Хожин бэхи
Хожин бэхи нь Чингис хаан болон Бөртэ үжин нарын дундаас төрсөн анхны охин юм. Түүнийг Ихирэс овгийн Буту хүргэнд өгчээ. Учир нь Буту хүргэнтэй суусан Чингис хааны охин дүү Тэмүлүн нь төрөлтийн хүндрэлээр нас барсан тул, түүнийг гэргий болгон өгчээ. Рашид ад дины Судрын чуулганд Хожин бэхийг Зүчи ханы эгч гэж бичсэн байдаг.
1202 онд Чингис хаан, Хэрэйдийн Тоорил ханы ач хүү Тусахад Хожин бэхи охиноо өгөх, Зүчидээ Нялх Сэнгүмийн охин Чаур бэхийг буулгахаар гуйж элч явуулжээ. Гэвч энэ нь бүтсэнгүй, Ван хан, Чингис хаан хоёрын дунд тэмцэл өрнөж, эцэстээ Чингис хаан ялсан. 1206 онд Их Монгол улсаа байгуулсны сүүлээр Ихирэс овгийн Буту хүргэнд сүйлэн өгсөн. Хожим 1321 онд Гэгээн Шодбал хаан түүнийг Их улсын ахмад гүнж (昌国大长公主) цолоор нэхэн өргөмжилсөн.