийнЗуны шөнийн зүүд” хэмээх симфони удиртгал нь олон жилийн хожим зохиосон зохиолуудаас нь ч давуу ур чадварлаг байв. Түүнчлэн энэ үеэс “Камахо гэрлэсэн нь” дуурь, шашны хөгжим, төгөлдөр хуурын олон зохиол, симфони болон дөрвөлүүд зэрэг хөгжмийн төрлүүдийг хамарсан бүтээл туурвисан ажээ. Энэ мэтээр Менделсоны нэр Берлинээс халин гарчээ. Менделсон Берлиний их сургуулийн түүх-хэлний ангийг эчнээ сурч төгсөөд 21-тэйдээ олон талаар төгс төгөлдөр уран бүтээлч болжээ.

1829 оноос хилийн чанадад анх жуулчлан хөгжимдөж аялан тоглолт хийдэг болжээ. 1833 онд Дюссельдорф хотын хөгжмийн захирал болж олон талын үйл ажиллагааг өргөн хүрээтэй өрнүүлэх боломжтой болов. 1835 онд Лайпцигийн оркестрийн удирдаач болжээ.

Амьдралын сүүлийн жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Менделсоны хөгжим нь тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчид шиг биш, арай хуучин өнгө аялгуутай байсан тул тэр үедээ нэр хүнд харьцангуй бага байсан боловч одоо үед түүний суут хөгжим нь дэлхийн хамгийн гайхамшигт хөгжмийн дунд зүй ёсоор тооцогдож байна.

Тэрбээр Лайпциг хотод амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон удаа цус харваж 1847 онд нас баржээ.

  1. Заримдаа Феликс Менделсон-Бартолди хэмээн буруу бичсэн байдаг.