Бээжин дахь Оросын шашны төлөөлөгчийн газар
Бээжин дахь Оросын шашны төлөөлөгчийн газар (Бээжин дахь оюун санааны төлөөлөгчийн газар. орос. Русская духовная миссия в Пекине) -1716-1864 онд Бээжинд Оросын шашин-төрийн төлөөлөлийн үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд дараа нь 1864-1955 онд Оросын Үнэн алдартны шашны төлөөлөлийн байгууллага болсон юм.
Төлөөлөгчийн газар тухайн үеийн Оросын хаант улсын дотоод, гадаад бодлогын ашиг сонирхол, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Мөн тус төлөөлөгчийн газар Орос-Хятадын харилцааг үүсгэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Манж Чин улсыг шинжлэх ухаанчаар судлах, Оросын ууган хятад судлаачдыг бэлтгэх төв болж байсан юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоогүй байсан тул төлөөлөгчийн газрын алба хаагчид удаан хугацаанд Хятад дахь Оросын Засгийн газрын албан бус төлөөлөгч болж байсан юм.
Бээжин дахь Оросын шашны төлөөлөгчийн газрын ажилтнууд манж, хятад, монгол хэл, Чин улс (Хятад)-ын түүх, соёл, шашин шүтлэгийг судлах даалгавартай байсан юм. Шашны бус ажилтнуудаар шашны дунд дээд боловсролын байгууллагын оюутнуудын дундаас залуучуудыг томилдог байжээ. Оюутнуудыг өмнөх мэдлэг, хүсэл, чадварын дагуу сурах чиглэлийг хуваарилдаг байсан ажээ. Үүнд: анагаах ухаан, математик, утга зохиол, гүн ухаан, Күнзийн сургаал, Хятад улсын түүх, газарзүй, статистик, хууль зүйн чиглэл байжээ. Бээжин дахь төлөөлөгчийн газраас Орост анхны нэр хүндтэй Илларион Рассохин (1707-1761), Адексей Леонтьев (1716-1786), Никита Бичурин (1777-1853), Юзеф Ковалевски (1800-1878), Иосиф Войцеховский (1793-1850), Иван Захаров (1814-1885), Палладий Кафаров (1817-1878), Василий Васильев (1818-1900) зэрэг хятад дорно судлаачид гарсан байна.
Никита Яковлевич Бичурин (Иакинф) 1807-1821 он хүртэл Оросын шашны 9 дахь шашны төлөөлөгчийн газрын тэргүүн байв. Тэрээр номлолын түүхэн дэх хамгийн гайхалтай хүмүүсийн нэг байж дэлхийн хятад судлалд мэдэгдэхүйц их ул мөрөө үлдээжээ. Бичурин хэлийг хурдан сурч, олон танилтай болсон нь түүнд тухайн орны зан заншил, ёс суртахууны талаар үнэлж баршгүй мэдлэг олгосон юм. Бээжинд 14 жил амьдарсан нь түүний шинжлэх ухаан, уран зохиолын үйл ажиллагааны урьтал үе шат болжээ. Бичурин Хятад болон хөрш зэргэлдээ орнуудын газарзүй, түүх, уран зохиолын олон бүтээл туурвиж, хэд хэдэн толь бичиг эмхэтгэсэн юм.
1861 онд Орос улс, Чин улсын хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоож Оросын анхны байнгын итгэмжлэгдсэн элч Лев Баллюзек Бээжинд хүрэлцэн ирж, Чин гүрний нийслэлд Оросын байнгын дипломат төлөөлөгчийн газар байгуулагдаж, дипломат болон боловсролын чиг үүргийнх нь нэлээд хэсгийг түүнд шилжүүлэв. Шашны төлөөлөгчийн газар нь зөвхөн шашны (номлогчийн) чиг үүрэг бүхий байгууллага болж хувирч, Оросын Гадаад хэргийн яамны харъяаллаас гарч Оросын Үнэн алдартны шашны төвийн мэдэлд бүрэн шилжиж төлөөлөгчийн газрын ажилтнууд цомхотголд орсон байна.
Төлөөлөгчийн газрын тэргүүнүүд
[засварлах | кодоор засварлах]- 1715—1728 Иларион (Лежайский), архимандрит
- 1729—1735 Антоний (Платковский), архимандрит
- 1736—1743 Иларион (Трусов), архимандрит
- 1744—1755 Гервасий (Ленцовский), архимандрит
- 1755—1771 Амвросий (Юматов), архимандрит
- 1771—1781 Николай (Цвет), архимандрит
- 1781—1794 Иоаким (Шишковский), архимандрит
- 1794—1807 Софроний (Грибовский), архимандрит
- 1807—1821 Иакинф (Бичурин), архимандрит
- 1821—1830 Пётр (Каменский), архимандрит
- 1830—1840 Вениамин (Морачевич), архимандрит
- 1840—1849 Поликарп (Тугаринов), архимандрит
- 1850—1858 Палладий (Кафаров), архимандрит
- 1858—1864 Гурий (Карпов), архимандрит
- 1865—1878 Палладий (Кафаров), архимандрит
- 1879—1884 Флавиан (Городецкий), архимандрит
- 1884—1896 Амфилохий (Лутовинов), архимандрит
- 1896—1931 Иннокентий (Фигуровский), епископ
- 1931—1933 Симон (Виноградов), архиепископ
- 1933—1955 Виктор (Святин), митрополит