Чонон сүлд
Чонон сүлд | |
---|---|
Зохиолч | Зян Рун |
Анхны нэр | 狼图腾 (Láng Túténg) |
Улс | Хятад |
Хэл | Монгол болон дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдсан |
Урсгал | Роман |
Хэвлэгч | Changjiang Literature and Arts Publishing House |
Хэвлэсэн огноо | 2004 оны 4 сар (2009 оны 9 сараас Монгол хэлнээ орчуулагдсан хувилбар зарагдаж эхэлсэн) |
Хэвлэгдсэн төрөл | Хэвлэмэл (Зөөлөн хавтастай) |
ISBN | 7-5354-2730-8 |
OCLC дугаар | 55622937 |
Конгрессийн номын сангийн ангилал | PL2942.3.A44 L36 2004 |
Чонон сүлд (Хятад: 狼图腾) Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдэн гараад байгаа "Чонон сүлд" роман нь нийт хураангуй, дэлгэрэнгүй, хүүхэд залуучуудад зориулагдсан "Бэлтрэгхэн" гэсэн 3 хувилбартай байдаг. 2009 оны 9 дүгээр сараас БНХАУ-ын зохиолч Зян Руний "Чонон сүлд" ном Монгол улсад борлуулагдаж эхэллээ. Энэ номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна.
2005 оны эхээр Хятадын хэвлэлүүдээр "Чонон сүлд" романы тухай шүүмжүүд тасралтгүй нийтлэгдэн, "Сарын дотор 40 мянган хувь борлогдлоо", "Хятадын төр засгийн тэргүүнүүд шимтэн уншиж байна" гэлцэн шуугиулж байжээ.
Товч агуулга
[засварлах | кодоор засварлах]Зохиолч Зян Руний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжин хотод төрсөн. Зян Рун гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 100 гаруй орны сая сая уншигчийн ширээний ном болж чаджээ.
Зян Руний өөрийнх нь хэлснээр, "Чонон сүлд" ном нь чонын тухай хэдэн арван үлгэр, үйл явдлыг тооцож, чоно туйлын махчин, зэрлэг араатан гэдэг утгаар нь ойлгодог хүмүүсийн үзлийг өөрчилж, чоныг тэнгэр язгууртай тэнгэрийн амьтан гэдэг ойлголтыг нь нэмэгдүүлсэнд оршино. Ялангуяа энэ ойлголт нь монгол үндэстэнтэй салшгүй холбоотой болохоор монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг дэлхийд таниулахад энэ ном онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог гэжээ.
Уг зохиолын гол баатар Чэнь Жэнь болон Билиг өвгөн, Бат, Галсмаа зэрэг нь бүгдээрээ бодит хүмүүс Мөн Чэнь Жэньгийн дотны анд Ян Кө ч гэсэн Бээжин хотод алдартай уран зураач байдаг тухай Хятадын хэвлэлд бичсэн байдаг.
Монголчууд сэргэлэн хурц, хурдан шаламгай бөгөөд хатуу бэрхэд тэсвэртэй, сур шиг сунаж, сухай шиг улайж, эрчит дөрвөн хөлөөрөө ээрэм талыг гаталж, агт сайн морины алмас туурайг цуцаасан, эр чадал хурдаараа амь зууж, эрэмгий омголон зантай талын хөх чоныг эрт цагаас эхэлж сүлд шүтээнээ болгож ирсэн гэж хэлсэн байдаг.
Уг номыг Холливуудын нэрт кино найруулагч Жан Жак Анной дэлгэцийн бүтээл болгон гаргах гэж байна. Мөн энэ номыг уншаад гэрийн бараа харсан, гэдэснийхээ боол болоогүй, эрийн хүч шахсан, өлсгөлөн заяагаа тулсан, хүний дуугаар номхрох хөнгөмсөг зан сураагүй, хөх уулын эзэн болсон чонын тухай, түүнчлэн түүнийг сүлд шүтээнээ болгосон монголчуудын соёл иргэншил, ахуй амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой болно гэж зохиолч хэлжээ.
Тус номын улс төрийн үзэл санаа
[засварлах | кодоор засварлах]. [1]
Тус номын уран зохиолын үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]Уран зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, Цэнд-Аюушийн Буянзаяа бичсэн: Нобелийн шагналын ард улс төрийн нөлөөлөл, оюун санааны нөлөөлөл хоёр хамт явдаг юм. Зян Руний “Чонон сүлд” романыг нэр алдарт хүргэхэд энэ мэт зориудын ПиАр чухал үүрэг хүлээсэн гэдэг нь тодорхой юм. Иймэрхүү зохиомол зүйлс манай уншигчдад нөлөөлсөн байх гэж бодоод тухайн үед миний бие “Чонон сүлд” романд нэг их анхаарал хандуулахгүй орхисон билээ. Яг үнэн чанартаан хятадын мэргэжлийн уран зохиолын хүрээнд “Чонон сүлд” туйлын муу нэртэй байгаа. Маш олон шүүмжүүд гарсан байна билээ. Харамсалтай нь тэгтэл “Чонон сүлд” роман монголчуудад гайхамшигтай, давтагдашгүй содон зохиол мэтээр үнэлэгдэж байгааг хараад, сонсоод дуугүй сууж үнэхээр чадахгүйд хүрлээ. Тэр тусмаа манай утга зохиолын хүрээнд нэр нөлөө бүхий нөхдүүд “Чонон сүлд” роман бол аугаа зохиол хэмээн түүчээлэн магтах аян өрнүүлж байгаад өөрийн эрхгүй дургүй хүрч эхэллээ. Энэ роман уран сайхны хувьд ч, ур чадварын хувьд ч үнэхээр өрөвдөлтэй зохиол юм.
Манайхан үндэсний соёл, зан заншлын үнэт чанараа олж тогтоож чадахгүй, эрдэм билэггүй нөхөд элдэв зүйл санаанаасаа зохион нийтийн оюун санааг булингартуулан мунхруулж байна. Хэлшинжлэлийн салбарт судлагдаагүй үг хүртэл зохион, элдэв хаан, хатан ухаан ярьж түүнд нь нүүрнийхээ арьсыг олонд таниулсныгаа ихэд тооцдог телевизээр байнга гарах дуртай нөхдүүд хэдэн арваараар автан далдагнан гүйлдэж байна. Нэг ёсондоо Монголд гүн гүнзгий оюун санааны хямрал нүүрэлжээ. Эдийн засгийн хямралаас гарах явдал бол оюун санааны хямралаас гарахаас хавьгүй амархан байдаг юм гэнэ лээ. Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө. Үүнийг л хонин сэтгэлгээ хэмээн тодорхойлж болох юм. Эцэст нь өгүүлэхэд энэхүү крилл бичигнээ буулгагдсан “Чонон сүлд” романы нэр нь хүртэл буруу юм. Зян Рун романаа монголчуудын угийн домогтой холбон “Чоно тотем” хэмээх нэрлэснийг нь Өвөрмонголчууд махчилан буулгажээ. Харин монголчууд онго, сүлд хоёроо ялгахгүй болтол доройтсон нь “Чонон сүлд” хэмээн нэршээсэн нэрнээс нь хүртэл харагдаж байна. Тотем гэдэг үг бол угтаа тухайн улс үндэстний гарвал үүсвэлээ билэгддэг утгыг агуулж буй бөгөөд энэ нь монгол хэлээр онго шүтээн гэсэн үг юм. Тиймээс уг романы нэр монголоор “Чонон онго” байсан бол илүү оновчтой болох байсан юм. Нэрнээсээ хүртэл буруу агууламжтай энэ романыг шүтэн бишрэх үзэл нь нийт монголчуудын оюун санааны доройтлыг харуулж байна хэмээн үзэхээс өөр аргагүйд хүрч байна.[2]
Уран зохиолын шүүмж бол уран зохиолын ертөнцөд байх ёстой чухал үзэгдэл билээ. Харин хэлмэгдсэн тухай ярих юм бол “Хөгшин чоно ульсан нь” тууж аймшигтай хэлмэгдсэн зохиол юм. 1960- аад оны дунд үед бичигдсэн уг тууж нь 1980-аад оны дунд үеэр буюу бүхэл бүтэн хориод жилийн дараа уншигчдын хүртээл болно гэдэг үнэхээр сэтгэл шимшрүүлсэн хувь зохиол билээ. Жеймс Жойсын “Үлисс” роман ч ийм олон жил хаалттай байгаагүй юм. Уг зохиолын хэсгээс 1920 –оод оны дунд үеэс л гэхэд оросын уншигчид хэдийнээ уншин мэддэг болчихсон байсан билээ. Александр Солженицын “Гулаг олтриг” ч ийм олон жил хүн төрөлхтний билэг оюуны нүднээс халхлагдаж байгаагүй юм. Үүнийг юу гэхэв? Хэрвээ “Хөгшин чоно ульсан нь” тууж 1960-аад оны үед бичигдсэн даруйдаа хэвлэгдсэн байсан бол Монголын уран зохиолын сэтгэлгээний шинэтгэлд ямар их ахиц гарах байсан бол? Ингэж бодохоор туйлын харуусалтай байдаг юм. Чоно хэмээх хийморь цог нь бадарсан амьтны нууцлагдмал ертөнцийг дүрслэн өгүүлсэн Жек Лондоны “Цагаан соёот”, Чингиз Айтмотавын “Цаазын тавцан” гээд олон зохиол бий. Тэр дотроос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг давж гарсан сонгодог туурвилыг өнөө хэр би л хувьдаа олж үзээгүй байна. Гэвч тэрхүү суут туурвилыг туурвигчийн өлгий элгэн нутгийнх нь тэрхүү бүтээлийг нь өнөөдөр хүртэл сайн мэдэхгүй, тэрхүү туужтай нь эн зэрэгцүүлэн тавихад хүзүү, толгой илт дутах гадаадын зохиолчийн зохиолыг шагшин магтаж монгол зохиолчид ийм зохиол бичиж чадахгүй хэмээн басамжлан гутааж буйд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Энэ бол үндэсний оюун санаан дахь “хэлмэгдүүлэлт” л юм даа. Харин Зян Рун “Чонон сүлд” романдаа монголчуудын өөрсдийнх үнэлдэггүй, бүдүүлэг харанхуйд тооцдог оюун санааны далд ертөнцийг нь, амьдрах чадварыг нь хятадын ард түмэн ашиглах ёстой шүү гэдгийг байн байн сануулсан байх юм. Дэн Сяо Пэний “Нээлттэй хаалганы бодлого”-оор богино хугацаанд эрчимтэй хөгжиж чадсан Хятад оронд өнөөдөр оюун санааны шинэ чиг баримжаа зайлшгүй хэрэгтэй болсон, олон жил тус улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн коммунист үзэл санааных нь чиг баримжаа явцгүй болон мухардалд орсон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед багагүй өгүүлэх болсон. Тиймээс Хятадын сэхээтнүүд улс орныхоо хувь заяанд анхаарлаа хандуулан ирээдүйн хятад үндэстэн оюун санааны ямар чиг баримжааг барьж оршин тогтнох вэ гэдэгт санал бодлоо уралдуулаад эхэлжээ.
Зян Руний “Чонон сүлд” хэмээх дэлхий дахинд үнэлэгдсэн зохиолоос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” хэмээх хүн болгон төдийлөн мэдэхгүй зохиолыг илүүд үзэн өргөмжиллөө, гадаадын юм бүхнийг үгүйсгэдэг үхэр монгол зангаа монголчууд татах хэрэгтэй, монголчууд Зян Рун шиг алдартай зохиол бичих нь яасан юм гэсэн шүүмжлэлийг олон хүн өгүүлсэн байсан. Тэдгээр хүмүүст хандан аливаа зохиолын сайн, мууг олон хүн уншсанаар нь хэмждэггүй юм, мөн сайн зохиолын үнэ цэнийг ойлгоход уншигчдаас ч бас чадвар шаарддаг юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу гэж үзэж байна. Түүнлэн зохиолч Зян Руний өөрийн эх орныхоо хувь заяанд л санаа тавьж бичсэн, монгол, хятад хүмүүс цус нь холилдсон угшил нэгтэй хүмүүс юм гэж өгүүлсэн “Чонон сүлд” романыг монголчууд олноороо шүтэн биширч, зөвхөн чонын тухай, монгол ахуйн тухай магтан дууллаа хэмээн нэг талаас нь “сохроор” харж буй түгээмэл хандлага нь үндэсний оршихуйн цөм болсон үндэсний үзэл санаа, үндэсний оюун санааны чадамжид ядуурал үүсэн хоосрол бий болжээ гэсэн ойлголтыг улам л гүнзгийрүүлэн өгч байгаа билээ. Монголчуудын үндэсний оршихуйн гайхамшигт чанар бол тал нутгийн чонон сүргээ даган дуурайхад биш түүнээс ч аугаа монгол хүний байгал ертөнцийн зүй тогтолыг сударлан уншдаг цөлх ухаанд оршин байдаг шүү гэдгийг нэрт зохиолч Д.Намдаг бидэнд “Хөгшин чоно ульсан нь” тууждаа өгүүлэн үлдээжээ. Гэтэл монголчууд маань тэр бүхнийг нь ухан ойлгож чадаагүй байж монголчуудын ахуй амьдрал, хэв ёсыг өнгөцхөн зохиомжлон дүрсэлсэн, монгол хүний өнгөтэй өөдтэй бүхэн нь чоно хэмээгч араатнаа даган дуурайж суралцсан байдагт оршдог хэмээн томьёолсон, улс төржсөн явцуу сэтгэлгээгээр хайрцаглан сургамжилсан “Чонон сүлд” хэмээгч усан романыг даяараа бишрэн шүтэж байгаа нь ойлгоход бэрх зүйл болон хувирчихаад байгаа билээ. [3]
“Чонон сүлд” ба Хятадын үндэсний үзлийн тухай
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий сайд асан Мэндсайханы ЭНХСАЙХАН хэлэхдээ: Хятад улс хорьдугаар зууны сүүлчээр нээлттэй хаалганы бодлого явуулж, эдийн засаг, нийгмийн хөгжилдөө үсрэнгүй амжилт гаргасан билээ. Өнөөдөр хорин нэгдүгээр зуун Хятадын зуун болно гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн. Хятад улс коммунист үзэл суртлаасаа алхам алхмаар холдох тутам үзэл суртлын тэрхүү шинэ орон зайг Хятадын орчин үеийн үндэсний үзэл эзэлсээр байгаа. Хятадын үндэсний үзэл хэрэг дээрээ амбиц ихтэй бодит үзэгдэл болсоор байгаа юм. Хятадын нийгэмд бодитойгоор орших үндэсний үзлийг Бээжингийн эрх баригчид болгоомжтой хэрнээ хөхүүлж байдаг. Тэрхүү үндэсний үзлийн амбиц хэрээс хэтэрвэл хөрш орнууддаа заналхийсэнтэй адил болно. “Чонон сүлд” роман Бээжингийн албан ёсны бодлого гэж хэлэхэд нотологоо дутах ч энэхүү ном Хятадын орчин үеийн үндэсний үзлийн хил хязгаарыг харуулж байгаа нэгэн баримт мөнөөс мөн юм.
Хятадын Коммунист Нам үндэсний үзэл бүхий ном хэвлэлүүдийг сүүлийн үед өргөнөөр хэвлэж тараах ажлыг хөхүүлэн дэмжиж байна. Төрийн хэвлэх үйлдвэр нь зөвхөн 2004-2006 оны хооронд “Чонон сүлд” романыг 900000 ширхэгээр хэвлүүлжээ. Сүүлийн үед “ХКН Хятадыг цөөнх үндэстнийг нутаг дэвсгэр, улс төр болон соёлын өөртөө засах тодорхой эрхтэй олон үндэстний улс гэж үзэх хандлагаасаа ухарч тэднийг Хятад үндэстнийг бүрдүүлэгч улс төрийн бус, нутаг дэвсгэрийн бус угсаатан хэмээн үзэх болсон. Энэхүү үндэсний үзэл нь Монгол болон бусад Хятад бус өмнө нь олон жилийн туршид Хятадын дайсан хэмээн үзэж байсан баатруудыг хятад хүн болгож авсан сонин маягийн олон ургальч соёлыг төрүүлж байна. Өнөөгийн хятадын мөргөлийн сүмд Чингис хаан тэргүүн баатар болж, харин Зүрчидтэй тэмцэж байсан жинхэнэ хятадын Сүн улсын баатар Юу Фэйг саяхан сурах бичгээс авчх аяжээ. Юу Фэйгийн Зүрчидийн эсрэг байр суурь харь орныг эзлэн түрэмгийлсэн төр “хятадынх” байсан бөгөөд гагцхүү Хятадын газар нутгийг нэгтгэн өргөжүүлсэн хэмээх өнөөгийн үзэлтэй тохирохгүй болсон. Энэ утгаараа хятадын Юу Фэй баатар Хятадын Коммунист үзэл сурталд хамгийн тохиромжгүй хэт явцуу үндэсний үзэлтэн буюу салан тусгаарлагч болж харагдав. Харин Чингис хаан Хятадын төлөө (Монголын төлөө бус) Хятадыг нэгтгэгч болоод зогсохгүй өнөөгийн ойлголтоор Хятад улс болон Хятадуудаас анх удаа, магадгүй цорын ганц удаа үндэсний ялалт байгуулсан “Европынхныг дийлэгч цорын ганц хятад хүн мэт болж” тодорчбайна.” (The Chinese Cult of Chinggis Khan: Genealogical Nationalism and Problems of National and Cultural Integrity (Statement for Discussion in Victoria, BC, Canada, October 3-5, 2003) Uradyn E. Bulag)
Хятад дэлхийн хэмжээний супер гүрэн болж байгаа хийгээд дотоод дахь асар их өөрчлөлт нь хятадын коммунистуудын 20 зууны эхэнд анхлан ярьж байсан харийнхнаас жийрхэж, тэднийг үзэн ядах хандлагад суурилсан “болхи” реваншист маягийн үндэсний үзэл нь илүү “прагматик үндэсний үзэл” шинжтэй болоход нөлөөлж байгаа юм. Өрнөдийн судлаачид орчин цагийн хятадын үндэсний үзлийг голчлон Тайван, Япон, Баруунынхантай сөргөлдөж байгаа өнцгөөр нь авч үзэх нь илүүтэй байдаг. Энэ ч бас Өрнөдийнхний прагматик шинжээс улбаатай хэдий ч монголчууд энэ талаар өөрийн байр суурьгүй явдгийн хор юм. Хятадын “популист” үндэсний үзэл хятадын “төрийн үндэсний үзэл”-ээс ялгаатай боловч ялгаа нь арилахад нэг хуруу хөдлөх төдий. “Чонон сүлд” орчин цагийн хятадын “популист үндэсний үзэл”-ийн сор нь байж мэднэ.[4]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ж.БАЯРСАЙХАН “Чонон сүлд” номын чинад утгын тухай http://dayarmongol.com/index.php/2010-02-07-15-37-19-45/7891-%E2%80%9C%D1%87%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BD-%D1%81%D2%AF%D0%BB%D0%B4%E2%80%9D-%D0%BD%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B0%D0%B4-%D1%83%D1%82%D0%B3%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9
- ↑ Цэнд-Аюушийн Буянзаяа"Чонон сүлд ба хонин сэтгэлгээ" Archive copy (Memento 12. Нэгдүгээр сар 2013 цахим архивт)
- ↑ Цэнд-Аюушийн Буянзаяа"Чонон сүлд ба үндэсний оршихуй"Archive copy (Memento 18. Нэгдүгээр сар 2013 цахим архивт)
- ↑ Мэндсайханы ЭНХСАЙХАН “Чонон сүлд” ба Хятадын үндэсний үзлийн тухай Archive copy (Memento 21. Гуравдугаар сар 2011 цахим архивт)