Ал Ортер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ал Ортер
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Альфред Адольф Ортер Жуниор
Төрсөн огноо 1936 оны 9 сарын 19
Төрсөн газар Нью-Йорк хот
Нас барсан огноо 2007 оны 10 сарын 1
Нас барсан газар Флорида, Форт-Майерс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мельбурн 1956 Зээрэнцэг шидэлт
Алт Ром 1960 Зээрэнцэг шидэлт
Алт Токио 1964 Зээрэнцэг шидэлт
Алт Мехико 1968 Зээрэнцэг шидэлт
Пан-Америкийн наадам
Алт Чикаго 1959 Зээрэнцэг шидэлт

Альфред Адольф Ортер Жуниор (англ. Alfred Adolf Oerter, Jr., 1936 оны 9 сарын 19 – 2007 оны 10 сарын 1) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, зээрэнцэг шидэлтийн төрлийн олимпийн 4 удаагийн аврага тамирчин юм.

Түүхэнд түүнээс гадна Карл Льюис (уртын харайлт) болон Паул Эльвстрём (завь) нар л олимпод нэг төрөлдөө 4 олимп дараалан босоо байж чадсан билээ.

Олимпч Ортер[засварлах | edit source]

Тэрээр Нью-Йорк хотын Күйнс дүүрэгт мэндэлж, Нью-Хайд Паркт өссөн бөгөөд Флорал Парк дахь Севанхака ахлах сургуулийг дүүргэжээ. Ортер 15 настай байх үед нэг удаа түүний хөлд бусад хүүхдүүдийн шидсэн зээрэнцэг унасан бөгөөд тэр зээрэнцгийг буцааж шидтэл нөгөө хүүхдүүдийг давтал шиджээ. Ийнхүү тэрээр шидэлтээр хичээллэж эхэлсэн бөгөөд ахлах сургуулиа төгсөөд Канзасын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцсан юм. 193 см өндөр, 127 кг жинтэй Ортер байгалиас заяасан шидэгч байлаа.

1956 онд Мельбурны олимпод анх оролцохдоо түрүүлэх найдлагатай хүмүүсийн тоонд багтаж байгаагүй ч өөрийн хувийн дээд амжилтаа ахиулан, 56.36 метрийн амжилтаар дөнгөж 20-хон насандаа анхны алтан медалиа хүртжээ.

1957 онд автомашины осолд орж, золтой л үхчихсэнгүй. Гэмтлээ эдгээгээд 1960 оны Ромын олимпод оролцсон түүнд мэргэжилтнүүд багийн анд, дэлхийн дээд амжилтын эзэн Ринк Бабкагаас бага найдлага тавьж байлаа.

Үнэхээр ч Бабка 6 шидэлтийн 4 нь дуусах үед тэргүүлж байв. Харин Ортер 5 дахь оролдлогоороо 59.18 м шидэж, олимпийн дээд амжилт тогтоон түрүүлсэн бөгөөд Бабка түүнийг давж чадсангүй, мөнгөн медаль зүүжээ.

1960-аад оны эхээр Ортер амжилт арвинтай байлаа. 1962 онд анх удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж,1964 оны Токиогийн олимпийн өмнө алтан медаль хүртэх хамгийн боломжтой тамирчнаар нэрлэгдэж байв.

Харамсалтай нь олимпийн өмнө Ортерыг гэмтэл ээрэх болов. Эхлээд хүзүүгээ гэмтээсэн бол дараа нь хавиргаа гэмтээв. Олимпод хавирганыхаа гэмтлийг бүрэн эдгээж амжилтгүй оролцсон бөгөөд 61.00 метр шидэж, олимпийн шинэ рекорд тогтоогоод, алтан медаль хүртэх болзлоо хангасны дараа, сүүлийн шидэлтээ гүйцэтгээгүй аж.

1968 оны Мехикогийн олимпод америкчууд Жэй Сильвестерт илүү найдлага тавьж байлаа. 32 настай Ортер Сильвестрийн дундаж амжилтад хүрэхээр шидэж чадахгүй л байв. Харин олимпийн одтой Ортер эхний оролдлогоороо 64.78 метр шидэж, олимпийн дээд амжилт тогтоосон нь түүнийг хөнгөн атлетикийн төрлөөр 4 удаа дараалан түрүүлсэн анхны тамирчин болгоход хангалттай байлаа.

Тэрээр олимпийн дараа зодог тайлсан бөгөөд 43 настайдаа 1980 оны олимпийн сонгон шалгаруулалтад оролцож, 4-т орсноор мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Гэхдээ тэрээр 43 настай гэмээргүй амжилт үзүүлж, 69.46 метр шидэн, өөрийн хувийн дээд амжилтаа тогтоосон билээ. Мөн тэрээр телевизийн нэвтрүүлгийн үеэр 74.67 метр шидэж байсан удаатай. Энэ нь одоогийн албан ёсны дэлхийн дээд амжилтаас ч өндөр амжилт юм.

Ортер 1984 оны Лос-Анжелесийн олимпийн нээлтийн ёслолд олимпийн далбааг залалцсан бөгөөд 1996 оны Атлантын олимпод олимпийн бамбарыг цэнгэлдэх хүрээлэнд залж авчирсан билээ.

Зодог тайлсны дараа[засварлах | edit source]

Тэрээр хүүхэд байхдаа Манхаттан дахь өвөөгийнхөө байранд очиж, урлагийн цуглуулгыг нь ихэд сонирхдог байжээ. Зодог тайлаар Ортер абстракт зураач болов. Тэр Боб Бимон, Камми Майлер, Шэйн Гоулд зэрэг ахмад тамирчдын бүтээлийг дэлгэсэн Олимпчдын урлаг үзэсгэлэнг бий болоход их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Нью-Йорк хотоос гараагаа эхэлсэн тус үзэсгэлэн Флорида мужийн Форт-Майерст далайн эргийн байшинд суурьшжээ. Ортер нас барахаасаа өмнө үзэсгэлэнгийн барилгадаа олимпийн таван цагирагийг хэрэглэх зөвшөөрөл авч чадсан юм.

Ортер цусны даралт ихсэх зовиуртай байсан бөгөөд 2003 оны 3 сарын 13-нд богино хугацаанд клиник үхэлд хүрч, цусны даралтыг тогтворжуулах эмчилгээний үр дүнд сэргэжээ.

Түүний өвчин хүндэрсээр зүрхний дэмжигч шаардлагатай болсон байна. Улмаар 2007 оны 10 сарын 1-нд Форт-Майерст зүрх нь зогссоны улмаас нас нөгчжээ.

Гадаад холбоос[засварлах | edit source]