Жеймс Жойс
Жеймс Августин Алоисиус Жойс (Англи: James Augustine Aloysius Joyce, Ирланд: Séamus Seoighe, 1882 оны 2 сарын 2 – 1941 оны 1 сарын 13) бол Ирландын зохиолч, авангардизмын төлөөлөгч юм.
Дублин хотын их сургуулийг төгсөөд багшаар ажиллажээ. Их Британий колоний дарлалын эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцлийн явцад нь итгэл алдрахдаа Жойс 1904 онд Европ тивийг зорьжээ.
Анагаах ухаан, хөгжмийг сонирхон судалж байв. 1907 онд Цөөхүүл хөгжим гэсэн уянгын шүлгийн түүвэр гаргасан нь 19-р зууны Элизабет хатны үеийн яруу найргийн уламжлал хийгээд символизмын нөлөө тодорхой хэмжээгээр туссан ажээ. Хүний өөдрөг хүсэл тэмүүллийг мөхөөж буй нийгмийн тухай өгүүлсэн Дублинийхэн (1914) өгүүллэгийн түүвэртээ Дублин хотын оршин суугчдын уйтгарт амьдралыг зураглан үзүүлж, Ирландыг засаглан захирагч англичууд, тэднийг аялдан дагалдагч ирландчуудыг шүүмжлэн буруушаажээ. Гэхдээ л энэ бүтээлд үндэсний эрх ашгийг төлөөх тэмцлээс зайлсхийх хандлага ажиглагддаг.
Зураачийн залуугийн хөрөг романдаа Жойс ёс суртахууны дарамт, дарангуйллыг эсэргүүцэн, шашин суртлыг үгүйсгэж, гэр бүл, бэртэгчин ахуй орчноос залхаж гүйцсэн зураач Стивен Дедалусын оюуны өсөлт хөгжилтийг дүрслэн харуулсан байна. Дедалус хэдийгээр эх оронч сэтгэлгээтэй боловч ард түмнээ чөлөөлөх тэмцлээс татгалзаж, уран бүтээлийнхээ хүрээнээс халилгүй байсаар эх орноо харуусалтайгаар орхиж буй тухай өгүүлжээ.
1922 онд Жойс Гомерийн Одиссей дууллын үйл явдлаас сэдэвлэн жирийн гурван хүний нэг өдрийн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн Улисс хэмээх роман бичсэн бөгөөд уг бүтээлдээ хүний санаа сэтгэл, дотоод ертөнцийг өөрчлөлт хувирал дунд дүрсэлсэн нь ухамсрын урсгал (stream-of-consciousness) гэдэг чиглэлийн анхны бүтээл болсон юм. Жойс өдөр тутмын ердийн аж байдал, хэрэг явдлыг ер бусын сонирхолтой бичиж чаддаг зохиолч байжээ.