Маалинга
Маалинга |
---|
Маалинга (Linum usitatissimum) нь харьцангуй сэрүүн бүст ургадаг нэг наст ургамал юм.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Маалингыг ихэвчлэн үр гарган авах зорилгоор тариалдаг. Түүний үрээр маалингын гурил ба маалингын тосыг үйлдвэрлэдэг. Зарим тохиолдолд маалингыг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд чимэглэлийн зориулалттай тариалдаг. Маалингын ишнээс утас гарган авдаг. Маалингын утас нь хөвөнгийн утаснаас 2-3 дахин бат бөх байдаг. Маалингын тосны үйлдвэрлэлийн дагавар бүтээгдэхүүн болох маалингын шахдасаар маалингын гурилыг үйлдвэрлэж малын тэжээлд ашигладаг.[1]
Маалингын үр
[засварлах | кодоор засварлах]Маалингын үр үндсэн хоёр төрөл байдаг: хүрэн ба шар.[2] Эдгээр нь ижил тэжээллэг чанартай ба ижил хэмжээний богино хэлхээтэй омега-3 тосны хүчлийг агуулдаг. Хүрэн ба шар маалингын үрээс гарган авсан тосууд аль аль нь омега-3 (альфа-линолений хүчил)-г өндөр тунгаар агуулдаг.[3]
Маалингын утас
[засварлах | кодоор засварлах]Маалингын утсаар нэхсэн даавуугаар хөлөг онгоцны далбаа болон майхан хийхэд өргөн ашиглаж ирсэн. Маалинган утсаар нэхсэн даавууны агаар нэвртүүлэх болон шингэн уусгах өндөр чадвар нь үнэлэгдэж, орчин үед өндөр зэрэглэлийн хувцас хийхэд ашиглах болсон байна.
Тэжээллэг чанар
[засварлах | кодоор засварлах]100 g (3.5 oz) дахь тэжээллэг чанар | |
---|---|
Энерги | 2,234 kJ (534 kcal) |
28.88 g | |
сахар | 1.55 g |
хүнсний эслэг | 27.3 g |
42.16 g | |
Ханасан | 3.663 g |
Моноханаагүй | 7.527 g |
Полиханаагүй | 28.730 g 22.8 g 5.9 g |
18.29 g | |
Витамин | |
Тиамин (B1) | (143%) 1.644 mg |
Рибофлавин (B2) | (13%) 0.161 mg |
Ниацин (B3) | (21%) 3.08 mg |
line-height:1.1em | (20%) 0.985 mg |
Витамин В6 | (36%) 0.473 mg |
Фолат (B9) | (22%) 87 μg |
Витамин С | (1%) 0.6 mg |
Эрдэс | |
Кальци | (26%) 255 mg |
Төмөр | (44%) 5.73 mg |
Магни | (110%) 392 mg |
Фосфор | (92%) 642 mg |
Кали | (17%) 813 mg |
Цайр | (46%) 4.34 mg |
| |
Хувийн хэмжээг, АНУ-ын тогтоосон, насанд хүрсэн хүний хэрэглэх хэмжээнээс үндэслэсэн. Эх сурвалж: USDA Nutrient Database |
100 гр маалинга нь хүний өдрийн хүнсний хэрэгцээний 19 хувь илүүг хангах ба уураг, хүнсний эслэг, зарим B витаминууд, хүнсний эрдэсүүд зэргийг их хэмжээгээр агуулдаг.[4][5] Арван грамм маалингын үр нь 1 гр усанд уусдаг эслэгийг (цусан дахь холестеролыг буурулдаг), 3 гр усанд уусдаггүй эслэгийг (түгжрэлээс сэргийлэх ач холбогдолтой) тус тус агуулдаг.[6][7] Маалингын үр нь тиамин, магни, кали, фосфороор зэргээр үлэмж баялаг ба 100 гр маалинга эдгээр бодисыг хүний өдрийн хүнсний хэрэгцээний 90%-с илүүг агуулдаг. Маалинга нь бусад ургамлын гаралтай хоол хүнсээс 100 илүү дахин лигнаныг агуулдаг.[6]
Өөх тосны агууламжийн хувьд, маалингын үр нь 54% омега-3 тосны хучил (дийлэнхи нь ALA), 18% омега-9 тосны хүчил (олеины хучил), 6% омега-6 тосны хүчил (линолений хүчил) агуулдаг байна. Мөн 9% ханасан өөх тос агуулах ба 5% нь палмитины хүчилийг агуулдаг.[4][5] Маалингын тос нь 53% 18:3 омега-3 тосны хучил (дийлэнхи нь ALA) ба 13% 18:2 омега-6 тосны хүчил агуулдаг.
Газар тариалангийн ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]2018 онд дэлхийн маалингын үйлдвэрлэл 3.2 сая тонн байсан ба 29 хувийг Казахстан улс үйлдвэрлэсэн.[8] Бусад том үйлдвэрлэгч орнуудад Канад, ОХУ, Хятад зэрэг багтана. Маалинга нь өндөр үнэтэй, сүүлийн жилүүдэд хэрэглээ нь тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн олон олон тариаланчдыг санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой болоход нь нөлөөсөн сайн таримал ургамал юм. Маалинга нь ганд тэсвэртэй, сэлгэн тариалалтад сайн өмнөгч болдог, хөрсний микоризаг гайхамшигтай дэмждэг зэрэг газар тариаланд олон ач тустай талуудыг агуулдаг.
Маалингын үйлдвэрлэл – 2018 | |
---|---|
Улс | Үйлдвэрлэл (тонн) |
Казахстан | 933,533 |
Канад | 688,784 |
Орос | 557,888 |
Хятад | 365,511 |
Нийт | 3,182,754 |
Эх сурвалж: FAOSTAT, НҮБ[8] |
Биологи
[засварлах | кодоор засварлах]Маалинга нь 60-90 см орчим өндөр ургадаг, цагаан, цайвар цэнхэр, цэнхэр өнгийн цэцэг үүсгэдэг нэг наст ургамал юм. Таатай нөхцөлд маалингын гол үндэс нь хөрсний 1 метр гүнд нэвтэрдэг. Вегетатив ургалт 50 хоног, цэцэглэлт 25 хоног, үр боловсролт 35 хоног үргэлжилнэ. Хур тунадас ихтэй, чийгтэй жилүүдэд цэцэглэлт, үр боловсролтын хугацаа сунаж намрын хүйтрэл ургамлыг зогсоох (үхүүлэх) хүртэл үлгэлжилдэг. Маалинга нь өөрөө өөртөө тоос хүртээдэг. Үр нь бөмбөрцөг хэлбэрийн бундуй дотор үүсдэг. Нэг бундуйд 10 хүртэл үр боловсрох боломжтой ч дийлэнхи тохиолдолд цөөн үүсэх ба дунджаар 6 байдаг. Цэцэглэлтийн үед халуунд нэрвэгдэхэд тоос хүртэлт муудах ба бундуй дахь үрийн тоо ба ургамал дахь бундуйн тоо цөөрнө.
Хөрсөнд тавигдах шаардлага
[засварлах | кодоор засварлах]Улаан буудай, арвай зэрэг тарималуудыг тариалдаг хөрс маалингад сайн тохирдог. Усанд автдаг сүвшил муутай болон элэгдэлт хэт өртөж ганд нэрвэгдэмтгий болсон, уусах давсны агууламж өндөртэй хөрсөнд маалинга тариалах нь тохиромжгүй байдаг. Хур танадас багатай бүсэд чийг хадгалах зорилгоор бүрхүүл үүсгэсэн эсвэл ноу-тилл тариалангийн хөрсөнд маалинга нь илүү сайн ургадаг.
Сэлгээ
[засварлах | кодоор засварлах]Маалинга нь дийлэнхи үр тарианы ургамалуудтэй сэлгэн тариалахад нэн тохиромжтой. Маалинга нь олон таримал ургамалд сайн өмнөгч болдог нь тоогдоогдсон байдаг. Маалингын дараа тариалсан таримал ургамалуудын ургацыг, уриншинд тариалсантай харьцуулахад, улаан буудай 96%, арвай 106%, хошуу будаа 104%, рапс 100% байсан судалгаа бий. Маалингыг нэг талбайд эргэн тахиалах хугацааг 3 жилээс багагүй байлгаснаар илүү өндөр ургац авах нөхцөл бүрддэг. Маалингыг төмс, рапс, гич зэрэг ургамлын дараа тариалахаас зайлсхийх хэрэгтэй. Рапс, гич зэрэг нь хөрсний микоризаг дэмждэггүй учир эдгээр ургамлын үед хөрсөн дахь микоризагийн идэвхи буурдаг. Харин маалингын ургалт нь микоризагаас ихээхэн хамааралтай байдаг учир, рапс, гичний дараа маалинга тааруу ургадаг болох нь тогдоогдсон байна.
Үрэлгээ
[засварлах | кодоор засварлах]Маалингын үрийг тэгшхэн, чийгтэй хөрсөнд, 2-4 см гүнд суулгана. Манай орны хувьд 5-р сарын 1 ба 2-р 10 хоногт тариалсан маалинга амжилттай ургасан хэдий ч тариалах хугацааны хувьд нэмэлт туршилт судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Маалинга нь дөнгөж цухуйсан (котоледон) үедээ богино хугацааны (<2цаг) -30С температур хүйтрэлийг даадаг бол, жинхэн 2 навчтай үедээ 2 цагаас доош хугацааны -80С температур хүйтрэлийг тэсвэрлэдэг нь тогтоогджээ. Нэгж талбайд тариалах үрийн хэмжээ нь олон хүчин зүйлээс хамаарч (хөрсний чанар,хур тунадасын хэмжээ, 1000 үрийн жин г.м.) 20-60 кг/га байх боломжтой. Уур амьсгалын хувьд манай оронтой ижил төстэй Казахстан улсын тариаланчид 30-35кг/га тунгаар өндөр ургац авч байгаа тухай мэдээлэл байдаг.
Хог ургамлын менежмент
[засварлах | кодоор засварлах]Маалинга нь хог ургамалтай өрсөлдөх чадвар муутай ургамал юм. Энэ нь түүний биологийн онцлоготой холбоотой. Гэсэн хэдий ч маалингын талбайн хог ургамлыг, ургамал хамгааллын арга хэрэгслийг ашиглан амжилттай хянаж болдог. Маалинга тариалсан талбайд өргөн навчит хог ургамлыг хянадаг цөөнгүй тооны гербицидүүдийг ашиглаж болдог давуу талтай. Маалингын талбайд бентазон, МЦПА, метсульфурон-метил, тифенсульфурон-метил, клопиралид зэрэг гербицидүүдийг дангаар эсвэл хослуулан ашиглаж өргөн навчит хог ургамлыг хянадаг. Өөр ямар ч өргөн навчит тарималд ийм боломж үгүй юм. Маалингын талбайн үет хог ургамлуудыг клетодим, хизалофоп-П-этил, сетоксидим зэрэг граминицидийг ашиглан амжилттай хянадаг. Эдгээр граминицидууд нь дийлэнхи нэг наст, зарим олон наст үет ургамлуудыг хянадаг учир, улаан буудайн талбайд хянаж болдоггүй уршигт хог ургамал болох хиагийг маалингын тарбайд амжилттай устгаж болдог. Маалингын, өргөн навчит болон үет хог ургамлыг аль алийг нь хянах боломж олгодог чанарыг ашиглан, олон орны тариаланчид шинээр эргэлтэд оруулж буй тариалангийн талбайд маалинга тариалах тохиолдол цөөнгүй байдаг.
Маалингын тос
[засварлах | кодоор засварлах]Маалингын тос нь бүрэн боловсорсон маалингын үрнээс гаргаж авдаг, шаргалдуу өнгөтэй, хуурай тос юм (агаарт гаргавал хатуурдаг тос). Тэжээлийн бодис болгон хэрэглэж болдог.
Маалингын тосноос гарган авсан ОМЕГА 3 6 9
[засварлах | кодоор засварлах]Маалингын үрийн тос нь омега-3, омега-6, омега-9 тосны хүчил, А,Е аминдэмийг агуулдаг ба омега-3, омега-6 нь хүний биед үл нийлэгжих ханаагүй тосны хүчил бөгөөд эдгээрийг зөвхөн хоол хүнсээр нөхөх боломжтой. Эдгээр тосны хүчлүүд нь эсийг бүрдүүлэхэд оролцдог төдийгүй эсийн үйл ажиллагааны зохицуулагч болдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Иш нь зотон даавууны түүхий эд болдог. Франц хэлэнд "лин" хэмээн дуудагддаг байсан ба дээр үед өндөр зэрэглэлийн маалингын ишээр хийсэн зотон даавуу нь эмэгтэй хүний дотуур хувцсанд хэрэглэгддэг байснаас англи хэлний "lingerie" гэдэг үг гарсан түүхтэй.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Heuzé V., Tran G., Nozière P., Lessire M., Lebas F., 2017. Linseed meal. Feedipedia, a programme by INRA, CIRAD, AFZ and FAO. "Linseed meal | Feedipedia". Архивласан огноо 2017-07-12. Татаж авсан: 2017-07-17. Last updated on February 16, 2017, 16:31
- ↑ Grant, Amanda (2007-03-06). "Superfoods". The Guardian. London. Архивласан огноо 2016-09-21.
- ↑ Sargi, Sheisa Cyléia; Silva, Beatriz Costa; Santos, Hevelyse Munise Celestino; Montanher, Paula Fernandes; Boeing, Joana Schuelter; Santos Júnior, Oscar Oliveira; Souza, Nilson Evelázio; Visentainer, Jesuí Vergílio (26 July 2013). "Antioxidant capacity and chemical composition in seeds rich in omega-3: chia, flax, and perilla". Food Science and Technology. 33 (3): 541–548. doi:10.1590/S0101-20612013005000057.
- ↑ 4.0 4.1 "Nutrition facts for 100 g of flaxseeds". Conde Nast for USDA National Nutrient Database, version SR-21. 2015. Архивласан огноо 2010-12-05.
- ↑ 5.0 5.1 "Full Report (All Nutrients): 12220, Seeds, flaxseed per 100 g". USDA National Nutrient Database version SR-27. 2015. Архивласан огноо 2014-09-20.
- ↑ 6.0 6.1 Goyal A, Sharma V, Upadhyay N, Gill S, Sihag M (2014). "Flax and flaxseed oil: an ancient medicine & modern functional food". Journal of Food Science and Technology. 51 (9): 1622–1653. doi:10.1007/s13197-013-1247-9. PMC 4152533. PMID 25190822.
- ↑ "Does ground flaxseed have more health benefits than whole flaxseed?". Mayo Clinic. Татаж авсан: 5 October 2020.
- ↑ 8.0 8.1 "Flax (linseed) production in 2018; Crops/Regions/World List/Production Quantity (from pick lists)". UN Food and Agriculture Organization, Statistics Division (FAOSTAT). 2019. Татаж авсан: 23 May 2020.