Jump to content

Их Юань улсын нэвтэрхий хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Их Юань улсын нэвтэрхий хууль (монгол бичиг: ᠶᠡᠭᠡ ᠶᠤᠸᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤᠨ
ᠨᠡᠪᠲᠡᠷᠭᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ
[1];хятад: 大元通制, пиньинь: Dà yuán tōng zhì; англи: Comprehensive Regulations of the Great Yuan[2]) нь Монголын Юань улс даяар мөрдөж байсан томоохон хууль зүйлийн бичгүүдийн нэгд зайлшгүй ордог. Энэхүү хуулийг Гэгээн Шадбал хааны үед 1322-1323 онд Байжу тэргүүтэй түшмэд 88 дэвтэр 2539 зүйлтэйгээр эмхэтгэсэн. Энэ нь өмнөх үеийн Их Засаг хууль, 1262 оны "Ярьж эмхэтгэсэн хууль цаазын бичиг", 1263 оны Өртөөний шинэ хууль, 1264 оны "Шинэ эмхэтгэсэн хуулийн бичиг", 1291 оны Жиюаний шинэ хууль, 1305 оны Да Дөгийн хуулийн эмхэтгэл, Буянт хааны үед зохиосон Фэнсян хонган (风宪宏纲, Хэв хуулийн их товчоо[3]) зэрэг томоохон хуулийн уламжлал бөгөөд тэдгээрийн боловсронгуй хэлбэр, мөн дараа үеийн олон хуулийн үндэс суурь болж өгсөн нь түүхийн чухал баримт бичиг юм.

Анх Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад өөрийн газар нутагт шинээр нэгэн хууль гаргасан нь Их Яса буюу Их Засаг хууль байсан. Их Засаг хууль нь Өгэдэй, Мөнх хаадын үед улам дэлгэрэнгүй болж, хойч үеийн цаазуудын гол тулгуур болж байсан. Хубилай хаан өмнө зүгт сууж эхэлснээр хуучин хууль суурин иргэнийг хуульчилан захирахад тохиромжгүй болж ирсэн. Тиймээс хуучин Тан, Сүн улсын хууль цаазыг монголын хууль цааз болон монгол төрийн үзэл баримтлалтай уялдуулж байсны дотроос хамгийн том нь, Жиюаний шинэ хууль болно. Үүнээс улбаалан 1305 онд Да Дө Лю Лин (Да Дөгийн хуулийн эмтхэтгэл) гэх цаазыг баталж гаргасан. Эдгээр нь олон хүнтэй хятад орныг хууль цаазын дагуу захирах байсныг тухайн үеийн монгол ноёд түшмэд ухамсарлаж байсны илрэл гэж үзэлтэй.

Буянт хааны үеэс эхлээд шинээр хууль зохиох ажил 1316 оноос эхлээд[2], Гэгээн хааны үед 1322-1323 онд Юань улсын хууль цаазын бичиг (元典章), Их Юань улсын нэвтэрхий хууль гэх хууль цаазтай холбоотой 2 бүтээл зэрэг шахуу эмхэтгэж батласан. Их Юань улсын нэвтэрхий хуулийг хэрэгжүүлэх, цаашид боловсронгуй болгох талаар тухайн үед Гэгээн хаан, түүнийг тойрон хүрээлсэн Байжу чинсан нарын ноёдууд их анхаарч, хатуу хэрэгжүүлж байсан. Гэгээн хаан ба түүний талын ноёд 1323 онд хороогдсон ч, Тогоонтөмөр хааны үед зохиогдсон Жижэн Тяогө гэх хуульд тусгалаа олсон байдаг.

Энэ хуулийн олон дэвтэрүүд одоо мэдэгдэж байгаа нь хятадын Мин улсын эхээр дахин барласан хуулбар эх Бээжин хотод хадгалагдсаар 1930 онд "Тунжи тяогэ" гэх нэрээр фото зургаар хэвлэгдсэн.[2]

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. 王, 石庄 (2016). 《元史》名词术语汉蒙对照词典》 (Хятад and монгол бичиг хэлээр). Vol. 1. 内蒙古人民出版社. х. 79.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. 1 2 3 CAMBRIDGE, UNIVERSITY (2023). Biran, Michal; Kim, Hodong (eds.). THE CAMBRIDGE HISTORY OF THE MONGOL EMPIRE (Англи хэлээр). Cambridge University Press. х. 941.
  3. Монгол Улсын Шинжлэх Ухааны академи, Түүх, угсаатны зүйн хүрээлэн (2024). Юань улсын хууль цаазын бичиг (I-X). Улаанбаатар: Удам соёл ххк. х. 7.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)