Ольмек

МЭӨ 1400 - 400 оны хооронд цэцэглэн хөгжиж байсан Ольмекийн төвүүд.

Ольмекууд (Англи хэл: olmecs) нь Мезоамерикийн уугуул иргэд бөгөөд тус бүс нутагт бий болсон соёл иргэншлүүдийн анхдагчдын нэг нь юм. Тэд Мексикийн булангийн төв эрэг орчмоор, Юкатан хойгийн баруун эргийн намаг, бамбалзуурт халуун орны ширэнгэн ойд буюу өнөөгийн Мексик улсын Веракруз, Табаско мужийн нутагт аж төрдөг байжээ. Тухайн үед тэд төв Мексикийн уулс, Мексикийн хөндий буюу өнөөгийн Мексикийн Гуерреро, Оаксака мужын нутгаар өөрсдийн нөлөөллөө тогтоосон байв.

Гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Ольмекийн соёл иргэншил МЭӨ 1500 - МЭӨ 600 оны орчимд цэцэглэн хөгжиж байжээ. Өнөөдөр мэдэгдэж байгаа Ольмекуудын соёлын илэрхийлэл болсон хамгийн эртний төв нь Сан Лорензо бөгөөд уг төв МЭӨ 900 онд устаж үгүй болсон гэж тогтоосон байна. Үүний дараа тэд Ла Вента орчимд төвлөрөн дахин хөгжиж, төв Мексикт хотожсон соёл иргэншлийг бий болгон бүс нутагтаа олон зууны турш нөлөөтөй байсаар иржээ. Тэд 30 метр орчим өндөртэй шороон пирамид босгож, сүм, орднуудын цогцолбор төв байгуулан амьдарч байсан нь Мезоамериктаа хамгийн эртний пирамид хэмээн тооцогддог байна.

Ла Вентагийн аварга чулуун толгойнуудын нэг. Ойролцоогоор 3 м өндөр.

Ольмекууд уран баримал ба хөдөө аж ахуйд зориулан алсын уулсаас чулуу зөөвөрлөн ашиглах болсон нь бүс нутагтаа анхдагч болж байсан аж. Ла Вентад эрэгтэй хүний толгойг дүрсэлсэн дунджаар 3 метр өндөртэй 4 ширхэг аварга том чулуун баримал байдаг нь ольмекийн уран баримлын чадавхийг илэрхийлэх тод жишээ юм.

Ольмекууд чулууг маш сайн боловсруулдаг байснаас гадна Америк тив дэх хамгийн анхны бичиг үсгийг зохион хэрэглэсэн байна. Үүнийг Веракруз дахь хадан хавтан дээр сийлэгдсэн дүрс үсгүүд баталдаг. Судлаачид эдгээр дүрс үсгүүдийг хожуу үеийн мезоамерикийн соёл хамаарагдахгүй бөгөөд МЭӨ 900 оны орчимд бичигджээ гэж дүгнэсэн байна. Ольмекууд өвөрмөц соёлын анхны загварыг бий болгосон бөгөөд түүнийг дараа дараагийн соёл иргэншлүүд өвлөн авч, өргөжүүлэн хөгжүүлсэн байна.

МЭӨ 1200 оноос ч өмнө хамаарагдах Ольмекуудын соёлын онцлог шинжүүдийг хадгалсан олдворууд Сан Лорензогийн Теночтитланаас олддог байна. Соёл иргэншил үүсэн бүрэлдэхэд эрдэнэ шиш маш сайн ургадаг эрдэс давсаар баялаг ус ихтэй хөрс бүхий экологийн нөхцөл нь нөлөөсөн байж болох талтай. Энэ байгалийн нөхцөл байдал нь магадгүй бусад эртний соёл иргэншлүүд үүссэн болох Нил, Инд, Шар мөрний хөндий болон Месопотамитай адил байсан байж болзошгүй ажээ. Сан Лорензо орчмын байгалийн таатай нөхцөл нь хүн амны нягтшилыг үүсгэсэн бөгөөд энэ бүс нутгийн хүмүүс элит ангийг бий болгож, бусад бүс нутгуудаа дараалан өөрийн эрхшээлд оруулснаар Ольмекууд өөрийн соёлыг бий болгосон гэж үздэг байна. Тэд тухайн үед бүхий л мезоамерик даяар худалдаа наймаа эрхэлдэг байсан бөгөөд арилжааны гол хэрэгсэл нь хас, обсидиан, магнетит зэрэг ховор чулуу, түүгээр урласан багаж зэвсэгүүд байдаг байжээ. Хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хас чулуун бүтээгдэхүүнүүд байдаг байв. Ольмекийн анхны төв болох Сан Лорензо нь МЭӨ 900 оны орчимд орхигдсон байна. Яг энэ цаг үетэй давхцан Ла Вента төв хүчэ авч, товойн гарч иржээ. Байгалийн нөхцөл өөрчлөгдсөн нь үүний шалтгаан байж болох юм. Тухайн үед хамгийн чухал үүрэгтэй голын голдрил нь өөрчлөгдсөн нь ажиглагддаг байна. МЭӨ950 оны орчимд ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар Сан Лорензогийн хөшөө, баримал, дурсгалууд эвдэрч сүйрсэн байна. Шинэ хүчирхэг төв Ла Вента нь МЭӨ 900 оноос МЭӨ 400 оны хооронд оршин тогтнож байсан бөгөөд энэ үед пирамид болон бусад ёслолын гол байгууламжуудыг барьсан байдаг ажээ. МЭӨ 400 оны орчимд Ла Вента өмнөх төвийн адил орхигдсон байна.

Мөхөл[засварлах | кодоор засварлах]

Загасан хэлбэрт сав. МЭӨ XII-IX зууны орчим.

Ольмекийн соёл бүр мөсөн устсан шалтгаан нь өнөөг хүртэл тодoрхойгүй байдаг. Бидэнд мэдэгдэж байгаагаар МЭӨ 400 -350 оны хооронд Ольмекийн нутгийн зүүн хэсгийн хүн ам маш хурднаар алга болцгоосон байна. Тэр цагаас хойш уг нутагт XIX зууныг хүртэл хүн оршин суудаггүй байв. Хүн амын гэнэтийн хорогдлийн шалтгааныг хүрээнлэн буй орчны өөрчлөлттэй холбон үздэг байна. Тухайлбал голын голдрил өөрчлөгдснөөр газар тариалагийн талбай нь лаг шаварт дарагдан ашиглах боломжгүй болсон байж магадгүй гэж үздэг. Ямартай ч хэдхэн зууны дотор Ольмекийн хотууд орхигдон, дараагийн соёл иргэншлүүд бүрэлдэн бий болж эхэлсэн байна.

Ольмекууд бүс нутагтаа анхдаг соёл болохынхоо хувьд маш олон зүйлийн анхдагч байсан гэж үздэг. Тухайлбал бөмбөгт тоглоом, цусан тахилга (магадгүй хүнээр өргөл өргөх), цаг тооны бичиг, дүрс үсэг болон тэгийн тоог анх санаачилсан байна. Мөн шашнаар удирдуулсан хот улсууд нь дараа дараагийн соёлуудын гол хэв маягийг бүрдүүлж өгчээ.

Ольмекууд гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Тэдний гарал үүслийн талаар нилээд хэдэн таамаглалууд байдаг. Тэдгээр таамаглалуудын дотор “Ольмекууд Африк хүмүүс шиг байсан” гэх үзэл нилээд түгээмэл байдаг ч мэргэжлийн судлаачдын ихэнх нь хүлээн зөвшөөрдөггүй байна.

Тэд Африк гаралтай юу?[засварлах | кодоор засварлах]

Африкжуу төрхтэй хүний аварга хөшөө

Зарим судлаачид Ольмек хөшөө дурсгалуудыг судласнаар Ольмекуудын нүүрний хэв маягийг тодорхой мэдэж болно гэж үздэг бөгөөд энэ судалгаанаас харвал тэд Африк хүмүүстэй төстэй царайтай байсан нь харагддаг гэж нотлохыг оролддог байна. Мөн ясны бүтэц, генетик, хадны дүрс үсгийн судалгаануудын үр дүн ийм үр дүнг өгүүдэг гэж үздэг. Толгой хэлбэрт баримлууд болох Хуйяпаны дурсгалыг судалсан Хосе Мелгар 1862 онд хэвлүүлсэн бүтээлдээ анх удаа “Негржүү төрх”-ийн талаар дурьдсан байдаг. Энэ үзэл санааг ХХ зуун гарахад нилээд олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч, гүнзгийрүүлэн хөгжүүлсэн байна. Тухайлбал яг ийм таамаглал дэвшүүлэгч Иван Ван Сентима, Клайд Ахмед Винтерс нар Ольмекууд нь Баруун Африкийн Манде хүмүүстэй маш төстэй байсан гэж мэдэгдсэн байдаг. Остеологи нь хүний араг ясны бүтцийг судалдаг шинжлэх ухаан бөгөөд энэ шинжлэх ухааныг ашиглан зарим судлаачид Мексик дахь балар эртний олдворуудаас Африк хүний араг ясны хэлбэрийг олсон хэмээн нотолдог байна. Үүнээ үндэслэн Ольмекуд нь Африк гаралтай хүмүүс байсан гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Тухайлбал Мексикийн Тлатилько, Серро де лас Месасаас олдсог эртний хүний гавлын яснаас дээрх дүгнэлтийг хийжээ. Эхнийх нь олдвор Ольмекуудын соёл иргэншил ид цэцэглэж байсан үед хамаарах бөгөөд олдвор олдсон Тлатилько нь Олмекуудын Ольмекуудын үндсэн нутаг биш ч нөлөөлөлтэй байжээ. Эндээс олдсон гавал нь Африк маягийн шинжийг 100 хувь агуулж байжээ. Харин Месасын олдвор нь МЭ 250 он орчимд буюу Ольмекийн соёл мөхснөөс хойш 600 гаруй жилийн дараахь үед хамаардаг байна. Гэхдээ Ольмекийн үндсэн нутгаас олджээ. Уг гавал нь Африк шинжийг 25 хувь агуулсан байв.

Хожим нь уг гавлуудыг судалсан Польшийн эрдэмтэн Виерцинский Польш, Монгол, Угандагаас олдсон олдворуудыг арьсны төлөөлөл болгон авч харьцуулсан судалгааг хийсэн байна. Түүний дүгнэлтээр Ольмекууд хар арьстнууд байх магадлал тун бага гарсан бөгөөд Тлатилькогос олдсон араг ясны 14 хувь, Месасаас олдсон араг ясны 4,5 хувь нь “хар хүмүүс”-т тохиолддог шинжийг агуулсан байжээ. Виерцинский өөрийн судалгаандаа үндэслэн бушменууд атлантын далайг гатлан Мексикт суурьсан байж болзошгүй ба Шангийн үеийн хятадын зарим нөлөө Мезоамрикт нэвтэрч байжээ гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэвч ихэнх судлаачид зөвхөн харьцуулсан судалгаагаар ингэж дүгнэх нь буруу гэсэн байр суурьтай байдаг ажээ. Мөн ольмекуудын дүрс үсэг ба хүний генийн бүтцэд хийсэн шинжилгээгээр зарим онцлог шинжүүдийг тодорхойлсон байна.

Ольмекууд Хятад язгууртай байх боломжтой юу?[засварлах | кодоор засварлах]

Ольмекийн хас чулуун баг. Дорно зүгийн хүний төрх санагдуулам харагддаг байна.

Зарим судлаачид Ольмекийн соёл иргэншил нь хятадын Шан улсын төгсгөл үеийн самуун цагаар эх газрын хятадаас дүрвэсэн хятад хүмүүсийн тусламжтайгаар бий болсон гэж нотлохыг оролддог байна. 1975 онд Смитсоны институтын эрдэмтэн Бетти Меггер МЭӨ 1200 оны орчимд Шан хятадуудын нөлөөгөөр Ольмекийн соёл үндэслэгдсэн гэж өөрийн таамаглалаа дэвшүүснээр энэ хандлага бий болжээ. Мөн энэ санааг Майк Шу, Чен Ханпинь зэрэг судлаачид нотолдог бөгөөд баталгаа нь хятад маягийн төрхтэй нүүрний багууд болно гэж үздэг байна.

1996 онд хийгдсэн Испаничуудаас өмнөх үеийн уугуул иргэдийн шүдний олдворт тулгуурлсан судалгаагаар уг шүднүүд нь 73 хувь зүүн өмнөд азийн хэв маягтай, 27 хувь зүүн хойд азийн хэв маягтай болохыг тогтоожээ. Гэвч энэ үзлийг ихэнх судлаачид эрс үгүйсгэдэг байна.

Викинг тэргүүнтэй Ольмекууд[засварлах | кодоор засварлах]

Энэ хамгийн бага магадлалтай таамаглал юм. Судлаач Майкл Кой ольмекуудын дүрслэх урлагийг судлан балар эртний умард европын цөөн тооны хүмүүс тус нутагт ирж, өөрсдийн засаглалыг бий болгожээ гэж зоримог санаа дэвшүүлсэн байна. Түүний бодлоор тэд бол Африк хүмүүс биш бөгөөд уугуул индианчууд эсвэл умард европын супер хүмүүс байсан ажээ.

Тэд бол уугуул мезоамерикчууд[засварлах | кодоор засварлах]

Мезоамерикийн түүх, соёл судлаачдын үнэмлэхүй олонх нь тэд бол уугуул америк хүмүүс /индианчууд/ гэж үздэг байна. Үүний нотолгоо нь хэл зүй болон археологийн олдворуудаар бүрэн батлагддаг гэж үздэг ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Olmec – Викимедиа зураг, бичлэг, дууны сан