Вилли Леман
Вилли Леман (Герман: Willy Lehmann; нууц нэр Брайтенбах; 1884, Лайпциг, Герман — 1942, Берлин, Германы Эзэнт Гүрэн) — гестапын ажилтан, СС-ын хауптштурмфюрер ба эрүүгийн байцаагч. 30 жилийн турш нууцаар Зөвлөлтийн талд ажилласан нууц агент[1].
Вилли Леман нь Зөвлөлтийн үеийн "Хаврын 17 учрал" цувралын гол дүр Штирлицийн нэг эх дүр гэж үздэг.
Вилли Леман (ажиллагааны нууц нэр Брейтенбах) 1884 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Германы Эзэнт гүрний Саксонийн Хаант улсын Лейпцигийн ойролцоо төрсөн. Гестапогийн офицер, Германы цэрэг-аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн сөрөг тагнуулын хэлтсийн дарга, эрүүгийн төлөөлөгч. 1929 оноос хойш Зөвлөлтийн тагнуулын нууц төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрээр бараг 13 жил хамтран ажиллахдаа хамгийн үнэ цэнтэй агентуудын нэг болжээ. Гестапогийн үед Вилли Леман 3 дугаар Рейхийн батлан хамгаалах үйлдвэр, цэргийн бүтээн байгуулалтыг удирдаж байв. Түүний Москвад дамжуулсан мэдээлэлд Германы Зөвлөлт Холбоот Улсад довтлох яг он сар өдөр, цаг хугацаа, нацистуудын геополитикийн төлөвлөгөө, хамгийн сүүлийн үеийн зэвсгийн техникийн хөгжил, шумбагч онгоц, хуягт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Германы пуужингийн хөтөлбөр, гестапогийн кодуудын түлхүүр, Германы тагнуулын агентуудын мэдээллийн албаны намтар зэрэг багтжээ. Мөн Германы хаалттай химийн лабораторийн резинэн болон шинэ үеийн химийн дайны бодисууд, түүнчлэн бусад маш нууц мэдээллүүдийг дамжуулж чадсан. Вилли Леман нь “Люфтваффе Оберлейтенант” Харро Шульце-Бойсен ("Түрүүч хошууч") болон Рейхийн Эдийн засгийн яамны ахлах зөвлөх Арвид Харнак ("Корсик" гэх) нарын хамт нацист Герман дахь Зөвлөлтийн хамгийн ахмад 3 төлөөлөгчийн нэг байв. Тэд баригдаж 1942 оны 12 дугаар сард Берлинд цаазлагдсан юм. Оросын Холбооны Улсын Гадаад тагнуулын албаны архивт Леман-Брайтенбахтай холбоотой 28 боть баримт бий. 2009 онд тэдний багахан хэсэг нь нууцын зэрэглэлээс гарсан. 2010 онд түүний тухай тусгай албаны зохиолч, түүхч Теодор Гладковын "Эрхэмсэг төлөөлөгч" ном хэвлэгджээ. Түүний "Хаврын 17 учрал" киноны "Штандартенфюрер Штирлиц"-ийн бодит дүр хэмээх нь цөөнгүй байдаг. Борис Эскиний хэлснээр Вилли Леманы үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь зохиолч Юлиан Семёновын хувьд Зөвлөлтийн тагнуулын ажилтны уран зохиолын дүр төрхийг бий болгоход хамгийн үнэ цэнтэй зүйл болсон. Вилли Леман Штирлицээс ялгаатай нь Зөвлөлтийн тагнуулын ажилтан биш, харин Москватай социализмыг дэмждэг учир идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Вилли Леман Саксонид сургуулийн багшийн гэр бүлд төрсөн, цэвэр цусны герман (ари) хүн. Тэр мужааны мэргэжлээр суралцан, 17 настайдаа тэнгисийн цэргийн флотод сайн дураар 12 жил ажилласан. 1904 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр болсон Чемулпогийн тулалдаанд Оросын "Варяг" хөлөг онгоц болон Японы хөлөг онгоцны тулааныг Германы хөлөг онгоц дээрээс ажиглажээ. Энэ үед тэр Оросын тэнгисийн цэргүүдийг өрөвдөж, туслахаар шийдсэн нь хожим Зөвлөлттэй хамтран ажиллах сэдэл болсон гэдэг.
1911 онд тэрээр цэргээс халагдаж Берлинд ирсэн бөгөөд удалгүй тэр үед цагдаагийн томоохон албан тушаалтнууд ажиллаж байсан эртний найз Эрнст Курртай уулзав. Түүний ивээл дор Вилли Леман зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст (Крипо) ажилд орж, дараа нь улс төрийн цагдаад, (хожим нь Гестапо болсон) 1913 онд тагнуулын эсрэг цагдаагийн хэлтэст ажилд орж, дараа нь хэлтсийн даргаар ажилласан. 1918 оны 5 дугаар сард Берлинд Зөвлөлт Холбоот Улсын Бүрэн Эрхт Төлөөлөгчийн газар нээгдсэний дараа энэхүү газрын ажилчдыг Вилли Леманы Сөрөг тагнуулын хэлтэс хянаж эхлэв. 1918 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрийн эргэлт гарсны дараа тэр Берлиний цагдаагийн ажилтнуудын ерөнхий газрын дарга болжээ.
1920 онд Веймарын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид улс төрийн нууц цагдааг дахин байгуулж, Вилли Леман, Эрнст Кур нар буцаж ирэв. Тэр цаашид албан тушаал ахихын тулд дахин гэрчилгээ авах ёстой байсан ч чихрийн шижин өвчний улмаас шалгалтаа хойшлуулжээ. Удалгүй тэрээр гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад хяналт тавих тусгай чиг үүрэгтэй газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь Берлиний Цагдаагийн Тэргүүлэгчдийн Сөрөг тагнуулын хэлтсийг үр дүнтэй удирдаж байсан гэсэн үг юм. 1927 онд туршлагатай тагнуулын офицер ахлагчийн албан тушаалд томилогдсоноор Вилли Леман цаашид албан тушаал ахих боломж эрс багассан аж. Гадаадын элчин сайдын яамны ажилтнуудын талаарх бүх мэдээллийг багтаасан тус газарт ажиллаж эхлэв. Залуу болон шинэ ажилчдын нэрлэж заншсанаар "Авга ах Вилли" мөн хэлтсийн захидал харилцааг хариуцдаг байсан нь түүнийг маш сайн мэдээлэлтэй албан тушаалтан болгох боломжийг олгосон.
Вилли Леман алба хааж байх хугацаандаа тус улсын одоогийн эрх баригчдын бодлогод сэтгэл дундуур байлаа. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсын Гадаад тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар шийджээ. 1929 оны 3 дугаар сард төлөвлөсөн ёсоор Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдын яаманд мөнгө завшсан хэргээр ажлаасаа халагдсан, цагдаа асан Вилли Леман, түүний дотнын найз, тухайн үед ажилгүй байсан ч мэдлэгтэй хүн мэт сэтгэгдэл төрүүлсэн Эрнст Кур нар иржээ. Түүнтэй ярилцсаны дараа Зөвлөлтийн тагнуулын газрын ажилтнууд тэднийг элсүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. А-70 (Эрнст Кур) агентийг Зөвлөлтийн тагнуулынхныг сонирхож буй хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулахад ашиглахаар төлөвлөж байсан бөгөөд түүнд өгсөн мэдээллийн чанараас хамааран сар бүр урамшуулал авах ёстой байв. Гэвч ч Эрнст Куртад Зөвлөлт Холбоот Улсын даалгаврыг биелүүлэхийн тулд амар байгаагүй тул Вилли Леманд ханджээ. Үүнээс гадна Эрнст Кур Зөвлөлтийн тагнуулын албанаас авсан мөнгөө маш ухаалаг, овжиноор зарцуулж, Берлиний ресторанд шуугиан дэгдээсэн үдэшлэгт зохиов. Энэ нь Берлиний цагдаа нарын анхаарлыг татаж эхэлсэн байна. Зөвлөлтийн тагнуулын албаны анхны төлөөлөгч Вилли Лемантай уулзсан нь консулын газрын ажилтан Павел Корнейл байв. Кафед болсон анхны уулзалтын үеэр Вилли Леман өөрийн чадвар, дэлхийн улс төрийн үйл явдлыг сонирхдог тухайгаа ярьж, цалин, урамшуулал авах саналаа тайлбарлав. Улс төрийн цагдаагийн талаар мэдлэгтэй нь эргэлзээгүй байсан учир түүнд түүний хүсэлтээр Берлиний цагдаагийн дунд албан тушаалтны сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг санал болгов.
Зөвлөлт Холбоот Улсын тагнуулын албатай хамтран ажиллаж эхлэх үед Вилли Леман 45 настай, ер бусын төрхтэй, эхнэр Маргареттайгаа Берлин хотын төвд жижигхэн 2 өрөө байранд амьдардаг байсан бөгөөд хүүхэдгүй байв. Тэр орос хэл мэддэггүй байсан. Берлиний нууц цагдаагийн байгууллагад алба хааж байхад нь түүнийг онцгой авьяасгүй, гэхдээ хичээнгүй, мэргэшсэн, нямбай, ухамсартай, хахууль авдаг, хуучинсаг, харин эд баялгийг үнэлдэг, мөнгөний үнэ цэнийг мэддэг хатуу хүн гэж тодорхойлсон байдаг. Энэ үед тэр чихрийн шижин өвчнөө эмчлүүлж байсан бөгөөд энэ талаар Зөвлөлтийн тагнуулынханд мэдэгджээ. Тэд түүнд санхүүгийн болон тэр үед Германд ашиглагдаж байсан хүнсний картаар тусалсан байна.
Өөр хувилбараар Вилли Леман Зөвлөлт Холбоот Улстай хамтран ажиллахыг зөвшөөрч, фашизмыг эсэргүүцдэг байсан, нөгөө хувилбараар бол мөнгөний төлөө хамтран ажилласан гэдэг. Ажилд авсны дараа түүнд “А-201” гэсэн нэр өгөв.
Тэр 1930 оноос хойш Берлиний нууц цагдаад Зөвлөлт Холбоот Улсын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын боловсон хүчнийг боловсронгуй болгох, тус улсад Зөвлөлтийн эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх ажил багтжээ. Түүний Зөвлөлтийн тагнуулын ажилтнуудад дамжуулсан мэдээлэлд Германы сөрөг тагнуулын төлөвлөгөөны талаар дурдсан нь Зөвлөлтийн агентуудыг бүтэлгүйтлээс зайлсхийх боломжийг олгосон. Мөн тэр энэ хугацаанд Зөвлөлтийн тагнуулын байгууллагуудад Герман дахь улс төрийн далд тэмцэл, улс орны нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, А.Гитлер тэргүүтэй нацистууд засгийн эрхэнд гарсан тухай мэдээллийг өгч байжээ. Зөвлөлтүүд илүү их мэдээлэл олохын тулд 1931 оны эхээр хууль бусаар ажиллаж байсан туршлагатай тагнуулч Карл Силлиг элсүүлжээ. Учир нь Эрнст Кур найдваргүй, ялангуяа түүний архи их уудаг нь саад болж байв.
А.Гитлерийн нам засгийн эрхэнд гарсны дараа 1933 оны 3 дугаар сард болсон Рейхстагийн сонгуулийн үр дүнд Вилли Леманн Герман Герингийн зөвлөсний дагуу Гестапод ажилд орсон. Энэ нь түүнд олон боломжийг олгосон аж. 1934 оны 5 дугаар сард Москвагаас ирсэн зөвшөөрлөөр тэр Германы Зэвсэгт хүчний эгнээнд элссэн.
1933 оны зун Вилли Лемантай холбоотой ажиллаж байсан агентуудын хууль бус оршин суух газрыг Зөвлөлтийн элчин сайдын яамны ажилтан, хууль бус тагнуулын ажилтан Эрих Таке удирдаж байв. 1933 оны 12 дугаар сард түүнийг Америкийн Нэгдсэн Улс, Францад туршлагатай тагнуулын ажилтан Василий Зарубины удирдсан харилцаа холбооны албанд шилжүүлжээ. Василий Зарубин түүнд “Брайтенбах” хэмээх шинэ нууц нэрийг өгсөн юм. 1935 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А.Гитлер иргэн бүр бүх нийтээр цэргийн алба хааж, Вермахтыг байгуулах тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү Герман улс Версалийн гэрээнээс гарч, зөрчиж эхэлсэн гэдэг. Нацист үзэл суртлын дагуу дотоод зөрчилдөөнөөс ангижирсан Германы ард түмэнд цэцэглэн хөгжихийн тулд шинэ газар нутаг хэрэгтэй байсан тул Германд цэргийн хүчирхэг байгуулалт нь бусад улсыг эзлэн түрэмгийлэлтээс эхэлсэн байдаг. Ийм нөхцөлд Зөвлөлтийн тагнуулын алба Вилли Леманаас аман мэдээлэл төдийгүй бичиг баримт, ялангуяа гестапогийн өдөр тутмын тайланг шаардаж эхлэв.
- ↑ "Журнал "Родина": В НАЧАЛЕ СЛАВНЫХ ДЕЛ". Эх хувилбараас архивласан: 2013-04-28. Татаж авсан: 2013-04-23.
{{cite web}}: Unknown parameter|deadlink=ignored (|url-status=suggested) (help)