Jump to content

Бакула Ринбүүчий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кушок Бакула Ринбүүчий. 1957 онд

19-р Кушок Бакула Ринбүүчий буюу Живзун Лувсан Түвдэн Чогнор (англи. Kushok Bakula Rinpoche буюу Ngawang Lobzang Thupstan Chognor, төвөд: ངག་དབང་བློ་བཟང་ཐུབ་བསྟན་མཆོག་ནོར, 1918 оны 5-р сарын 19-нд Энэтхэгийн Ладакхын Лех хотод төрж, 2003 оны 11-р сарын 4-нд Шинэ Дели хотод нас барсан) - Бурханы шашны төвөдийн урсгалын олон улсын нэрт зүтгэлтэн лам бөгөөд Энэтхэгийн төрийн зүтгэлтэн.

Ханхүү Бакула Энэтхэг дахь Ладакхын Мато хааны (Цэван Рабстан) гэр бүлд 1918 онд төржээ. Түүний эцэг нь хаан Нангвам Таэй (Nangwa Thayas), эх нь Занскарын хатан хаан Ешей Вангма (Yeshes Wangmo) нар юм. Эх нь тэр үед өнгөрөөд удаагүй байсан 18 дахь Бакула Ринбүүчийн ойрын хамаатан байсан ажээ. Удалгүй хүүг Бурхан Буддагийн шавь болох 16 архадын нэг Бакулу архадын 19 дахь дүр Бакула Ринбүчи Живзун Лувсан Түвдэн Чогнор хэмээн тодруулсан байна.

1923 онд Ладакхын дээд тэргүүн лам нар хааны ордонд ирж ханхүүг тэдэнд өгч хүмүүжүүлэх боломж олгохыг хүсчээ. Жилийн дараа хааны гэр бүл лам нарын хүслийг биелүүлжээ. Зургаан настайдаа өмнөх дүрийнхээ ширээнд заларч, Петуб хийдийн хамба лам болжээ. 1926 онд Төвөдийн Брайбүн Лосалин хийдэд шавилан сууж лхарамбын дамжаа барьж дүүргэжээ.

1930 онд Бакула Төвөдөд боловсролоо үргэлжлүүлэхээр явж, 13-р Далай ламаас сүмийн сахил хүртжээ. Төвөдөд тэрээр суралцах гайхалтай чадвараа харуулж, Раден-цэн (1933-1939)-гийн үед гэлэн болжээ. Хожим нь 1940 оны 9-р сард тэрээр Ладакхт буцаж ирээд эргэцүүлэн бодох бясалгалыг хийж, улмаар номын жинхэнэ багш болжээ.

1949 онд Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неругийн саналаар Жамму Кашмир мужийн засаг захиргааны сайд зэрэг ажил хийж улс төрд оролцож эхэлсэн байдаг. Мөн тэрээр Энэтхэгийн Парламентын эрхэм гишүүн, дипломатч байсан юм.

Энэтхэг, Пакистан тусгаар тогтнолоо олж авсны дараа Ладакхын лалын шашинт хүн ам Пакистанд нэгдэж, Пакистантай нэгдэхийг хүсээгүй Ладакхын оршин суугчдыг устгах ажиллагаа явуулжээ. Энэхүү үймээн самуунтай үед Бакула Ринбүүчий Самкарыг орхиж Энэтхэгийн болсон Ладакх руу буцан ирж, боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулсан байна. Ладакх нутагт харьцангуй бие даасан байдлыг бий болгоход түүний үүрэг их байжээ. Дараа нь тэрээр Ладакх дахь нийгэм, боловсролын салбарт ихээхэн хүчин чармайлт гаргасан тул түүнийг "орчин үеийн Ладакхыг бий болгогч" гэж нэрлэжээ. Ялангуяа түүний ачаар уламжлал, орчин үеийн байдлыг хослуулсан боловсролын тогтолцоог Ладакхт сурталчлан бий болгосон байна.

Бакула Ринбүүчий дипломат хүний ​​хувьд хуучин ЗСБНХУ-д 1989 онд айлчилж, тус улсын буддын шашны нөхцөл байдлын талаар биечлэн танилцах боломж олсон цөөхөн дээд лам нарын нэг байв. Тэр энд шавь нартай байсан, авшиг хүртээж байжээ.

Бакула Ринбүүчи амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон 10 гаруй жил ажиллаж, Буддын шашинд суралцаж байсан залуусыг БНХАУ, Энэтхэгийн сүм хийдүүдтэй холбож, тэнд үргэлжлүүлэн боловсрол эзэмшүүлсэн;

Тэрээр 1999 онд Улаанбаатар хотод Бэтүб хийдийг байгуулжээ. Түүнийг 2003 онд нас барсны дараа чандрыг нь өөрийн шавь монголын бурханч лам Пүрэвбатын хийсэн мөнгөн суваргад хийж, Бэтүвлин хийдэд байрлуулжээ.