Цагаанхайрхан сум (Увс)
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Цагаанхайрхан сум
ᠴᠠᠭᠠᠩᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Сумын төв | Мөндөөхөө |
Газар нутаг | |
• Нийт | 4,000 км2 (2,000 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,113 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 8505 |
Цагаанхайрхан нь Увс аймгийн сум юм.
Цагаанхайрхан сум нь Засагт хан аймгийн Чин ачит вангийн хошуу (манжийн засгийн үед) сүүлд 1923 оноос Хантайшир уулын аймаг Ханхөхий уулын хошуу гэгдэж байгаад 1931 оны 2 сарын 18-ны Улсын бага хурлын тогтоолоор Хантайшир уулын аймаг татан буугдахад Ханхөхий уулын хошуунаас тасарч 1931 онд Увс аймагт харьяалагдаж Туруун сум нэртэй болжээ. 1959 онд Туруун сумаас одоогийн (Баруунтурууны САА-гаас) Баруунтуруун сум тасран гарч шинээр сум үүсэхэд нэрээ өөрчлөн Цагаанхайрхан нэртэй болжээ. Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай, говь, ойт хээр хосолсон 399,4 мянган га нутаг дэвсгэртэй, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай, Завхан сумд, Завхан аймгийн Ургамал сумтай хиллэнэ. Увс, Ховд аймгийг мод модон материалаар хангадаг модны үйлдвэртэй. Энэ сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 багтай, 569 өрхийн 2011 хүн амтай бөгөөд сумын төвд 175 өрхийн 574 хүн, хөдөөгийн 394 малчин өрхийн 1437 хүн амьдарч байна. Сумын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 208275 толгой мал тоолуулснаас тэмээ 415, адуу 8104, үхэр 7531, хонь 91109, ямаа 101116 толгой мал байна, Нийт газар 399,4 мянган га, үүнээс бэлчээрийн газар 329,3 мянган га, хадлангийн талбай 412,8 га, тариалангийн газар 33 га талбайг эзэлдэг. Тус сумаас улсын сайн малчин 8, аймгийн аварга малчин 23, мянгат малчин 80 төржээ. Эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь бааз нь бэлчээрийн МАА юм. Нийт төсвийн-5 байгууллага, ШТС-2, арилжааны банк-2, нарийн боовны цех-2, эсгийний үйлдвэр-1, мужааны цех-3, мод боловсруулах цех-5, хатуу зөөлөн оёдлын цехүүд зэрэг нийт 40 гаруй аж ахуй нэгж байгууллага ажиллаж байна. Улаанбаатараас 1190 км, Улаангомоос 230 км зайтай, сумын төв нь Мөндөөхөө.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн нар бөгөөд, Элжигэн овог нь Хамаг Монголын ханлигийн Дарлигин хэмээх хэсэгт нь хамрагдаж байгаад Чингис хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн хоёрдугаар хүү Ноёнтойд Бэсүд ба Элжигэн нарыг өгч захируулжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуугэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ Элжигэн нарын хошуу нэрээ өөрчилж байжээ. Одоо Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумын бүх хэсэгт, Баруунтуруун сумын өмнөд зүүн хэсэгт Элжигэн нар нь оршин суудаг.
Энэхүү Элжигэн нарын хошуу анхандаа нэг хошуу байгаад хожим хоёр хуваагджээ. Эдгээр нь тухайн үед засаглаж байсан Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваанцэрэн нарын цол хэргэмээс хамаарч Ачит вангийн хошуу, Зоригт вангийн хошуу гэгдэх болжээ. Зоригт вангийн хошуу нь гол хошуунаас тасалсан харьцангуй жижиг хошуу байсан тул одоогийн Зүүнхангай сум болон Баруунтуруун сумын зүүн хэсэг нь болжээ. Ачит вангийн хошуу нь гол том байсан тул Цагаанхайрхан, Өндөрхангай сум, мөн Баруунтуруун сумын өмнөд хэсэг нь болжээ
Хүмүүс
Цагаанхайрхан сумаас төрсөн алдартнууд:
- Соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч гүн С.Лувсандондов
- Төрийн сайд Л.Гончигдамба гүн
- БНМАУ-н НАХЯ-ны сайд УАХГ-н дарга дэслэгч генерал Б. Жамбалсүрэн
- Хоршоодын төв холбооны дарга ХБЯ-ны сайд З. Ганжууржав
- Соёлынн яамны орлогч сайд Ч.Пүрэв
- Дэд сайд Жаргалсайхан,
- Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан,
- Элчин сайд З. Энэбиш
- Хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Р. Баатар
- Хөдөлмөрийн баатар пара олимпын аварга Э. Содномпэлжээ
- Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү
- БНМАУ спортын гавьяат мастер Х.Доржжүгдэр
- Төрийн шагналт Г. Лувсандорж
- Монгол улсын гавьяат багш Э.Дамдинсүрэн
- Монгол улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат
- Монгол улсын гавьяат багш С.Бадамханд
- Монгол улсын гавьяат багш Д. Санжсүрэн
- Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б. Мянганбаяр
- ШУ-ны гавьяат ажилтан, Академич Ц.Баатар
- Монгол улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн М. Гүрсэд
- Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн Г. Чулуунбаатар
- Монгол улсын гавьяат багш З.Энэбиш
- Монгол улсын гавьяат багш Д.Түмэнжаргал
- ШУ-ны гавьяат зүтгэлтэн түүхийн ухааны доктор Ц. Ишдорж
- Монгол улсын гавьяат багш Р. Дондов
- Монгол улсын гавьяат эмч О. Лхамсүрэн
- Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Т. Хүрэлхүү
- Монгол улсын гавьяат жүжигчин Ц. Баясгалан
- Академич,Химийн ШУ-ны доктор Sc.D Г. Самдан
- Химийн ухааны доктор Ph.D П. Мөнхбаатар
- Ловон Гавж Ц. Гүнчин-иш
- Монгол улсын алдарт уяач Г. Цэвээндорж
- Улсын аварга Малчин А. Ягаан, С. Ягаан, Л. Рэгзэн, Д. Мөнхжаргал, Л. Мэндбаяр, Н. Дорж зэрэг 6 аварга малчин, Улсын аварга тариаланч З. Дэмбэрэл яруу найрагч Я. Бадамсүрэн, Нандинцэцэг, зураач Т. Нурмаажав, зэрэг эрдэмтэн мэргэд сайд, алдартан сайчууд төрөн гарчээ.