Jump to content

Чахундорж хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чахундорж
Түшээт хан
Хаанчлал1655–1698 он (43 жил)
Төрсөн огноо1634 он
Төрсөн газарТүшээт ханы өргөө
(одоо Монгол улсын
Архангай аймгийн
Хашаат сум)
Өнгөрсөн огноо1698 он (62 наслав)
ӨмнөхГомбодорж Түшээт хан
УдаахДондовдорж хан
Их хатанСэрадулам хатан
ЭцэгГомбодорж Түшээт хан
ЭхХанджамц хатан
Төрсөн нэрЧимэддорж

Чахундорж (төрсөн нэр нь Чимэддорж) — 1634–1698 онд амьдарсан, тусгаар халхын Түшээт хан, монгол хүн байв.

Бага нас

Чахундорж 1634 онд (зарим сурвалжид 1624/1637 он) халхын Түшээт хан Гомбодоржийн гэрт (одоогийнхоор Монгол улсын Архангай аймгийн Хашаат сумын нутаг Мэндийн ам) ахмад хөвүүн нь болон, ойрадын дөрвөд аймгийн Далай тайшийн охин Ханджамц хатнаас төрсөн. Өндөр гэгээн Занабазар, баатар хунтайж Шидишир хэмээх хоёр дүүтэй байв.

Түшээт хан

Гомбодорж хан өөд болоход 1655 онд Чахундорж 21 насандаа хан ор суув. 1655–1691 он хүртэл тусгаар халхын Түшээт хан, 1691–1698 он хүртэл Чингийн харьяат халхын Түшээт хан, нийт 43 жил хан ширээнд заларсан. Түүний өвийг 1700 онд ач хүү Дондовдорж, 1702 онд хоёрдугаар хүү Равдандорж залгажээ.

Харилцаа

1655 онд манжийн Эеэр засагч хааны шаардсанаар Галдандорж хүүгээ Бээжинд суулгасан. 1685 онд оросын бэхлэлт рүү дайрахдаа Албазин руу дайрсан манжтай эвсэж, цэргийн тусламж авч байсан. 1686 онд Байдрагийн Хүрэн бэлчирийн хуралдайгаар 1640 оны Дөчин дөрвөн хоёрын их цаазыг хүчингүй болгожээ.

1657 онд Оросын Алексей царьт захиа бичиж хариадын (буриад) нутгаас цэргээ гаргахыг шаардаж байв. 1685 онд Сэлэнгийн бэхлэлт рүү элч зарж өөрийн албат буриадыг чөлөөлөхийг шаардаж байв. Оросууд шийдэмгий захиаг нь гуйлт болгож орчуулсан ба шаардлагыг хүлээн авч ухарч байсангүй.

1662 онд хотгойдын III Алтан хан Засагт хан руу довтлон дийлж, Чу мэргэнийг Засагт ханаар тавихад захирагдахгүй гэсэн ард дүрвэн Түшээт ханд дагасан бөгөөд 1670 онд Сэнгүм Засагт хан болж, нөхцөл байдал эргэсэн гээд найман жилийн өмнө дүрвэсэн ардыг нэхэхэд Түшээт хан өгөөгүй. Ужиг хямрал үүссэн.

Байлдаан

Түшээт хан Чахундоржийн халх цэрэг Байгал нуурын өвөр, Сэлэнгийн адгаарх оросын шинэ тутам боссон шивээ, бэхлэлтийг дайрч, заримдаа амжилт олж байв. 1669 онд Дай хунтайжийн удирдсан цэрэг, 1677-1678 оны Хөхт, Дайбун, Заб нарын, 1681-1682 онд Дай хунтайжийн цэрэг Сэлэнгийн адгаарх шивээдийг довтолж байв. 1685 онд тэр хавийн орос, казак цэргийн гол бэхлэлт болсон Сэлэнгийн шивээг бүслэн хааж, 1687-1688 онд Шидишир баатрын 5000 цэргээр дахин бүслэж байжээ.

1687 онд Засагт хан Шар, Зүүнгарын Галдангийн дүү Доржжавтай нийлж халдаар ирэхэд Чахундорж өөрийн хүргэн, хошуудын Лувсангомборавдантай хамжин дийлж Зүүнгарын нутаг Эрчис хүрч давшив. Галдан өөрийн дүү болон холбоотноо алагдсны дараа 1688 оны хавар Түшээт ханы нутаг руу дайрсан. Төмөртэй, Олгой нуурын хоёр газар тулж ялагдсан Чахундорж хан Занабазарын араас Чин улсын хилээр шурган амь гарч сөнөд нутагт суулаа. Ард олон бас дүрвэсэн.

1688 оны намар Ар элстэй гэдэг газар чуулган чуулж, манжид дагаар орох шийдвэр гаргасан бөгөөд 1696 онд нутгаа чөлөөлүүлж авчээ.

Өтөл нас

1691 оны хавар Долоннуурт Чахундорж тэргүүтэй халхын 550 тайж цуглан манж Чин улсад ёслон дагаж засаг захиргааны шинэ хуваарьт орсон.

Чин улсад байсан Францын элч Жербильон бичихдээ ᠌"Чахундорж намхан, чөргөр туранхай, сахал буурал, уртлаг царай, хавтгай нүүртэй нэгэн" гэжээ.

1698 онд Долоннуурт өөд болсон. Зарим сурвалжид халх нутагтаа очсоны дараа эргэж одоод 1700/1701 онд нас барсан гэжээ.

Гэр бүл

  1. Галдандорж (Түшээт хан Дондовдоржийн эцэг; Дархан засгийн хошуу)
  2. Равдандорж хан (Түшээт хан; Түшээт ханы хошуу)
  3. Цэдэндорж (Түшээт гүний хошуу)
  4. Цэрэнпил (Сэцэн засгийн хошуу)
  5. Гэмпилдорж (Зоригт засгийн хошуу)
  6. Санжжамц (Бишрэлт засгийн хошуу)
  7. Намжилдорж (Далай засгийн хошуу)

Эх сурвалж

  • С.Чулуун, Н.Хатанбаатар. Шинээр олдсон Халхын дөрвөн аймгийн ноёдын хүрдэн зураг. Улаанбаатар. 2011.
Өмнөх
Гомбодорж Түшээт хан
Түшээт хан
1655–1698 он
Дараах
Дондовдорж хан