Хошой Дархан чин ван
Хошой Дархан чин ван (монголоор:ᠬᠤᠱᠤᠢ
ᠳᠠᠷᠬᠠᠨ
ᠴᠢᠩ ᠸᠠᠩ; хятадаар: 和硕达尔罕亲王, пиньинь: Héshuò dá'ěrhǎn qīnwáng) бол Манж Чин гүрний Өвөр Монголын Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дундад хошууны засаг ноёны цол хэргэм юм. Энэ цол хэргэмийг хүртсэн анхны засаг ноён болох Хорчины Зайсанбөх тайжийн отгон хөвүүн Манзушир нь Манжийн төрд идэвхтэй зүтгэн гавьяа зүтгэл үзүүлэхээс гадна, Дээд эрдэмт хааны хоёр хатны дүү, Эеэр засагч хааны нагац ах байсан нэгэн. 1636 онд Дээд эрдэмт хааны зарлигаар Чин гүрнийг тунхагласны дараа Манзушир тайжийг "Төрийн Баатар жүн ван" цолоор өргөмжилж, Жиримийн чуулганы Хорчины зүүн гарын дундад хошууг байгуулан нутаг хуваарилан өгч захируулсан. 1652 онд Эеэр засагч хааны зарлигаар "Дархан" цол шагнаж, 1659 онд үе улиран залгамжлах "Хошой Дархан Баатар чин ван" цол хэргэмийг соёрхжээ. 1665 онд Манзушир чин ван өөд болсны дараа ахмад хөвүүн Худа нь залгамжлахад Чин гүрний талаас "Баатар" цолыг хурааж, Хошой Дархан чин ван хэмээн үлдээсэн.
№ | Нэрс | Хугацаа | Тайлбар |
---|---|---|---|
1 | Манзушир | 1636-1665 | Зайсанбөх тайжийн хөвүүн, Бумбутай хатны дүү |
2 | Худа | 1665-1671 | Манзуширийн ахмад хөвүүн. Хошой гүнжийн эфү |
3 | Банди | 1671-1710 | Худагийн ахмад хөвүүн. Гүрний Дуанмин гүнжийн эфү |
4 | Лувсангомбо | 1710-1752 | Бандийн ахмад хөвүүн. Хошой авхайн эфү |
5 | Сэвдэнбалжир | 1752-1755 | Лувсангомбын 3-р хөвүүн. Гүрний Хэжин гүнжийн эфү |
6 | Цэвээнноров | 1755-1773 | Лувсангомбын 2-р хөвүүн. |
7 | Ванжилдорж | 1774-1798 | Цэвээнноровын хөвүүн |
8 | Данзаномбо | 1798-1808 | Ванжилдоржийн хөвүүн. |
9 | Буян-Өндөрхүү | 1808-1838 | Данзаномбын хөвүүн. |
10 | Содномпунцаг | 1838-1874 | Буян-Өндөрхүүгийн ахмад хөвүүн. |
11 | Гомбованжил | 1874-1884 | Содномпунцагийн хөвүүн |
12 | Намжилцэрэн | 1884-1949 | Гомбованжилийн хөвүүн |