Хармаг
Ховдын зарим нутаг, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ. Хармаг нь 7 дугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж 8. 9 дүгээр сард боловсорч гүйцнэ. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг.
Жимс, жимсгэнийн тархалт нөөц нь одоогоор харьцангуй судлагдаж тогтоогдсон аймаг орон нутгийг зааж нэрлэсэн болно. Мэдээж хэрэг тархац нөөц багатай боловч тухайн жимс жимсгэнэтэй газар орон нутгийг нэг бүрчлэн дурьдах боломжгүй юм.