Аж үйлдвэрийн хувьсгал
Аж үйлдвэрийн хувьсгал (Англи: Industrial Revolution) гэж 18-р зуунаас 19-р зууны хооронд барааг гар үйлдвэрлэлийг халж барааг олноор үйлдвэрлэх арга нэвтэрч аж үйлдвэрт гарсан томоохон дэвшил, түүнтэй холбогдон гарсан нийгмийн бүтцийн өөрчлөлтийг хэлнэ. Орчин үеийн хөгжлийн хөшгийг нээсэн үйл явдал гэгддэг. Аж үйлдвэрийн хувьсгал улс орон бүрд нэгэн зэрэг тохиолдсонгүй, гэхдээ ерөнхийдөө эдгээр өөрчлөлтүүд гарсан үе нь Евроын орнуудад 18-р зууны хоёрдугаар хагасаас эхэлж, 19-р зууны турш үргэлжилсэн гэж үздэг. Аж үйлдвэрийн хувьсгалын нэг онцлог шинж чанар нь том хэмжээний машин үйлдвэрлэлийн үндсэн дээр бүтээмжтэй хүчний хурдацтай өсөлт, түүнчлэн дэлхийн эдийн засгийн давамгайлсан систем болох капитализмыг бий болгосон явдал юм.
Ерөнхий ойлголт
[засварлах | кодоор засварлах]"Аж үйлдвэрийн хувьсгал" гэдэг үгийг анх 1837 онд Луй Огюст Бланки хэрэглэсэн бөгөөд 1844 онд Фридрих Энгельс бүтээлдээ дурьдсанаар улам их дэлгэрчээ. 1760-аад оноос 1830-аад онд Англид гарсан аж үйлдвэрийн дэвшлийг заасан нэр томъёо байсан бөгөөд улмаар хөгжлийн үе шатны онолын нэг эд эс нь болж, Англиас эхлэн Бельги, Франц, АНУ, Герман зэрэг Европын улсуудад гарч, орчин үежих шатандаа орсон гэж үздэг.
Аж үйлдвэрийн хувьсгал Англиас эхэлсэн гол шалтгаанууд: Шинжлэх ухааны нээлтүүд, инжнерчлэл технологийн хөгжил, тээврийн хөгжил, түүхий эдийн асар их баялаг, мөн асар их хүн амын төвлөрөл бөгөд зах зээл болох колониудыг эзэлсэн, мөн Пуританы хувьсгал, нэр төрийн хувьсгал зэргийн үр дүнд бий болсон нийгэм, улс төр, эдийн засгийн орчин нөхцөл, хөдөө аж ахуйн хувьсгалын үр дүнд суларсан ажиллах хүч зэргийг дурьдаж болно. 1763 онд Парисын гэрээ байгуулагдан долоон жилийн дайн дуусгавар болсноор Англи нь Америк, Энэтхэгт Францаас давуу талтай болж, дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэх болжээ.
Өрнөл
[засварлах | кодоор засварлах]Нэхмэл, ээрмэлийн машины технологи
[засварлах | кодоор засварлах]1733 онд Жон Кэй нэхмэлийн машины нэг хэсэг болох холхигчийг сайжруулан нисдэг холхигчийг бий болгосноор нэхмэлийн машины хурд эрс өсч бүтээмж нэмэгдсэн байна. Ийнхүү нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хуучны ээрүүл ашигласан ээрмэлийн үйлдвэрлэл нь хэрэгцээг хангаж дийлэхгүй болов. 1764 онд Жеймс Харгривс Ээрэгч Женни машиныг зохион бүтээсэн нь нэг дор 8 ээрүүлэнд утас ээрэх чадвартай (хожим сайжруулан 16 болгосон), олон тэнхлэгт машин байлаа.
1769 онд Ричард Аркврайт усаар ажилладаг ээрэгч машин зохион бүтээсэн нь айлын гэрт багтамгүй аварга эдээс гадна олон хүний хүч шаардагддаг, тэр хэрээрээ бүтээмж асар өндөртэй эд байв. Ийнхүү хэдэн зуун ажилтантай ээрмэлийн үйлдвэрүүд байгуулагдаж эхлэв.
Гэхдээ ээрэгч Женнигээр ээрсэн утас нарийн боловч тасрахдаа амархан, Аркврайтын машинаар ээрсэн утас бөх боловч бүдүүн байлаа. Энэ асуудлыг Самуэл Кромптон Ээрэгч луус машинаараа 1779 онд шийдсэн юм (Адуу, илжигний эрлийз луус нь тэдгээрийн сайн талыг авч төрдөг тул тэгж нэрлэжээ).
Төмөрлөгийн технологи
[засварлах | кодоор засварлах]Төмөрлөгийн үйлдвэрлэл нь хуучны технологи болох, Англид ховор байдаг модны нүүрс ашиглан гаргаж авдаг байсан тул 16-р зуунаас эхтэй өндөр хэрэгцээг хангаж дийлэхгүй байлаа.
18-р зуунд Абрахам Дерби Англид элбэг байдаг чулуун нүүрсийг коксжуулж төмөр гарган авах аргыг нээснээр байдал огт өөр болов.
Хөдөлгүүрийн нээлт
[засварлах | кодоор засварлах]Чулуун нүүрс олборлолт нэмэгдэхийн хэрээр нүүрсний уурхайд гүний усыг зайлуулах асуудал босч ирэв. Үүнийг шийдэхийн тулд 1712 онд Томас Ньюкомен уурын хөдөлгүүр бүхий шахуурга бүтээв.
1785 онд Жеймс Ватт уурын хөдөлгүүрээс гаргах энергийг бүлэх хөдөлгөөнөөс эргэлдэх хөдөлгөөн рүү шилжүүлж чадсан бөгөөд үүгээрээ уурын хөдөлгүүрийн хүчин чадлыг эрс сайжруулж, төрөл бүрийн машин техникт хэрэглэх бололцоотой болгосон байна. Ийнхүү энергийн эх үүсвэр болох урсаж буй голоос хол зайд ч үйлдвэр барих боломжтой болсон аж.
Тээврийн хэрэгслийн хөгжил
[засварлах | кодоор засварлах]1807 онд Роберт Фултон уурын хөдөлгүүрт хөлөг онгоц зохион бүтээж, 1804 онд Ричард Тревитик уурын хөдөлгүүрт зүтгүүр нээснийг Жорж Стефенсон сайжруулжээ.
1830-аад оноос төмөр замын сүлжээ хөгжиж, 1850 он гэхэд 6000 миль зам тавигдаад байв.
Нийгэмд үзүүлсэн нөлөө
[засварлах | кодоор засварлах]Нийгэм улс төр
[засварлах | кодоор засварлах]Бараа бүтээгдэхүүнийг олноор илүү бүтээмжтэй үйлдвэрлэх болсонтой холбогдуулан иргэдийн амьжиргаа сайжирсан юм.
Үйлдвэрүүд олноор баригдаж, ажилчин анги гэх ойлголт бүрэлдэн тогтсон бөгөөд тэд тоогоор олон болмогц сонгуулийн эрх олгохыг шаардаж чартизмын хөдөлгөөн өрнүүлж байлаа.
Хувийн өмчийг тал бүрээр хамгаалж эхэлсэн.
Мөн хөрөнгөтний нийгмийг муу муухайн үүр гэж үздэг социализмын онол ч тэр үед үүсч бий болжээ. Чартизм тэр үедээ амжилт олоогүй ч урт удаан тэмцлийн үр дүнд 1867 онд ажилчид сонгуулийн эрхтэй болсон юм.
Хотжилт
[засварлах | кодоор засварлах]Үйлдвэржилтийн улмаас хүн амын төвлөрөлт, хотжилт хурдассан юм.
Эдийн засгийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Асар их хэмжээний үйлдвэрлэл нь эргээд асар их хэрэглээ, зах зээлийг шаардаж ирсэн тул колоничлолыг дахин сэргээж, их гүрнүүд зэвсэг барин тулах болов. Империализмын үүсэл нь үүнтэй холбоотой гэж хэлж болох бөгөөд энэ нь даамжирсаар дэлхийн чанартай дайнууд 20-р зуунд 2 ч удаа гарсан билээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Wikibooks: Аж үйлдвэрийн хувьсгал – Сурах бичиг, зааврууд |