Jump to content

Елюй Даши

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Даши
Гүр хаан
Хаанчлал1132-1143
УдаахТабуян хатан
Их хатан2 хатан
ХүүхэдЕлюй Илия, Елюй Пусувань
Ургийн овогЕлюй

Елюй Даши (1087 - 1143) нь киданы Хар Хидан Улсыг үндэслэгч бөгөөд 1124 - 1143 оны хооронд захирсан хаан юм. Даши нь Ляо гүрний хаан Абаожигийн найм дахь үеийн ач мөн. Ляо улс 1115-1125 онд зүрчидийн Алтан улстай хийсэн дайнд ялагдаж мөхөх үед цөөн тооны цэрэг ардаа авч баруун зүгт нүүж, одоогийн Шинжаан Уйгурын автономит муж, Киргизстан, Тажикстан, Узбекстан болон Казахстаны өмнө хэсгийн нутгийг багтаасан Хар Хидан Улсыг байгуулсан.

Ляо Улс мөхөх үе

[засварлах | кодоор засварлах]

Елюй Даши нь Ляо Улсын хааны ургийн холын садан буюу Амбагянь хааны дөрөв дэхь хөвүүн Елюй Ялигуо (耶律 牙里果)-гийн долоо дахь үеийн ач юм. Ляо улсын сударт тэмдэглэснээр тэрээр "хятан бичиг, ханз үсэгт нэвтэрхий, морь унаж нум сум харвахдаа чадамгай байв. Тяньчингийн тавдугаар онд (1115) орогсдын урьдчилсан шалгалтад тэнцэж, бичгийн утгачийн хүрээлэнд дагалдангаар шалгаран орсон ба удалгүй зарлиг хариуцагч түшмэл болж дэвшжээ."[1] Тэрээр Тайжоу (泰州, одоогийн Хармөрөн мужийн Тайлай шянь), Шянжоугийн (祥州, одоогийн Нонань шяний Ваньжиньта тосгон) захирагч, Ляошин жюний цэргийн захирагчийн албыг хашиж байсан. 1122 онд чинь жинь ван Елюй Чүнийг өмнөд нийслэл Яньжин хотод хаан ширээнд залсан ч, удалгүй нас барсан. Алтан улсын арми тэр жилдээ Яньжин хотыг эзлэхэд, Даши нар Алтан улсад олзлогдов. 1124 онд Даши тэндээс оргож Тяньзуо хаанд зугтан очин хорогдов. Хааны хүрээнд байсан Сяо Ишинь, Поликуо нарын ноёдыг алж, өөрийгөө ван өргөмжлөөд, хоёр зуун төмөр хуягт морьт цэргийг авч шөнөөр зугтан умар зүг чиглэн гурван өдөр тасралтгүй давхив. Тэр Туул голын сав газарт хатан хотыг бааз байгуулжээ. Тэрээр говийн хойнох Көдун, Чундө, Хуфань, Шинь, Далинь, Зыхэ, Туо гэсэн долоон цайзыг эзлэн, Шивэй, Дила, Ванжила, Чачила, Еши, Бигүд, Хэжү, Шидэ, Жюэрби, Зүбү, Үгүли, Пүсүвань, Миэржи, Хумуси, Тангу, Нила, Далагуай, Дамили зэрэг 18 аймгийн эзэдийг цуглуулан хуралдаж, ухуулан нэг түмэн цэрэг гаргуулав.

"1125 оны 2 сард хөх үхэр, цагаан морь алж тэнгэр газрыг тахиж, өвөг дээдэстээ тахил өргөөд цэргээ аван баруунш хөдөллөө."[2]

Хар Кидан Улсыг байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

Даши өөрийн харьяат цэргээ удирдан Уйгурын Хочогийн хаант улс, Енисейн Киргизийг эзлэн суув. 1132 онд түүнийг гүрханд өргөмжлөн, нангиад ёсыг дагаж Тяньюй хуанди (天祐皇帝, Гүрхан) хэмээж, Хар Кидан улсыг байгуулав. 1134 онд Зүүн Хар Ханы улсыг довтлон эзэгнэж, Баласагун хотоор төвлөрөн суув. 1137 оны 5 сард Хожанд хотод Селжукийн вассаль Баруун Хар Ханы улсын армитай байлдан бут цохиж хараат улсаа болгов.

Баруун Хар Ханы улсын хаан Хар Кидантай хийсэн дайнд ялагдсандаа өширхөж, Селжукийн Ахмад Санжар султанаас тусламж хүсэв. 1141 онд Селжукийн султан Ахмад Санжар өөрийн цэргээ удирдаж, Катванд Хар Кидан улсын цэрэгтэй байлдаж ялагдсан. Уг тулалдааны дараа Елюй Дашигийн удирдсан киданчууд Хорезмыг довтлон вассаль улсаа болгосноор, Дундад Ази дахь Селжукийн ноёрхол эцэс болсон. Ингэснээр одоогийн Шинжаан, Узбекстан, Киргизстан, Тажикстан, Казахстаны өмнөд нутгийг эзэгнэх болов.

Елюй Даши 1143 онд Баласагун хотод тэнгэрт халив. Түүнийг нас барсны дараа хөвүүн Елюй Иле нь нас балчир байсан тул Дашигийн хатан Сяо Табуянийг түр хугацаанд төр баригчаар үлдээсэн.

Өмнөх
Улс байгуулсан
Хар Кидан Улсын гүрхан
1132-1143
Дараах
Сяо Табуянь
  1. Ляо улсын судар. Translated by Д., Ундрах. Соёмбо принтинг ХХК: МУИС-Монгол судлалын хүрээлэн. 2021. p. 516.
  2. Ляо улсын судар. Translated by Д., Ундрах. МУИС-Монгол судлалын хүрээлэн. 2021. p. 517.