Александр Солженицын

Александр Солженицын
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1970
Хүртсэн салбар: Уран зохиол
Шалтгаан:

Александр Исаевич Солженицын (1918 оны 12 сарын 11 - 2008 оны 8 сарын 3) нь Оросын зохиолч, түүхч, нобелийн шагналтан юм.

Тэрээр Зөвлөлтийн хөдөлмөрийн лагерь, ГУЛАГ-ийн тухай уран зохиолын аргаар шүүмжлэн бичдэг байсан учир тэрс үзэлтэн гэгдэж хэд хэдэн цөлөгдсөний эцэст 1974 онд ЗХУ-аас дүрвэн явсан боловч коммунист дэглэм нуран унасны дараа буюу 1994 онд эх орондоо эргэн иржээ. А.Солженицын 1970 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ.

Оросын хувьсгал ялсны дараа жил, 1918 онд Александр Солженицын төрсөн. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнд оролцон, Зөвлөлтийн армийн офицер байж, хоёр ч удаа одон тэмдгээр шагнагдаж байв. 1945 оны 2 сард тэрээр өөрийн нэгэн найздаа бичсэн захиандаа Сталины талаар шүүмжилж бичсэнийг нь найз нь "коммунист" үзэл санааныхаа үндсэн дээр НКВД буюу оросын тусгай цагдаагийнханд өгснөөр Солженицын баривчлагдсан юм. 1945 оны 7 сарын 7-д НКВД-ын тусгай зөвлөлөөс түүнд дайсагнасан байгууллага байгуулсан гэсэн үндэслэлээр ЗХУ-ын Эрүүгийн хуулийн 58-р зүйлээр яллан 8 жил хөдөлмөрийн лагерьт хорих ял оноосон.

1953 оны 3 сард түүний ялын хугацаа дууссаны дараа түүнийг Казахстан руу тодорхойгүй хугацаагаар (бүх насаар нь) цөлсөн. Гэвч Сталиныг нас барсны дараа НКВД-ын үйл ажиллагаа суларч, улмаар 1956 онд цөллөгөөс суллагдсан.

Цөллөгт байх үедээ тэрээр Зөвлөлтийн шоронгийн талаар нууцаар бичиж тэмдэглэж эхэлсэн. Шоронгоос гарсныхаа дараа бичлэгээ үргэлжлүүлэн 1962 онд Никита Хрущёвын зөвшөөрөлтэйгөөр "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр" гэдэг алдарт зохиолоо хэвлүүлсэн. Энэ зохиолдоо зөвлөлтийн шоронгийн систем, тэнд хоригдож байгаа хүмүүсийн талаар, үзэл бодол, номлол, бодит байдлын талаар тод томруун бичсэн байв. 1965 онд КГБ Солженицыны цааш нь үргэлжлүүлэн бичиж байсан зохиолын заримыг нь олж авсан. Эхэндээ тэрээр айж байсан ч дараа нь зоригтойгоор үргэлжүүлэн бичсэн. Энэ зохиол нь түүний алдарт "Гулаг олтриг" байсан юм. Зөвлөлтөд хэвлүүлэх боломжгүй байснаас тэрээр энэ зохиолоо баруун руу нууцаар гаргаж хэвлүүлэхээс өөр аргагүй байв. Тэрээр номоо нууцаар хил давуулан баруунд хэвлүүлсэн бөгөөд үүнийхөө төлөө 1969 онд Зөвлөлтийн зохиолчдын эвлэлээс хөөгдөж, харин 1970 онд Нобелийн шагнал авсан. Гулаг олтриг нь Зөвлөлтийн шоронгийн системийн тухай маш дэлгэрэнгүй, хувь хүмүүсийн бодит амьдрал, бодит үйл явдлууд, судалгаан дээр үндэслэн бичсэн гурван боть ном юм.

1974 оны 2 сарын 12-нд Соженицын баривчлагдан, маргааш нь түүний Зөвлөлтийн иргэншлийг нь цуцлан баруун руу хөөсөн. Тэрээр эхлээд Германд амьдарч байгаад, дараа нь Швейцар явж, тэнд байж байхдаа Стэнфордын Их сургуулийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсад ирж амьдарсан. 1978 онд тэрээр Харвардын Их сургуулиас Утга зохиолын хүндэт зэрэг авсан. 1990 онд түүний Зөвлөлтийн иргэншлийг сэргээсэн бөгөөд 1994 онд Орост ирж амьдарсан. Солженицын 2008 оны 8 сарын 3-нд 89-тэйдээ Москвагийн ойролцоо нас барсан.

Солженицыны зохиол хориотой байсан тул Зөвлөлтийн системийн үед түүний зохиолыг нууцаар хүмүүс дамжуулж уншдаг байсан ба хувь цөөхөн байсан учир хүмүүс 24 цагийн дотор уншиж дуусан, дараагийн хүмүүст дамжуулж өгөх ёстой байдаг байв.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Aleksandr Solzhenitsyn – Викимедиа зураг, бичлэг, дууны сан