Jump to content

Бямбын Ринчен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Б. Ринчен-с чиглүүлэгдэв)
Бямбын Ринчен

Төрсөн: Ринчен
1905 оны 11 сарын 21 (1905-11-21)
Одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар
Өнгөрсөн: 1977 оны 3 сарын 4
(71 насалсан)
Улаанбаатар
Ажил үйл Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч
Гарал үүсэл Монгол
Яс үндэс Цонгоол
Улс орон Монгол
Боловсрол Доктор
Төрөл хэл бичиг
Шагнал Монгол улсын төрийн шагнал
Залгамжлагч Ринчений Барсболд

Еншөөбү овогт Бямбын Ринчен (1905.11.21—1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн мөн Монгол улсын хамгийн анхны Докторын зэрэг хамгаалсан хүн юм.

Тэрбээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон.

Бямбын Ринчен нь 1905 оны 11 дүгээр сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын (1874—1921) ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам байсан.

1914-1920 онд Алексеевский сургуульд сурсан. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ. 1923-1924 онд Бямбын Ринчин Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд сураад 1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн сурсан байна. Түүний багш нар нь оросын алдарт дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В.М.Алексеев нар байжээ.

1927 онд Сургуулиа төгсөөд Дорно судлалын диплом өвөртлөөд Улаанбаатарт ирж Монголын Гэгээрүүлэх яамны харъяа, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байжээ.

1937 онд тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн хэргээр баригдан шоронд хоригдож байжээ.

1942 онд суллагдаж МАХН-ын Төв хорооны шийдвэрээр “Үнэн” сонины газарт заагдан 1958 он хүртэл арван зургаан жил ажилласан байна.

1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор болсон.

1961 онд “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ Шинжлэх ухааны академич цол тус, тус хүртжээ.


Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг ялгуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д. Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринчений ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит Төрийн шагналыг анх хүртэгчдийн нэг болсон.[1] Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Бэр цэцэг, Гүнж, Сандоо амбан, Их нүүдэл, Нууцыг задруулсан захиа, Шүхэрч Буниа, Ану Хатан зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. Түүний “Yүрийн туяа” гурвалсан романыг орос, чех хэлнээ орчуулсан. Б. Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 оны 3 дугаар сарын 4-ий өдөр таалал төгсжээ. Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

„Ёроолгүй тэнэгүүдийн дунд суухад нас даанч урт
Оройгүй эрдмийг сурахад нас даанч богино
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд суухад нас даанч урт
Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай“

Бямбын Ринчен

БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненкотой зохиолч, профессор Б.Ринчентэй 1958 оны зургаадугаар сарын 11-д уулзан ярилцахдаа "...БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөн үүний тулд орос хэлний сайн сурах бичиг зохиох, орос хэлний сайн багш нарыг сонгон ирүүлэх, монгол багш нарыг орос хэлэнд чадваржуулах зэргээр орос хэлний хичээлийг чанаржуулах, мөн шинэ монгол хэлний сурах бичгийг сайжруулах, шинээр зохиох хэрэгтэй болохыг ярьсан байна ..." Тэрбээр мөн "...Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг..." гэж ярьсан байна.[2]

"Монгол хэл" шүлгээс нь:

Чихину чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу, би
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь
Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюунтан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би


  • 1956 онд Унгар улсад Монгол бичгийн хэлний зүй сэдвээр судалгаа хийж Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд уг бүтээлээ 4 ботиор (1964-67) хэвлүүлжээ. Харин уг бүтээлийн III ботийг нь тухайн үед үзэл суртлын шалтгаанаар худалдаанд гаргалгүйгээр шатааж устгасан байна.
  • 1958 онд Сомали-Угро нийгэмлэгийн хүндэт профессор цол хүртсэн.
  • Түүний бичсэн Хэлийг эвдэн гутаах лугаа тэмцэн тулах цаг ирсэн биш үү (1934), Монгол шүлгийн учир (1969-70), Монгол ард улсын хамниган аялгуу (1965) зэрэг бүтээл нь эрдэм шинжилгээний хувьд үнэ цэнэтэйд тооцогддог. Тэрээр эрдэм шинжилгээний бүтээлээс гадна орчуулгын болон уран бүтээлийн баялаг өв үлдээжээ.
Зохиолч
  • Цогт тайж (1946) кино зохиол,
  • Үүрийн туяа (1951) түүхэн роман,
  • Заан Залуудай (1964),
  • Их нүүдэл (1972),
  • Гүнж (1969) зэрэг ном хэвлүүлжээ.
  • Нууцыг задруулсан захидал өгүүлэг,
  • Ану хатан,
  • Шүхэрч Буниа өгүүллэг,
  • Монгол хэл,
  • Бэр цэцэг,
  • Сар шүлэг найраглал нь их алдартай.
Орчуулагч
  • М.Горькийн Салхич шувууны дуун,
  • М.А.Шолоховын Хүний хувь заяа,
  • Галидасын Үүлэн зардас,
  • Н.В.Гоголийн Тарас Бульба зэрэг олон нийтэд түгсэн зохиолыг орчуулжээ.
  • МЗЭ-ийн шагнал (1965),БНМАУ-ын Төрийн шагнал цол хүртсэн (1946).