Ингэн эгшиг
Ингэн эгшиг нь 1987 онд бүтээсэн Монголын баримтат кино юм.
Монголын ард түмэн эрт дээр үеэс таван хошуу малаа адуулан маллаж ирэхдээ өнчирч зовсон эх, үрийг элэгсүүлэн ээшиншүүлж, эгээ л хүн мэт хөхүүл эх үр болгон элгийг нь дэвтээж ирсэн гайхамшигт авъяастай ард түмэн билээ. Хонь хургаа голоход, эсвэл өнчин хурга авахуулахад тойглож, унагыг гурайлж, ингийг хөөслөж, үр төлий нь авахуулдаг бөгөөд ингэ хөөслөхөд ингэ уяран, уйлан хайлан ботгоо авдаг. Морин хуурын гайхамшигт аялгуу, монгол хүний цэцэн билэгт яруу найргийн эрчим хүчээр адгуус амьтныг хүртэл уяраан хайлуулдаг тухай өгүүлсэн "Ингэн эгшиг" гэдэг баримтат киноны зохиолыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн агсан яруу найрагч, эрдэмтэн Жамцын Бадраа бичиж, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Дэмидийн Хишигт найруулж, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров редакторлож 1987 онд бүтээсэн юм.
Ингэн эгшиг кино Москвад 60 гаруй орны уран бүтээл оролцсон ардын урлагийн их наадамд тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Энэ кино дэлхийд ганцхан Монголд л байдаг Монголын говийн тэмээ маллагч, тэмээчин айлын амьдрал, аж байдлыг давхар харуулсан кино болсон билээ.