Jump to content

Формула-1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
«Формула-1»
автомашины уралдаан
Формула Нэгийн лого
Анги төрөлганц суудалт
Эрх хүрээДАШТ
ЭрхлэгчОУАХ
Эхэлсэн жил1950 он
Тамирчин23 нисгэгч
Зохион бүтээгч11 баг
Цахим хаягformula1.com
энэ жилийн уралдаан
Хуан Мануэль Фанжио 1954, 1955 онд түрүүлсэн Mercedes Benz W196 машины зураг.
2017 он хүртэлх Формула Нэгийн лого

«Формула-1» (Англи: FIA Formula One World Championships) — Олон Улсын Автомашины Холбоо (ОУАХ) 1950 оноос эхлэн жил бүр эрхлэн явуулж буй ганц суудалт автомашины дэлхийн аварга шалгаруулах гойд нэр хүндтэй уралдаан юм.

Жил бүрийн эхэнд эхэлж оны төгсгөл хүртэл цуврал уралдаан («гран-при» - «их шан» гэсэн утгатай франц үгнээс авсан) явагдах ба хувь нисгэгчийн болон зохион бүтээх багийн оноог тоолж тус бүр дэлхийн аваргыг тодруулдаг. Формула-1 уралдааны автомашин дэлхийд хамгийн хурдтай автомашин байдаг бөгөөд 360 км/цаг хурд авдаг.

Формула-1-ийн гран-при амралтын хоёр өдөр явагддаг. Баасан гарагт хоёр удаагийн дадлагын чөлөөт жолоодлого явагдана. Бямба гарагт нэг удаагийн дадлагын жолоодлого болно. Багийн гуравдугаар (нөөц) нисгэгч нарыг Баасанд жолоодох ба үндсэн тэмцээн болон байр эзлэх уралдаанд баг тус бүрээс хоёр нисгэгч л орно.

Байрлал тогтоох уралдаан Бямба гарагийн төгсгөлд болдог бол үндсэн уралдаан Ням гарагт явагддаг.

Байрлал тогтоох уралдаан

[засварлах | кодоор засварлах]
2005 оны Америкийн гран-пригийн байрлал тогтоох уралдаан. «Заубер-Петронас» багийн Жак Вильнёв

Дадлагын жолоодлого явагдаж төгсөхийн алдад байрлал тогтоох уралдаан явагдана.

Энэ уралдаанд нисгэгч хамгийн хурднаараа нэг тойргийг тойрох ёстой бөгөөд хамгийн хурдан тойрсоноороо жагсаж маргаашийн уралдаанд нүүрний шугамаас хэр зайтай гарах эрхийг авна. 1990-ээд оны эхээр нисгэгч их олон тойрч байгаад сайн үзүүлэлтийг нь сонгодог байсан бол 1990-ээд төгсгөлөөс тодорхой хэдэн тойрогт дүн шийдэгддэг нисгэгчийн хувьд богино хугацаанд анхаарал төвлөрүүлсэн, илүү эрсдэлтэй, өрсөлдөөнтэй болжээ.

2006 онд одоогийн дүрэм батлагдсан юм. Үүнд цаг хугацааг 1, 2, 3 гэсэн дугаартай гурван хэсэгт хуваасан. Эхний хугацаат уралдаанд удаан цаг үзүүлсэн нисгэгч нар хоёрдугаар хугацаат уралдаанд орохгүй бөгөөд ингэж шигшсээр 2,3-р хэсгийг дуусгана.

Энэ жилийнхээр жишээлвэл 1-р уралдаанд 20 автомашин 18 минут зарцуулж муу цагтай 5 дараагийн шат руу оролгүй хасагдаж байв. 2-р уралдаанд 15 нисгэгч 15 минутыг зарцуулж, 3-р уралдаанд 10 нисгэгч 10 минутыг зарцуулжээ.

Үндсэн уралдаан

[засварлах | кодоор засварлах]
2015 оны Австралийн гран-при. Түрүүч автомашин зам аюулгүй болох хүртэл уралдааныг тэргүүлнэ.

Жолооч нар гараанд өмнөх өдрийн дүнгээр хоёр салаа цувран байрлана. Таван улаан гэрэл ногоон гэрлээр солигдож зэрэг унтарсанаар автомашинууд хурдтай гараанаас гардаг. Гарааны үед шүргэлцэх замаас гарах, хоцрох тохиолдол гарах нь гайхах зүйл биш.

2011 оны Бразилын гран-при. Лотус багийн Ярно Труллийн пит-стоп.

Маш хүчтэй бороо гэх мэт тохиромжгүй нөхцөл байдал үүсч уралдан зогсохгүй л бол уралдаан хоёр цаг дотор болж өнгөрдөг. Түрүүлж гарсан жолооч улам тасрах хандлагатай бөгөөд сүүлийн жолооч түрүүлж яваа жолооч нарт тойргоор гүйцэгдэх (тойрогдуулах) нь бий. Ийм тохиолдолд шагналт байранд орох боломжгүй гэж үзвэл нисгэгч багтайгаа хэлэлцэн уралдаанаа төгсгөж болдог.

Осол гарч зам аюултай болсон бол шар гэрэл бүхий «аюулгүй байдлыг хангах» түрүүч автомашин уралдааны тэргүүнд гарах бөгөөд автомашинууд бага хурдаар, эзэлсэн байрын дагуу араас нь цувран дагадаг. Замын аюул засарсан гэж үзвэл түрүүч автомашин зайлж уралдаан хэвийн байдлаар үргэлжлэн явагдана.

Уралдааны явцад нисгэгч нар дугуй солих, эвдэрсэн эд ангийг засахаар (1994-2009 онд шатахуун цэнэглэдэг байсан) засварын цэгт зогсдог («пит-стоп»). Засварчид аль болох хурдан ажиллаж цөөн секунд зарцуулахыг хичээдэг. Багууд пит-стопт хэдэн удаа, хэддүгээр тойрогт зогсох вэ гэх мэт өөр өөр тактик хэрэглэх нь бий.

Оноо хуваарилах нь

[засварлах | кодоор засварлах]
Барианд орсон байр ба оноо
Эзэлсэн байр 1 2 3 4 5 6 7 8 9 10
Авах оноо 25 18 15 12 10 8 6 4 2 1

1950 оноос хойш оноо хуваарилах дүрэм олон удаа өөрчлөгдөж байсан. Одоогийн дүрэм 2010 оноос эхлэн мөрдөгдөж байна. Үүнд: Гран-прийн эхний 10 байр эзэлсэн автомашин нисгэгч болон багтаа хүснэгтэд харуулсан оноог харгалзан нэмнэ. Гран-приг тэргүүлсэн автомашин нисгэгч болон зохион бүтээгч багтаа 25 оноог авах бол 10-р байр эзэлсэн нь 1 оноо авна. 11-р байр болон дараах байрт орвол оноо авахгүй.

Жилийн эцэст хуримтлагдсан нийлбэр оноогоор нисгэгч болон зохион бүтээгч багийг жагсааж тус бүр дэлхийн аварга тодордог. Нисгэгч уралдааны жилийн дундуур багаа сольж болно. Хувийн оноо нь нэмэгдээд явах бол өмнөх багт авсан оноо нь өмнөх багтаа л үлддэг.

 Commons: Формула 1 – Викимедиа зургийн сан