Jump to content

Иоханн Себастиан Бах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Bach-с чиглүүлэгдэв)
Элиас Готтлоб Хаусманы 1746 онд зурсан Иоханн Себастиан Бахын тосон зураг

Иоханн Себастиан Бах (Герман: Johann Sebastian Bach, * 1685 оны 3 сарын 21юл./3 сарын 31гри.-нд Айзенахд; † 1750 оны 7 сарын 28-нд Лайпцигт) нь Германы хөгжмийн зохиолч, баг бишгүүрч хөгжимчин байжээ. Түүний найрал дуу, найрал хөгжим, хөгжмийн зэмсгүүдэд зориулагдсан бүтээлүүд нь бароккогийн үеийг дээд цэгтээ хүргэхэд гүн хувь нэмэр оруулсан байна.

ХVIII зууны германы суут хөгжмийн зохиолч И.С.Бах өөд болсноос хойш гурван зуу орчим жил өнгөрсөн ч түүний хөгжим дэлхий даяар улам өргөн дэлгэрсээр байна. Гэтэл амьд сэрүүн цагт нь түүнийг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан ажээ. Түүнийг нас барснаас хойш зуу шахам жилийн дараа 1829 онд германы нэрт хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны удирдлага дор түүний алдарт "Матвейн шаналал" зохиолыг олны өмнө тоглож Герман улсад анх удаа түүний зохиолын эмхэтгэлийг гаргажээ. Тэр үеэс хойш дэлхийн бүх хөгжимчид түүний зохиолын яруу тунгалаг аялгуу, төгс ур чадварыг бахдан бишрэн тоглодог болж онгодоо хөглөж сэтгэлээ баясган ариусгасаар байна.

И.С.Бах нь удам дамжсан хөгжимчний гэр бүлээс гаралтай ба талхчны мэргэжилтэй өвөө нь ардын хөгжмөөр чадварлаг тоглодог байв. Тэдний удамд лимбэч, бүрээч, хийлч, бадралт баг бишгүүр хөгжимчин гээд нэртэй олон уран бүтээлч байсан учир Тюрингийн мужийн Айзенахд хөгжимчин бүрийг Бах, эс бөгөөс Бах нэртэй хүн бүрийг хөгжимчин гэж нэрлэдэг болжээ.

Айзенах (1685–1695 он)

[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр 1685 онд Айзенах хотод төрсөн ба хийлчийн мэргэжилтэй эцгээрээ хийл хөгжим заалгаж, нарийн цээл хоолойтой тул сургуулийн найрал хөгжмийн хамтлагт дуучин байв. Есөн настайдаа түүнийг өнчрөхөд нь Ордруф хотод суудаг, сүмийн бадралт баг бишгүүр хөгжимчин авга ах нь дэргэдээ авч гимназид оруулж түүний зэрэгцээ хөгжим зааж байв. Ах нь алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй дэвтрүүдээ цоожтой авдарт хадгалж байгаа тухай арван настай хүү мэдээд тэдгээрийг нь хулгайлж шөнө сарны гэрэлд нотуудыг нь хуулан бичдэг байв. Гэтэл зургаан сарын дараа нэгэн шөнө ах нь түүнийг хуулан бичлэг хийж байхад нь барьж бүх нотыг, нь хураан авахад их харамсчээ. Хамгийн харамсалтай нь түүний хараа эрс муудсан байлаа.

Люнебург ба Ваймар (1700–1703 он)

[засварлах | кодоор засварлах]

15 настайдаа бие даан амьдрахаар шийдэж Люнебург хотод шилжин сууршиж 1703 онд гимнази төгсөж их сургуульд элсэн суралцах эрхтэй болсон ч хооллох, хувцаслах мөнгө олохын тулд олон хот дамжин янз бүрийн ажил эрхэлж байжээ. Хаа ч явсан мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө шургуу зүтгэж германы төдийгүй итали, францын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй гүнзгий танилцаж бололцоо л гарвал нэртэй хөгжимчдийн тоглолтыг үзэж тоглолтын ур чадвар арга барилыг нь гярхай ажигладаг байв.

Ордныхон гадаадын хөгжмийг биширч байгааг Бах буруушааж герман ардын дуу, бүжгийн хөгжмийг гүнзгий судалж уран бүтээлдээ өргөн хэрэглэж гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сохроор дууриан дагасангүй, уран чадвараа төгөлдөржүүлэн хурцалж байлаа.

И.С.Бах аугаа хөгжмийн зохиолч төдийгүй бадралт баг бишгүүр, клавесин хөгжмөөр гарамгай тоглодог, түүний уран бүтээлийг эс тоодог байсан ч чадварлаг хөгжимчин гэдгийг нь өрсөлдөгч нар нь хvлээн зөвшөөрч байв. Нэгэн жишээ дурдахад Бахыг Дресден хотод францын бадралт баг бишгүүр хөгжимчин Луи Маршантай өрсөлдүүлэх тэмцээнд урьжээ. Уригдсан хоёр хөгжимчин тэмцээний урьд өдөр танилцаж клавесин хөгжим тогложээ. Гэтэл Л.Маршан ялагдахаа ойлгож шөнө нь Дресден хотоос сэм явсан байжээ.

Ваймар (1708–1717 он)

[засварлах | кодоор засварлах]

1708 оноос Ваймар хотод сууршиж ордны хөгжимчин, хотын бадралт баг бишгүүр хөгжимчнөөр ажиллаж байхдаа бадралт баг бишгүүр хөгжимд зориулсан олон шилдэг бvтээл туурвиснаас алдарт Токката, ре минорын фуг, до минорын Пассакалия нь агуулгын хувьд гүнзгий, өргөн далайцтай болжээ.

1717 онд Көтен гүнгийн урилгаар Көтен хотод шилжин ирж бага найрал хөгжмийн удирдаач болж гүнг дуулахад нь клавесин хөгжмөөр дагаж тоглох үүрэг гvйцэтгэж байв. Чөлөөт цагаараа уран бүтээлээ бичиж ууган хүү Вильгельм Фридеманы хичээлэлтэд хэрэглэх зорилгоор хоёр болон гурван хоолойд зориулсан аязууд, "Франц сюит", "Англи сюит", "Жигдрүүлсэн хөгт зориулсан клавир" хэмээх том бүтээлийн нэгдүгээр ботид орсон 24 прелюди, фуга зохиож ре минорын "Сайтар хэмнэлжүүлсэн уран сэтгэмж ба фуг" бүтээлээ гараасаа гаргажээ.

Өнөө үед Бахын хоёр болон гурван хоолойд зориулсан аязууд чуулбаруудыг хөгжмийн сургуулийн, "Жигдрүүлсэн хөгт зориулсан клавир" номыг хөгжмийн дунд сургууль, консерваторийн сургалтын хөтөлбөрөөр заавал vздэг байна.

Лайпциг (1723-1750 он)

[засварлах | кодоор засварлах]

1723 онд Лайпциг хотод шилжин сууршиж тэнд насан эцэслэх хүртлээ амьдарчээ. Гэгээн Фома сүмийн дэргэдэх дууны сургуулийн найрал дууны удирдаачийн алба хашиж хотын бүх сүм хийдэд үйлчлэх ажил давхар хариуцах болжээ. Тэрчлэн шашны сэдэвтэй хөгжим зохиох үүргийг давхар хүлээж байсан ч уран сайхны итгэл үнэмшлээрээ гайхамшигтай олон бүтээл туурвисаар байлаа.

Хамгийн шилдэг найрал дуу, хөгжмийн зохиомжууд түүний дотор "Иоанны шаналал" кантат (нийтдээ 250 орчим кантат зохиосон.), Си минорын Месса зэрэг алдарт бүтээлээ бичжээ. Иоанн, Матфей нарын "шаналал" гэдэг нь Есус Христийн тарчлаан, зовлонгийн тухай хүүрнэл юм. "Месс", "шаналал" нь католик сүм хийдийн найрал дуу байсан бол И.С.Бахынх шашны агуулгаас хальж концертын шинж чанартай монументаль бүтээл болжээ. И.С.Бахын уран бүтээлийн оргил болох "месс", "шаналал" зохиолыг тоглоход гоцлол дуучид, найрал дууны хамтлаг, найрал хөгжим, бадралт баг бишгүүр хөгжим оролцдог аж.

Сүм хийдийн удирдлага түүний бүтээлүүдийг шашны хатуу дэг жаяг, ертөнцийн амьдралаас тасархай байх агуулгад нийцэхгүй байна, дэндүү "газрын", амьдралын баяр жаргал дүүрэн байна гэж буруушаан шүүмжилж байв. Түүнээс гадна сургуулийн захиргаанаас дуучин хүүхдүүдийн хувцаслалт, хооллолт, хөгжмийн зэвмсгийн хангалтад өчүүхэн хөрөнгө зарцуулж байсан нь түүний хувьд маш хэцүү, сэтгэл зовоосон асуудал байжээ.

И.С.Бах томоохон найрал дуу-инструменталь төрлийн бүтээлүүдээс гадна даралтат утсан хөгжмийн зохиол бичиж алдарт "Италийн концерт", 24 прелюди, фугаас бүрдсэн "Сайтар хэмнэлжүүлсэн клавир" номынхоо хоёрдугаар дэвтрийг мөн дуусгажээ.

Сүмийн сургуулийн их ажил, уран бvтээл туурвиж цаг завгvй ажилладаг байсан ч хотын хөгжим сонирхогчдын "Хөгжмийн коллегийн" үйл ажиллагаанд татагдан орж уг байгууллагаас тогтмол зохиодог иргэний сэдэвтэй дуу хуурын концертод гоцлол хөгжимчин, удирдаачийн хувьд амжилттай оролцдог байсан төдийгүй иргэний агуулгатай найрал хөгжим, дууны зохиол бичиж өгдөг байв.

Амьдралын сүүлийн жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Вильгельм, Фридеман, Филипп Эммануил, Иоханн Христиан гээд хөвгүүд нь өсөн том болж цөмөөрөө хөгжимчид болж эцгийгээ амьд сэрүүн байхад нь нэртэй хөгжмийн зохиолчид болж түүнийг хязгааргүй баярлуулж байв. Ууган охин нь эвлэгхэн дуулдаг, хоёр дахь эхнэр Анна Магдалена нь сонсгол сайтай, сопрано хоолойтой бүсгүй байсан тул Бах гэр бүлийн гишүүддээ зориулж нилээд олон бүтээл бичиж байжээ.

Амьдралын сүүлийн жилүүдэд нь хараа нь муудаж хагалгаа хийлгэсэн нь бүтэлгүйтэж сохорсон ч хөгжим зохиож нотоо дуудан бичүүлдэг байв. Түүнийг нас барахад хөгжмийн олон нийт огт тоосонгүй өнгөрч удсангvй бүр мартжээ. Эхнэр Анна Магдалена Бах нь арван жилийн дараа ядуусын асрамжийн газарт амьсгаа хураасан бол отгон охин Реина нь ядуугийн туйлд хүрсэн үед нь Л.В.Бетховен тусалж байжээ.

 Commons: Johann Sebastian Bach – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Johann Sebastian Bach – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Johann Sebastian Bach auf Briefmarken – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wikisource: Иоханн Себастиан Бах – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд