Өмд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Өмд гэдэг нь хувцасны нэг төрөл бөгөөд биеийн доод хэсэгт, дотуур хувцасны гадуур өмсдөг. Биед бүс буюу мөрөвч ашиглан тогтоодог.

Түүх[засварлах]

Германы Торсберг намгаас олдсон 4-р зууны үеийн өмд
Францын дээр үеийн өмд

Иран, скиф зэрэг Евразийн нүүдэлчин үндэстнүүд нь анх өмд өмсдөг байсан хэмээн сурвалжид дурдсан байдаг бөгөөд тэднээс унгар, османуудаар дамжин орчин үеийн Европт нэвтэрсэн гэдэг.

Өмд нь морь унах үед өмсөхөд тохиромжтой учир монгол үндэстэн ч эртнээс нааш өмссөөр иржээ. Эртний Хятадад өмдийг зөвхөн морин цэргүүд л өмсдөг байсан нь умардын нүүдэлчдээс санаа авсан аж.

Европт дундад зууны үед өмд нь язгууртнууудын л хэрэглээ байсан бөгөөд 16 зуунаас хойш жирийн иргэд өмсөх болжээ.

Эрэгтэй өмд[засварлах]

Англи хэлний өмд гэсэн утгатай үг болох Trousers нь олон тоон дээр байдаг учир нь өмдний үүсэлтэй холбоотой. 15-р зууны үед эрэгтэйчүүд урт оймс өмсөн, дээд хэсгийг нь уяагаар уяж тогтоодог байв. Яваандаа тэдгээр нь нэгдэж, өмдний хэлбэрийг олсон боловч одоогийн өмднөөс ялгаатай нь салтаа нь задгай байлаа. Эрчүүд нууц эрхтнээ кодпис гэгдэх эдээр халхалдаг байсан бөгөөд хөгжлийн явцад кодпис ч өмдний нэг хэсэг болжээ.

19-р зуунд жийнсэн өмд дэлгэрснээр өмд нь эрчүүдийн салшгүй гоёл болсон юм.

Эмэгтэй өмд[засварлах]

Уиганы нүүрсний уурхайн ажилчин эмэгтэй

100 гаруй жилийн өмнөөс гадаа ажилладаг эмэгтэйчүүд ажлын хувцас болгон эрэгтэй хүний өмдийг өмсдөг байсан ч 20-р зууны сүүлийн хагас хүртэл өмд нь эмэгтэйчүүдийн гоёлын хувцаст тооцогддоггүй байв.

Уиганы нүүрсний уурхайд ажилладаг эмэгтэйчүүд ажилдаа өмд өмсдөг байсан бөгөөд тэд өмдөн дээрээ юбка өмсч, түүнийгээ шуудаг байжээ.

19-р зууны Америкийн баруун хэсгийн фермүүдэд ажилладаг эмэгтэйчүүд морь унахдаа өмд өмсөх болсон, мөн 20-р зууны эхэн үед эмэгтэй нисэгчид өмд өмсдөг байв. Харин нийтэд дэлгэрэхэд жүжигчин Марлен Дитрих (Marlene Dietrich) болон Катарин Хепбурн (Katharine Hepburn) нарын 1930-аад онд авахуулсан өмд өмссөн зураг тус болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд дэлгэрч, улмаар дайны дараа далайн эрэг зэрэг зугаа цэнгэлийн үед чөлөөт хувцас болгон хэрэглэх болжээ.

1960-аад онд Андре Курреж (André Courrèges) анх загварын тайзнаа эмэгтэйчүүдэд өмд өмсгөж, яваандаа эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болон хувирчээ.

Мөн үзэх[засварлах]


Агуулахад байгаа «Өмд» зургийн цомог