Хятад-Японы харилцаа
Хятад-Японы харилцаа (хятад уламж. 中日關係, хялбар. 中日关系, пиньинь Zhōngrì guānxì, палл. Чжунжи гуаньси, япон. 日中関係 Ниччү канкэй) БНХАУ болон Япон улсын хоёр талын харилцаа юм.
Хятад, Япон хоёр газар зүйн хувьд Дорнод Хятадын тэнгисээр тусгаарлагддаг олон мянган жилийн харилцааны түүхтэй. Хятад улс Японы соёл, шашин шүтлэг, гүн ухаан, хууль зүй, бичиг үсэгт ихээхэн нөлөөлсөн байдаг. 19-р зууны дунд үеэс барууны орнууд Япон улстай худалдаа нээхийг албадсаны дараа Япон улс шинэчлэл хийж эхэлсэн (Мэйжийн шинэтгэл) ба Хятадыг барууны түрэмгийлэгчдийг эсэргүүцэх чадваргүй хуучирсан бөгөөд хоцрогдсон соёл иргэншил гэж үздэг байсан нь зарим талаараа Хар тамхины дайн болон 1840-1860 оны Англи-Францын экспедицүүдээс улбаатай гэдэг байна.
Япон улс Хятадын эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр төлөхөөс татгалзсаны улмаас Хятад, Японы харилцаа зарим үед хурцадмал байдалтай байсан. Энэ нь 1937 оны Наньжингийн их хядлагын үйл явдлын тухай Японы нэр хүнд бүхий албан тушаалтнуудын өөр тайлбарууд болон түүхийн номуудаас ч тод харагддаг. Абэ Шинзоо 2006 оны 9-р сард Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсны дараа 10-р сард Бээжинд Хятадын дээд удирдагч Ху Жиньтаотой уулзсан юм. Энэ айлчлалыг Хятадын удирдагч хоёр орны хүйтэн харилцаанд гарсан "эргэлтийн цэг" гэж нэрлэжээ. Хятад-Японы харилцааг тухайн үеийн Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао үүнийг "найдварын цонх" гэж тодорхойлсон.
Хятад, Япон улс бол дэлхийд хоёр, гуравт эрэмбэлэгддэг том эдийн засгууд юм. Хоёр улсын худалдааны эргэлт 2021 онд 317,5 тэрбум ам. долларт хүрсэн тухай Хятадын "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна.
Харилцааны түүх
[засварлах | кодоор засварлах]Японы арлын тухай анх 57 онд Хоу Ханьшу /Хань улсын түүх/ Хятадын түүхэн бичвэрт дурьдсан бөгөөд Хань гүрний Хятадын эзэн хаан Ва үндэстний На улсад (эртний хятадын түүхэнд япончуудыг ингэж нэрлэдэг байж) алтан тамга бэлэглэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэ тамга 19-р зуунд Кюүшүд олдсон. Түүнээс хойш Японы тухай Хятадын түүхэн бичвэрүүдэд удаа дараа дурдсан байдаг: эхэндээ ганцаарчилсан тохиолдлуудад, харин Японы төрийг бүс нутагт хүчирхэгжүүлснээр улам бүр нэмэгдсээр ирсэн.
Хятадын Сүй болон Тан улсын үед япончууд өөрийн хүмүүсээ олноор сургахаар илгээж өөрийн тусгаар улсын суурийг тавьж байсан байна. Хятадаас Японд буддизмын сургаал, Хятадын уламжлал, соёл, төрийн байгуулалт, барилга, хот төлөвлөлт зэрэг нийгмийн хөгжлийн чухал зүйл орж иржээ.
Японы хуучин нийслэл Киото хотыг Хятадын нийслэл Чанань хотын нэгэн адил "Фэн Шуй"-гийн дүрмийн дагуу зохион байгуулжээ. Японы "Хэйан"-ы үед Буддизм нь Шинто шашны хамт гол шашин болж байжээ.
663 онд Пеккан голын тулалдаан нь Хятад, Японы харилцааны түүхэн дэх анхны зэвсэгт мөргөлдөөн юм. Энэхүү тулаан нь нэг талаас Хятадын Тан гүрэн, Солонгосын Силла улсын холбоотон хүчин, нөгөө талаас Японы Ямато улс, Солонгосын хуучин Пекче улсын сайн дурын цэргүүдийн хооронд болсон юм. Энэхүү тулаанаар Солонгосын хойг дахь Гурван хаант улсын үе дуусаж, Пекче улсийг мөхөөсөн юм.
1950-иад он
[засварлах | кодоор засварлах]1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ыг тунхагласны дараа Японтой харилцах харилцаа дайсагнасан байдлаас аажмаар олон салбарт ойр дотно харилцаанд шилжсэн. Хэдийгээр Дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдаж, армиа татан буулгасан ч АНУ-ын цэргийн хүчин Японы нутаг дэвсгэрт байсны улмаас Хятад улс үүнийг аюул заналхийлэл гэж үзсээр байв. Хятад-Японы харилцаанд БНХАУ санаа зовсны нэг шалтгаан нь Япон улсыг дахин цэрэгжүүлж болзошгүй явдал байв. Нөгөөтээгүүр, Япон улс БНХАУ-ын эдийн засаг, цэргийн хүч өсөн нэмэгдэж буйд санаа зовсоор ирсэн юм.
1970-2000 он
[засварлах | кодоор засварлах]1972 онд Япон, Хятадын харилцааг хэвийн болгох тухай Хэлэлцээ хийсэн. Мао Зэдун Японоос хохирол барагдуулах нөхөн төлбөрөөс татгалзсан тул дараа нь Дэн Сяопин энэ шийдвэрийг том алдаа гэж нэрлэж байжээ. 1978 онд Хятад-Японы энх тайван, найрамдлын Гэрээнд гарын үсэг зуржээ. 1978 оны 10-р сард Дэн Сяопин Токиод айлчлах үеэрээ түрэмгийлэгч асан гүрнээс нөхөн төлбөр авахыг шаарджээ. Улмаар Япон улс Хятадад таван жилийн тусламжийн төлөвлөгөөнд үндэслэн бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр "хөгжлийн албан ёсны тусламж" үзүүлж эхэлжээ. Эхний багц нь 1979-1983 оныг хамарсан бөгөөд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар, хоёр дахь хөтөлбөр нь 1984-1989 онуудад 2.1 тэрбум ам.доллар байжээ. Айлчлалын хүрээнд Хятадын төлөөлөгчдийн гишүүд Японы орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан аж ахуйн нэгжүүдийн ажилтай танилцав. Улмаар Хятад улс Японоос орчин үеийн үйлдвэрлэлийн олон аргыг авч, өөрийн эдийн засгийг шинэчлэхэд өргөнөөр ашигласан.
2012 онд хоёр улсын харилцаа Сенкакү (хятад нэр нь - Дяоюйдао) арлаас шалтгаалж хурцдаж эхэлсэн.
Харилцааны маргаантай асуудлууд
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн 2-р дайны үед Японы түрэмгийлэгчдийн Хятадын ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж байгаа асуудлууд.
- Тайваний асуудал
- Сэнкакү арлын асуудал