Jump to content

Баримт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баримт (Факт. Fact). Латин: factum – “бүтээгдсэн, хийгдсэн” гэсэн үгнээс гаралтай. Баримт бол субъект ба объектын мөн чанарыг тодруулсан, бодит үйл явдал эсвэл үйл ажиллагааны үр дүнг илэрхийлсэн, туршилтын мэдлэгийн өвөрмөц хэв маягийг тодорхойлох зорилгоор хэрэглэдэг ойлголт мөн.

Энэ мэдлэг нь нэг талаар, онол эсвэл таамаглалын шууд суурь болохын хувьд туршилтын эцсийн дүгнэлтүүдийг хэрэгжүүлдэг, нөгөө талаар өөрийнхөө агуулгад таамаглалын ул мөрийг хадгалдаг. Логикт болон шинжлэх ухааны арга зүйд баримт онолын хувьд янз бүрийн үүргийг гүйцэтгэдэг. Онол үүсэх үндэс нь болж, таамаглалыг батлах эсвэл үгүйсгэхэд гол үүрэгтэй юм.

Шинжлэх ухааны онол өргөжин хөгжих явцад шинэ баримт бий болох боломжийг бүрдүүлж, түүнийг дүрслэн харуулж, тайлбарлах замаар урьдчилж мэдээлэх үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг хөгжих явцад туршилтын баримт онол хоёр диалектик харилцаа холбоонд оршдог гэсэн үг юм.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Учир нь сэтгүүлчийн аливаа мэдээллийн амин сүнс нь баримт байдаг. Энэхүү үнэн бодитой баримтаас сэтгүүл зүйн хувь заяа бүхэлдээ шалтгаалдаг. Сэтгүүл зүйд баримтыг дараах хэд хэдэн утгаар тайлбарладаг. Баримт гэдэг бол,

  1. Нэгдүгээрт, үнэхээр бодитой болж байгаа зүйлийг илэрхийлдэг (тусгадаг) бөгөөд шалгаж болох (верификаци) мэдээ мэдээлэл мөн. Ингэхдээ тодорхой баримтжуулсан мэдээг (баримтын жинхэнэ хуулбар, ярилцлагын баталгаажсан эх бичвэр, ном, өгүүллээс авсан албан ёсны ишлэл г.м.) “баталгаатай эх сурвалжаас” авсан баримтуудаас, эсвэл цуурхлын шинжтэй зүйлээс ялгаж, салгаж чадах нь чухал юм. Хэрэв тийм мэдээ баримтыг (тухайлбал, үнэхээр болсон ярилцлагаас авсан баримт, гэхдээ албан ёсоор баталгаажаагүй) ашиглах тохиолдолд албан ёсны тайлбар хийх шаардлагатай.
  2. Хоёрдугаарт, баримт гэж үнэхээр чухал үүрэг гүйцэтгэдэг, өндөр ач холбогдолтой үйл явдал, мэдэгдэл, үйлдлүүдийг нэрлэдэг бол жижиг, ач холбогдол багатай, бодит үзэгдлийн үндсэн шинжийг тодорхойлж чадахгүй зүйлийг “далимд нь хэлэхийг” сануулахын тулд хэрэглэдэг тэр хэсгийг баримтархуу юм гэж үздэг. Баримтын онцлог шинжийн тухай асуудал бол сэтгүүлчийн нийгмийн байр суурь, арга зүйн хандлагатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, арга зүйн байр суурь нь буруу бол мэдээлэл цуглуулах үйл явцад буруу хандахад, олж авсан мэдээлэлд буруу дүгнэлт хийхэд хүргэдэг бол буруу сэтгэхүй худал хуурмаг баримтуудыг “үйлдвэрлэхэд” хүргэдэг юм.

Сэтгүүл зүйд баримт ангилал

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйн мэдээлэл нь үнэн бодитой байх явдал баримтаас шууд шалтгаалдаг. Баримтыг өргөн утгаар нь авч үзвэл бодит нөхцөлд үнэхээр болсон аливаа зүйлийн тухай шалгагдсан, үнэн бодитой мэдлэг мөн. Үүнд:

  • Шууд буюу анхдагч баримт
  • Хоёрдогч баримт
  • Гуравдагч буюу гуравдугаар зэргийн баримт

Баримтын төрлүүдээс шалтгаалж сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллага баримтыг нягталж шалгах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү ажлыг сэтгүүлчээс эхлээд сонин хэвлэлд бол редактор, албаны дарга, нүүр удирдагч, дугаар эрхлэгч, эрхлэгч зэргээр дэс дараалал эрэмбэтэйгээр нягталж шалгадаг.

Сэтгүүлч амьдралаас шууд авч баримтжуулсан, өөрөөр хэлбэл бичгийн эсвэл гэрэл зургийн хэлбэрээр илэрхийлсэн, дүрс бичлэг эсвэл соронзон хальсанд бичигдсэн батлах, нотлох баримт бүхий мэдээллүүд тэргүүн зэргийн ач холбогдолтой юм.

Хоёрдогч баримт

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлч түүнчлэн “хоёрдогч этгээдээс” авсан, мэдээлэгчдийн өгсөн үйл явдал, үйлдэл, үзэгдлийн тухай мэдээлэл ч чухал өвөрмөц баримт болдог. Ийм тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг заавал заах, мөн түүнийг олж авсныг батлах баримт байх нь чухал юм.

Гуравдагч баримт

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлч бас “гуравдугаар зэргийн” баримт гэж байдаг. Энэ нь ямар нэгэн үндэслэлийг агуулдаг боловч юугаар ч батлагдаагүй янз бүрийн цуурхал, таамаглал, хов живийн шинжтэй мэдээллүүдийг агуулдаг байна.

Гол ба гол бус баримт

[засварлах | кодоор засварлах]

Амьдралд тохиолдсон гол үйл явдлуудаас гадна тохиолдлын шинжтэй, гол бус, жижиг үйл явдал, үзэгдэл тааралддаг. Тиймээс гол баримт, гол бус баримт гэж ангилдаг. Нэг дэх нь хамгийн гол, нийгмийн ач холбогдол бүхий үзэгдэл, үйл явцыг тусгадаг бол хоёр дахь нь амьдралын хүчтэй урсгал дээр зайлшгүй гарч ирдэг “хөөсийг” илэрхийлдгээрээ онцлогтой юм. Сэтгүүлч өөрийнхөө үүрэг, зорилгын хэмжээгээр гол баримтыг гол бус баримтаас ялгаж чадах ёстой бөгөөд юуны өмнө үндсэн баримтад түшиглэх шаардлагатай болдог.