Кофе

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кофе

Боргол[1] буюу Кофе (англ. Coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

Кофены ургамал ба төрлүүд[засварлах]

Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм. Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадаг ба 11 сарын дараа цэцэглэдэг байна.

Нийт хураан авч буй кофены 60-70 % нь Арабика,30-40 % нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв. Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.

Кофег боловсруулах явц[засварлах]

Үр боловсруулах[засварлах]

Хураан авсан кофены үрээс кофены буурцаг гаргаж авахыг үр боловсруулалт гэнэ. Хуурай болон угаах гэсэн 2 төрлийн арга байна. Боловсруулсан кофены үрийг "түүхий буурцаг" гэх ба хөгцөрч муудахаас хамгаалж чийгний хэмжээг 10-12% болтол хатаагаад экспортод гаргадаг аж.

  • Хуурай буюу хатаах арга. Хураасан үрээ тараан дэлгээд, наранд ээж хатаасны дараа гадуурх хальс яснаас нь салгаж цэвэрлэнэ. Бразилд ихэвчлэн энэ аргыг хэрэглэдэг.
  • Угаах арга. Үрийг гадуурх хальс, яснаас салгасны дараа устай саванд хийж 1-2 хонуулан исгээд буурцаг гаргаж авах арга юм. Колумб зэрэг Бразилаас бусад орнууд голчлон хэрэглэдэг.

Хуурах[засварлах]

Түүхий буурцгийг хуурснаар та бидний уудаг кофены амт, үнэр төрдөг байна. Ихэнх тохиолдолд хэрэглэгч оронд томоохон үйлдвэрлэгч нар хуурах явцыг хариуцаж хийх ба эсвэл жижиглэнгийн дэлгүүр, кафе зэрэг газрууд өөрсдөө хуурна. Онцын технологи шаардлагагүй бөгөөд гэртээ хайруулын тавганд хуурсан ч болохоор тул ойрын жилүүдэд түүхий буурцгийг жижиглэн зарах нь нилээд ажиглагдах болсон.

Кофе ба эрүүл мэнд[засварлах]

Өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой зүйл энэ ундаанд бий. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

Эшлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Кофе