Jump to content

Хүлүгү шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүлүгү шаньюй (хятадаар: 狐鹿姑, пиньинь: Hú lù gū) нь НТӨ 96-85 онд Хүннү улсыг захирч байсан. Чедихөү шаньюйн хүү.

Түүнийг шаньюй байх хугацаанд Хань улс олон удаа Хүннүтэй дайтаж байв. НТӨ 90 онд Ли Гуанли 70,000 морьт цэрэг, 100,000 явган цэрэгтэйгээр Шуофан хотоос[1] хөдөлж, умар зүг давшжээ. Үүний хариуд Хүннүгийн шинэ шаньюй Хүлүгү улс гүрнийхээ өнцөг булан бүрээс цэрэг татаж, угтан авч байлдав. Түүхийн баримтаас үзэхэд Хүлүгү шаньюйд Хань улсын цэргийн тоотой харьцуулахад нилээд бага тооны хүчин төвлөрч байв. Дайнд хятадын зүүн, баруун замын цэргийн аль аль нь амжилт ололгүй хүннү нарт ялагдаж ухран зугтав. Харин Ли Гуанлийн цэрэг Динлин нарыг цохиж ухраагаад тэдний хойноос бараг эзгүй үлдсэн газраар хөөцөлдөн Орхон мөрөн шахтал нэлээд амжилттай давшиж байжээ. Яг тэрхүү шийдвэрлэх мөчид Ли Гуанлийн гэр бүл хараал хийсэн хэрэгт холбогдон баригдаад цаазаар авахуулах болж байгаа тухай мэдээ жанжны цэргийн хороонд хүрч ирэв. Үүний улмаас Ли Гуанлийн цэргүүд нь өөрөөс нь урваж дотроо үймж байсан нь Хүннүд ялагдах том шалтгаан болжээ. Нэгдсэн хүчгүй болж, хэдэн хэсэгт хуваагдсан хятад цэргийг хүннү нар ээлжлэн устгасаар Ли Гуанли бүслэгдэж, аргагүйн эрхэнд бууж өгчээ.

Энэ ялагдал нь Хань улсын доройтож байсан эдийн засагт хүнд цохилт болж, төрийн сан хөмрөг хоосорч, эзэн хааны дайнч бодлогод том цохилт болсон юм. Харин Хүннү улс нь Төв Ази, Зүүн Азид тэргүүлэх том хүчин болж, худалдаа арилжааны гол замд хяналтаа дангаар тогтоож, Хань улстай худалдаа хийхийг найрсгаар тулгахад хүрсэн. НТӨ 85 онд Хүлүгү шаньюй өөд болов. Түүнийг Хуяньди шаньюй залгамжилжээ.

Өмнөх
Чедихөү шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 96-85
Дараах
Хуяньди шаньюй
  1. Одоогийн Ордост байсан эртний хот