Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-42
Австрали, албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Australia) нь Австрали тив, Тасман арал, Энэтхэгийн, Номхон далайд орших арлуудаас тогтох далайн орон юм. Хойд талд нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, зүүн хойд талд нь Соломоны Арлууд, Вануату, Шинэ Каледони (Францын хэсэг), зүүн өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог. Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц орон юм.
Австралийн эх газарт уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Хойд зүгээс загасчид хааяа ирж, 1606 онд Нидерландын аялагч нар анх энэ тивийг нээсний дараа Австралийн зүүн хэсгийг 1770 онд Британичууд өөрийн болгосон байна. Анх 1788 оны 1 сарын 26-аас эхлэж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ.
1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримтлаж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хотуудад төвлөрдөг.
Австрали гэдэг нэр нь латин хэлний Australis буюу "Өмнөд" гэсэн үгнээс гаралтай. (бүрэн эхээр унших)