Дангаасүрэнгийн Энхбат

Доктор

Дангаасүрэнгийн Энхбат
Төрсөн1959 оны 1 сарын 19 (1959-01-19) (65 настай)
Улаанбаатар хот
БоловсролТехникийн ухааны доктор, системийн инженер
Known forФорумын Энхбат, Монголд Интернэт нэвтрүүлсэн
Political partyНам бус
Хүүхэд2 хүү, 1 охин
http://elect.enkhbat.mn/
Вэбсайтhttp://elect.enkhbat.mn/

Дангаасүрэнгийн Энхбат (1959 оны 1-р сарын 19-нд төрсөн) -Монгол улсын улс төрч, нийтлэгч, техникийн ухааны доктор, системийн инженер, илтгэгч, зөвлөх, төр нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр социалист нийгмийн үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад ажиллаж байв. Мөн түүнчлэн хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем, интернэт, сансрын холбоо, программ хангамж, системийн судалгаа хөгжүүлэлт дээр зонхилон ажиллаж байна. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "ХҮН" намаас нэр дэвшиж залуучуудын саналын олонхыг авсан.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль,
  • 1975-1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж системийн инженер мэргэжлээр төгссөн.
  • 1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Систем судлалаар дэд эрдэмтэн цолтой.
  • Орос, англи хэлтэй.

Ажил, албан тушаал[засварлах | кодоор засварлах]

  • 1980-1981 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд оператор,
  • 1981-1984 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программист,
  • 1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1990.04-1990.10 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хорооны орлогч дарга, Технологийн Микропроцессийн Олон Улсын Лабораторийн захирал,
  • 1990-1992 онд Үндэсний хөгжлийн яамны дэд сайд,
  • 1992-1993 онд "Монголын Мэдээллийн Харилцаа" ХХК-ийн ерөнхий захирал,
  • 1994-2008 онд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал,
  • 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 онд Бизнес 2.0 академи, 2018 онд Каракорум Дижитал Академи, Бизнес Медиа ХХК-г үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

Олон нийтийн ажил[засварлах | кодоор засварлах]

Улс төрийн карьер[засварлах | кодоор засварлах]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

1982 онд Д.Оюунцэцэгтэй гэрлэсэн. Гэргий нь ойн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Хоёр хүү, нэг охинтой.

Өвөө, аавын тухай[засварлах | кодоор засварлах]

Д.Энхбатын өвөө Д.Найдан нь 10 засгийн начин цолтой бөх хүн байжээ. Хувьсгалаас өмнө Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж ах Д.Сэрээтэрийн хамт өмнө зүгт Таван замын дайнд явж Цагаан хэрэм хүртэл явсан байна. Д.Сэрээтэр нь Богд хаанаас баатар цол шагнуулсан зургаан хүний нэг, Сүхбаатартай хамт баатар болж байсан нэгэн.

Д.Найдан эрийн цээнд хүрсний дараа тайжийн царайлаг охиныг оргуулан гэрлэжээ. Язгууртны охинтой сууснаас болж нутагдаа ад үзэгдэж магадгүй тул хошуу алгасан амьдарч явсаар одоогийн Төв аймгийн Батсүмбэрийн орчим нутаглажээ. Харин хувьсгал ялсны дараа нутагтаа очиж сумын агент хийдэг болжээ.

Найдангийн ах Д.Сэрээтэр нь Д.Сүхбаатар жанжинтай нөхөрлөж байсан учир жанжныг нас барсны дараа Янжмаа гуайтай ярьж хөөрдөг байхдаа дүүгийнхээ хүү Н.Дангаасүрэнг нийслэлд авчран эрдэм номд сургаж, ажилд оруулсан байна. 1940 онд 10 нас ч хүрээгүй байхдаа морзчин болсон Н.Дангаасүрэнг Янжмаа гуай маршал Х.Чойбалсантай танилцуулснаар богино хугацаанд авьяас, ур чадвараар онцгойрч алба ажил дээшилжээ.

Д.Энхбатын аав Н.Дангаасүрэн нь 1943-1959 оны хооронд Хувьсгалт залуучуудын Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 10 орчим жил ажилласан байна. Эвлэлийн Төв хороо бол дайны үеийн залуучуудын хамгийн том, нийгэмд нөлөөтэй байгууллага байсан. Х.Чойбалсантай ойр ажиллаж байсан тэрээр Монголд төдийгүй олон улсын оюутан, залуучуудын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байв.

Н.Дангаасүрэн залуучуудыг барууны орнуудад сургах, хөгжингүй орнуудтай нягт хамтран ажиллах зэрэг хөгжлийн асуудлаар хурал, цуглаан дээр үг хэлж, илтгэл тавьдаг байж. Нэгэн удаа Намын төв Хорооноос “Сэхээтнүүдийн үгийг сонсож хэрэгжүүлэх” хурал гээчийг зохион байгуулжээ[1]. Н.Дангаасүрэнгийн үзэл санааг дэмждэг хэсэг сэхээтэн, багш нар “Монгол Улсын хөгжил удаашралтай байна”, “Зөвхөн Оростой биш, гадаад олон оронтой худалдаа наймаа хийе” гэх мэтээр баахан илтгэл тавьж, Улс төрийн товчоонд хүртэл саналаа бичгээр хүргүүлжээ. Гэвч энэ бүхэн нь тэднийг занганд оруулах уран мэх байсан бөгөөд дараа нь “Сэхээтний төөрөгдөл”-д[2] орсон хэмээн буруутгаж, цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлжээ. Ийнхүү Н.Дангаасүрэнг Монгол Ардын Намын түүхэнд “Сэхээтний төөрөгдлийн удирдагч” хэмээн бичиж үлдээсэн байдаг.

Хожим тэр ШУА-д ажиллан эрдэм шинжилгээний ажил хийж, дэд эрдэмтэн, доктор профессор болжээ. Түүний судалгаанд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын асуудал том байр суурь эзэлдэг.

Д.Энхбат заримдаа “Та Африкийн тухай бичээд байх юм. Ямар хэрэгтэй юм бэ?” гэж ааваасаа асуухад “Мозамбик гэдэг үгийн оронд Монгол гээд, Америкийн импералист гэдгийн оронд Орос гээд уншчих. Тэгвэл чи колончлолын зарчим, буурай орнуудын байгалийн баялгийг хэрхэн дээрэмддэгийг ойлгоно” гэж хэлдэг байжээ[3].

Сурагч, оюутан нас (1980 он хүртэл)[засварлах | кодоор засварлах]

Д.Энхбат зургаан настайдаа сургуульд орж, 1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургуульд сурч төгсчээ. Түүний хүүхэд насны дурсамж аавын ярьж өгдөг байсан гадаад орнуудын тухай сонин сайхнаар дүүрэн. Эцэг нь хэлмэгдэж, ажлаас халагдсаны дараа тэдний гэр бүлийн амьдрал нэг хэсэгтээ хүндхэн байв. Гэрийнх нь бараг бүх эд хогшлыг улс эргүүлэн авчээ. Ээж Д.Солонго уран хүн байсан учраас хүмүүст хувцас оёж олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээх үе байв[3]. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ширэндэв Н.Дангаасүрэнд тусалж ажилтай болгосноор байдал дээрдэж, Д.Энхбатыг Зөвлөлт рүү оюутан болоод явах үед тэднийх боломжийн амьдралтай болсон байв.

Д.Энхбат дунд сургуульд байхдаа “Квант” гэдэг математикийн сэтгүүл уншдаг байсан бөгөөд Москвагийн улсын Их сургуульд математикч мэргэжлээр сурахыг мөрөөддөг байв. Энэ мөрөөдөл биелээгүй ч Монголд маш олон инженер бэлдэж өгсөн ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг системийн инженер хэмээх мэргэжлээр сурч төгсчээ. Уг сургууль хатуу дэг журамтай, маш ачаалалтай хичээллэдэг байв. Эндээс тэр цаастай уйгагүй ноцолдож, нухацтай сурах дадал эзэмшсэн байна.

Программистын карьер (1980-1990 он)[засварлах | кодоор засварлах]

1980 онд их сургуулиа төгсөж ирээд Статистикийн төв газрын тооцоолох төвд ажиллаж эхэлжээ. Тэнд ажиллаж байхад нь хүн амын бүртгэлийн ажилд хэрэглэх компьютер иржээ. Тэр үедээ биеийн тамирын заалтай дүйцэхүйц, диск унших төхөөрөмж нь дангаараа бичгийн ширээ шиг том хэмжээтэй байжээ.

Тэр үед Монгол Улс тэргүүлэх таван чиглэлийн дотор шинжлэх ухаан технологийг багтааж мэргэжилтнүүдийг тусгайлан бэлдэж байсны нэг нь Д.Энхбат юм. 1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд "Эдийн засгийн удирдлагын математик загварчлал" гэсэн чиглэлээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Эрдмийн зэрэг хамгаалаад Удирдлагын автоматжуулсан системийн эрдэм шинжилгээний Хүрээлэнгийн салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан болж, хожим нь Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэнгийн удирдлагад ажиллав. Ингэснээр Д.Энхбат өнөөдөр моодонд ороод байгаа хиймэл оюун ухааны чиглэлд ажиллаж байв.

Ардчилсан хувьсгалын үе (1990-1994)[засварлах | кодоор засварлах]

1990 онд программ хангамжийн чиглэлээр Энэтхэгт гурван сарын хугацаатай сурч байх хооронд Монголд ардчилсан хувьсгал гарсан тухай мэдээ иржээ. Буцаж ирээд хэдийнэ Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэнгийн өрөөнд ороод гарахдаа Шинжлэх ухаан техникийн улсын хорооны дэд дарга болоод гарч иржээ. Хүрээлэнгийнхээ ажлыг өгөхөөр иртэл тэр нь хувьсгалын штаб болчихсон, компьютерыг нь ухуулах хуудас хэвлэхэд ашиглаж байжээ.

Шинэ ажилд томилогдсоны дараа Оросын цэргийн ангиудын орхиж гарсан бүх барилга байгууламж, объектыг бүртгэн хүлээж авах ажлыг бүтэн жил хариуцаж хийжээ. Жилийн дараа Улсын төлөвлөгөөний комиссыг татан буулгаж, Шинжлэх ухаан техникийн улсын хороог Үндэсний хөгжлийн яамтай нэгтгэхэд Д.Энхбатыг дэд сайдаар томилов.

Дэд сайд болсны дараа Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөл ба социалист орнуудаас Монголын нутагт хайгуул судалгааны ажлыг нь хийж гүйцэтгэсэн, ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулж бэлэн болгосон бүх ашигт малтмалын ордуудын баримт бичгийг хүлээн авах болжээ. Нийтдээ судлагдсан 600 гаруй орд байсан гэдэг.

Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч[засварлах | кодоор засварлах]

1994 онд дэд сайдын ажлаа өгөхөд ажиллаж байсан хүрээлэн нь хэдийнэ татан буугдаж, улс орны төсөв технологи манатай болсон байлаа. Угаас эрдмийн хүн учир ганзагын наймаанд явахын оронд компьютерын чиглэлээр ажиллаж байсан хүмүүстэй хамтарч компани байгуулахаар шийджээ. 16 хүн нийлж 4000 ам.доллар гаргаж, тэрийг нь Д.Энхбат халааслаад Москваг зорьжээ. Тэнд очиход Оросын шинжлэх ухааны хүрээлэнгүүд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан бөгөөд тэдний зарим технологийн патентыг нь Д.Энхбат боломжийн үнээр худалдан авсан байна. Ийнхүү Монголд интернэт сүлжээний эхлэлийг тавьсан Датаком компанийн суурь тавигджээ.

Монголын Интернэтийн анхдагч компани болох Датакoм ХХК нь 1994 онд "Мэдээллийн Харилцаа ББХК" нэртэйгээр байгуулагдсан. Улмаар 1996 оны нэгдүгээр сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон АНУ-ын Калифорни мужийн хооронд 128 Kbps сансрын сувгаар дамжуулан Интернэт холболтыг хийж, Монголын улсын хэмжээнд анхны 24 цагийн Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) болсон юм. Ингэснээр Монгол улс Интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй. Нээлтэн дээр Ерөнхийлөгч П.Очирбат зарим сайдтайгаа, Орос, Америкийн Элчин сайдууд иржээ. 1996 оны тавдугаар сард “Мэдээллийн харилцаа ББХК” нь нэрээ сольж одоогийн Датаком ХХК болж өргөжжээ.

Эхэндээ банкны мэдээллийн сүлжээ байдлаар ажиллаж байгаад аяндаа интернэт сүлжээ рүү шилжсэн байна. Анхны электрон захидал /и-мэйл/ туршиж, анхны и-мэйл хэрэглэгчээ урьж авчрахад нөгөөх нь “Би тэгээд хэн рүү бичих юм бэ?” гэж асууж байв. Түүнээс гадна и-мэйлтэй хүмүүсийн уулзалтыг тусгайлан зохион байгуулж байжээ.

Тухайн үед сансрын холбоо нь маш үнэтэй, нэг минут Америк руу ярихад 5 ам.долларын үнэтэй байлаа. Гэтэл Датакомынхон сансрын сүлжээнд бүтэн 24 цагаар шугам ашигладаг байжээ.

Монголын интернэтийн нээлт. 1996 он

1994 оны өвөл компанийн жижүүр нь “Тантай нэг гадаад хүн уулзах гээд доор ирчихсэн байна” гэхэд нь Д.Энхбат цонхоороо хартал Америкийн далбаатай элчингийн машин зогсож байв. Тэр өдрөөс хойш АНУ-ын Элчин сайд Доналд Жонсон, Д.Энхбат хоёрын ажил хэргийн нөхөрлөл эхэлжээ. Хүү нь Америктаа интернэтийн чиглэлд ажилладаг байсан учир Датаком компанийнхны хийж буй ажлын ач холбогдлыг сайтар ойлгож, эцэстээ байн байн компани дээр нь ирж ажлыг нь сонирхдог болжээ.

Тэр үед АНУ нь Монголын маслын хомсдолыг багасгах зорилгоор хүнсний масло нийлүүлж, бий болсон орлогыг тусгай сангийн хэлбэрээр банканд байршуулдаг байв. Д.Энхбат компанидаа зээл авах барьцаа хөрөнгө байхгүй учраас Элчин сайд Д.Жонсон түүнд туслан дээрх сангийн мөнгийг барьцаалан батлан даалт гаргаж Хотош банкнаас зээл гаргуулсан байна. Ингээд 50 000 ам.долларын зээлийг сарын 4.8 хувь, жилд 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай ам.доллароор авчээ. Огт мэдэхгүй зүйлээ тийм өндөр зардалтайгаар, өөрсдөө бүх программаа бичээд, Америк Монголыг холбосон үйлчилгээ эрхлэх нь санхүү талаасаа маш зоригтой ч тун эрсдэлтэй алхам байлаа.Тиймээс Д.Энхбатын хувьд маш хурдтай ажиллахаас өөр сонголт байсангүй. Ийнхүү Датаком ХХК байгуулагдсанаасаа хойш эхний таван жилдээ бараг мөнгө хийгээгүй гэж ярьдаг.

Санхүүгээс гадна техникийн хувьд цөөнгүй бэрхшээл байв. Тухайлбал, 1996 онд тун хүйтэн өвөл болж, шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд Их дэлгүүрт байсан бүх үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулж тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах байдлаар өвлийг давсан удаа бий.

Түүнчлэн тэр үед хүмүүс Интернэт гэж юу болохыг мэддэггүй байсан учраас хөгтэй явдлууд цөөнгүй гардаг байв. Жишээ нь, Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар яарч байх цагт тэр үеийн Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр барууны технологи нэвтрүүлсэн, түүндээ Монголын аюулаас хамгаалах байгууллагад ч байхгүй сүүлийн үеийн сансрын холбоо ашиглаж, Монголын нууцыг гадагшаа задлах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгч байсан удаатай. Шүүхийн асуудал хаашаа ч эргэж магадгүй байсан учир Д.Энхбат Ерөнхийлөгчийн тамгын газрынханд хандаж, П.Очирбат Ерөнхийлөгчийг сайд нарынх нь хамт нээлтэндээ урьснаар эрх баригчид өргөдлөө буцаан авчээ.

Бас нэг өдөр шар сонинд “Д.Энхбат Италийн мафийн сүлжээг Монголд оруулж иржээ” гэсэн нийтлэл тавигдаж, түүнийгээ дэлхийг ороож шамшийлгасан наймаалжны зургаар чимж, өөрийнх нь зургийг зэрэгцүүлэн тавьсан байв. Д.Энхбат гайхаад сонины эрхлэгч рүү нь залгахад нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй нь уулзуулжээ. Тухайн үед зурагтаар гардаг байсан “Наймаалж” Италийн олон ангит киног тэр сэтгүүлч үздэг, комиссар Каттани мафийнхантай тэмцэж байгааг шимтэн хардаг байсан болохоор Д.Энхбатыг “Манай компани бол дэлхийг хэрсэн харилцаа холбооны сүлжээ” гэж рекламдахад нь мафийн сүлжээ юм байна гэж ойлгосон байна.

Эдүгээ бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Д.Энхбат интернэтийг нэвтрүүлсэн тухайгаа ярихдаа “Цагаан Хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдах аюултай, далайд гарцгүй Монгол Улсаа дэлхийд гарцтай болгохын тулд үүнийг хийсэн” гэж ярьдаг.

Датаком компаниас таван жилийн дараа л "Монголын цахилгаан холбоо" компани интернэт үйлчилгээнд хөл тавьсан байна.

"Форум"-ын Д.Энхбат[засварлах | кодоор засварлах]

Оросуудын нэрлэдэгээр "Соросын сан" буюу "Нээлттэй нийгмийн хүрээлэн” Монголд байгуулагдахад Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон Д.Энхбат нар Удирдах зөвлөлд нь оржээ. Тэрээр Удирдах зөвлөлийн даргаар нь таван жил ажиллажээ. Энэ үед Д.Энхбатад "Форум" нэвтрүүлгийн санаа төрж түүнээ бичгээр цааш нь өгчээ. Бизнесийн ажилдаа цаг зарцуулах шаардлагатай байсан учраас УЗ-ийн даргын ажлаа өгөв. Гэтэл 2005 онд гэнэтхэн нэвтрүүлгийн төсөв батлагдав. Гэвч нэвтрүүлгийг хөтлөх тохиромжтой хүн олдоогүй учраас Д.Энхбат санаачилсан нэвтрүүлгээ өөрөө хөтлөхөөр болсон байна. Улмаар 60 гаруй дугаарыг амжилттай хийсэн юм.

Уг нэвтрүүлэг нь сэтгүүл зүйн салбарт тэсрэлт болж, телевизийн нэвтрүүлгийн шинэ хэв маягийг бий болгосон. Нэвтрүүлгийн үеэр олны анхаарлын төвд байдаг асуудлыг хурцаар гарган тавьдаг байв. Тухайлбал, Роберт Фрийдланд гэгч нөхөр Оюу толгой асар их нөөцтэй тухай, ашиглалтанд хяналт тавих иргэний хөдөлгөөн байхгүй тухай, өөрийн эзэмшилд Калифорни мужаас ч том газартай болсон тухай хөрөнгө оруулагчдад гайхуулан ярьж байсан илтгэлийг англи хувилбараар олж авч орчуулаад “Форум” нэвтрүүлэг дээр хэлэлцэж, тэр нь олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд орж байлаа.

Улс төрийн карьер[засварлах | кодоор засварлах]

2006 онд "Форум" нэвтрүүлэг хаагдсаны дараа Д.Энхбат хэсэг хүмүүсийн хамт "Шинэ бодлого" хүрээлэнг байгуулж тэргүүнээр нь ажиллажээ. Зорилго нь улс төр, эдийн засгийн шинэ гарц, бодлогыг боловсруулахад нийгмийн оюунлаг хэсгийг дайчлах байв. Үндсэн хуулийн эцэг гэгддэг. Б.Чимэд анхны лекцүүдийн нэгийг уншиж байжээ[4].

Гэвч тус хүрээлэнг үүсгэн байгуулсан таван хүний хоёр нь өөр зам сонгож, Д.Энхбат нь хоёр нөхрийн хамт "Иргэний холбоо"-г байгуулжээ. Ерөнхийлөгчөөр нь тэр сонгогдов. “Иргэний холбоо” нь иргэний нийгмийн төлөө ажилладаг хөдөлгөөнүүдийг нэгтгэж Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байлаа. Гэвч 2006 оны дөрөвдүгээр сард тэмцэл зохион байгуулалтгүй болов. Зарим судлаачид үүнийг эрх баригчдаас шургуулсан хутган үймүүлэгчдийн явуулга байсан[4] гэж үздэг.

Иргэний хөдөлгөөний тэмцэл мухардалд орсны дараа "Иргэний эвсэл" халааг нь авч Д.Энхбат тэмцлээ үргэлжлүүлэв. Тус эвсэл “Монгол хүн бүр өөрийнхөө амьдралд, улс орондоо эзэн байх ёстой” гэсэн уриатайгаар олон мянган хүнтэй жагсаал цуглаан зохион байгуулж, эрх баригчдад шаардлага тавьж байв.

2006 оны 10-11 дүгээр сард "Бүх ард түмний Хуралдай" зарласан ч иргэний хөдөлгөөнүүд нэгдэж чадаагүйгээс амжилт олсонгүй. Д.Энхбат "Сонгуулийн хувьсгал" хэмээх нэр томъёог гаргаж, иргэний хөдөлгөөнүүдийг сонгуульд оролцуулах зорилготой байв. Гэвч эрх баригчид сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, зөвхөн нам, намуудын эвсэл сонгуульд нэр дэвших боломжтой гэж хуульчлав. Д.Энхбат 2007 онд Монголын Ногоон Намын даргаар сонгогдов. Улмаар 2008 онд "Иргэний зориг - Ногоон нам" эвслээс УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Намын шугамаар улс төрд орох болсон шийдвэрээ хожим дүгнэхдээ "Сонгуульд оролцохын тулд иргэний хөдөлгөөнөө улс төрийн нам болгон хувиргаж, улс төрийн тоглоомонд орчихсон нь нэг том алдаа байсан[5]" гэж ярьдаг.

2008 оны 7-р сарын 1-ний жагсаал дээр Д.Энхбат очиж үг хэлж байв. Түүнийг тус жагсаалыг зохион байгуулагчдын нэг гэсэн цуу яриа бий. Харин тэр яагаад тэнд очсоноо дараах байдлаар тайлбарладаг:

"Уг нь улс төрийн хүчний удирдагчид эхлүүлсэн юмнаасаа зугтаж талбарыг орхих ёсгүй байсан. Ямар ч муу зүйл болж байсан тэндээ зогсож байх ёстой байсан гэж би үзсэн. Тэд олны өмнө гараад “Бидэнд тэд хоногийн хугацаа өгчих. Асуудлыг судлая, зохицуулъя” гэж хэлсэн бол нэг өөр хэрэг. Гэтэл хүмүүс мэдээлгүй, мухардалд орчихсон, бужигначихсан байхад нөгөө удирдлагчид нь алга болчихсон. Тийм учраас дахиад тийм жагсаал болсон ч очно. Яагаад гэвэл нэгэнт л тоглоомыг эхлүүлсэн бол хамгийн хэцүү цагт нь байж байх ёстой. Тийм хямрал болоход маш олон хүн зугтаачихдаг юм байна лээ. Миний хувьд зугтаахыг хүсээгүй[6]".

Боловсрол, бизнесийн салбарт[засварлах | кодоор засварлах]

2012 онд Д.Энхбат улс төрөөс гарч боловсрол, мэдээллийн технологийн салбарт соён гэгээрүүлэх ажил хийж эхлэв. Тэр жилдээ "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-г байгуулж, "One Mongolia" боловсролын төслийг хэрэгжүүлжээ. Тэрээр интернэтийг хүмүүс насан туршдаа сурч байдаг орчин, соёл болгох алсын хараатай байв. Төсөл нь нийт Нэг оюутан, Нэг ном, Нэг Эрдмийн бүтээл, Нэг академи, Нэг хэл, Монголпедиа гэсэн хэсгээс бүрдэж байв. Төслийн хүрээнд хийгдсэн нэг томоохон ажил нь Америкийн Хан Академийн 500 видео хичээлийг монгол багш, сурагчдад зориулан эх хэлнээ орчуулжээ. Түүнчлэн монгол онлайн цахим толь бичиг болох https://web.archive.org/web/20210519095429/http://www.wikitoli.mn/ платформыг байгуулж байв.

2018 оноос тэр Монголын бизнесийн салбарт мэдээллийн технологийн давуу талыг ашиглах чиглэлд идэвхитэй ажиллах болов. Тэрээр "Бизнес 2.0 Академи"-ийг байгуулж албан байгууллага, ажил хэрэгч хүмүүст зориулан мэдээллийн технологи ашиглан ажил хэргээ зохион байгуулах талаар төрөл бүрийн захиалгат сургалт хийх, онлайн хичээл бэлтгэн явуулах технологийн шийдэл санал болгон ажиллаж байна. Түүнчлэн 2018 онд "Хархорум дижитал академи" болон Бизнес Медиа ХКК-ийг үүсгэн байгуулж бизнес эрхлэгчдэд хэвлэл мэдээлэл, онлайн сургалтын төслүүд хэрэгжүүлж байна. Түүний санаачилж, хамтран байгуулсан Business.mn сэтгүүл нь цаасан сэтгүүл, вэб сайт, бизнесийнхэнд зориулсан онлайн сургалтууд, подкаст зэргээс бүрддэг, контент маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг платформ хэлбэрээр хөгжиж байна.

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль[засварлах | кодоор засварлах]

2021 оны эхээр Хөдөлмөрийн Үндэсний Нам, Зөв хүн-Электорат эвслээс "Ерөнхийлөгчөө захиалъя" нэртэй аяныг олон нийтийн дунд зохион байгуулж 20 орчим мянган хүн оролцсоноос нийт 140 хүнийг санал болгожээ. Тэдэн дундаас хамгийн их санал авсан нь Д.Энхбат болов. Тус эвслээс түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг албан ёсоор тавьж, 2021 оны тавдугаар сарын 2-ны өдөр саналыг хүлээн авчээ. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө улс төрд орох талаар огтхон ч бодож байгаагүй Д.Энхбат 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшин өрсөлдөөд сонгогчдын 24 гаруй хувийн санал авчээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Нийтэд өгсөн ярилцлагууд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Галсангийн Жамъянгийн дурсамжаас
  2. Монголын түүхийн тайлбар толь
  3. 3.0 3.1 Д.Энхбаттай хийсэн ярилцлагаас
  4. 4.0 4.1 А.Баатархуяг. Ногоон аяганы түүх буюу "Форум"-ын Д.Энхбат. 2008 он.
  5. "Уухай" clubhouse уулзалтын 4 дэх дугаар
  6. Д.Энхбатын фэйсбүүк хуудаснаас